Saturday, November 23, 2024

COVID- 19 БА НИЙГЭМ: Эрдэмтдийн санаанууд

Date:

Коронавирусийн тархалт, хөл хорионы дэглэмийн үед бидний өдөр тутмын амьдралын хэмнэлд маш их өөрчлөлт орж байна. Иймд ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Философийн салбараас философийн багш, судлаачдын ажиглалт, санаа бодлыг уншигч Танд хүргэж байна.

МОНГОЛЫН ФИЛОСОФИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ, ДОКТОР Д.ГАНТӨМӨР: Энэ тахал цахимжсан хүмүүнд байгалийн хуулийн сануулга болж байна

Коронавирусийн цар тахал нь анагаах ухаан, эдийн засгийн салбарт хүчтэй сорилт болохын зэрэгцээ бидний аж төрөх ёс, оршихуй, амьдралын үнэ цэн, итгэл үнэмшлийн талаар тодруулга, шинэ санаа, оновчтой зөвлөмж нэхсэн цаг үе болж байна. Тиймээс CNN, Irish Times, New-York Times зэрэг хэвлэл, “Philosophy Talk”, “New Philosophers” гэх мэт сайтад философич эрдэмтэд цар тахлын үеийн сэтгэлзүй ба нийгэм, соёлын өөрчлөлт, хандлагын талаар санаа бодлоо илэрхийлсэн нийтлэл, ярилцлагууд өгсөн байна.

Лийдс, Дублин, Нью-Йорк, Оксфорд, Хумбольдт, Лейбниц зэрэг их сургуулийн философич эрдэмтдээс Elsevier, Springer–ийн сэтгүүлд цар тахалтай холбоотой эпидемологийн философи, эпистемологи, ёс зүйн асуудлаар хэдэн жилийн өмнөөс өгүүллүүд хэвлүүлсэн. Судлаачид эртний грекийн сэтгэгч Сократ, стоицизм, дарвинизм, гуманизмийн сургаалуудыг эшлэж, экзистенциализм дахь үхэл, айдас, зовнил, жам ёсны эрх, сонголт зэрэг ойлголтуудтай холбон тайлбарласан нь цөөнгүй. Мөн био ёс зүйн нарийн төвөгтэй асуудлууд, тэдгээрийн үндэслэл, үр нөлөөг тайлбарлаж байна. Сошиал медиа, хэвлэлүүдээс харахад, манай иргэд цар тахалтай холбоотой мэдээ, мэдээллийг уламжлалт сэтгэлгээний буюу нүүдэлчдийн байгальтай хандах ёс заншил, хорио цээр, буддизмын шүтэн барилдахуйн зарчим, хамаг амьтан хийгээд юмсын “би” ашид үгүй, мөнх бус, үйлийн үр, гэгээрлийн тухай сургаал, уламжлалт анагаах ухааны тайлбаруудтай холбон санаа бодлоо илэрхийлж байна.

Хүн төрөлхтөн түүхэндээ тарваган тахал, азийн ханиад, холер, ДОХ зэрэг вирусийн халдваруудтай нүүр тулан туршлагажиж, ийм цаг үед хүний оршихуй, ирээдүй талаар илүү эргэцүүлж, ирээдүйгээ хэрхэн аюулгүй зохион байгуулах вэ гэдгийг төсөөлөн өөрчилж ирсэн. Саяхан Шведийн Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үндэсний зөвлөл COVID-19 цар тахлаас сэргийлэх үйл ажиллагааны явцад хамгаалах хэрэгслийн нөөцийн хэмжээг тогтоох болон эмнэлгийн яаралтай үйлчилгээний удирдамжийг шинэчлэн боловсруулахдаа философичдын зөвлөгөөнд тулгуурласан байна. Төсөлд анагаахын ёс зүй судалдаг философичид хамтран оролцож, Шведийн эрүүл мэнд хамгааллын ёс зүйн хөтөлбөр дээр суурилж, одоогийн нөхцөлд хэрэглэх үндэсний удирдамж боловсруулсан байх жишээтэй.

Эдүгээ бид цахимжсан иргэншлийг бүтээж, дижитал технологийн эрхшээлд орсон нь гэрээсээ гарах эрхээ ч хязгаарлахаас аргагүй болсон үед маш тод харагдаж байна. Хиймэл оюун ухааны хөгжил хүний оршихуйд маш хурдтай нөлөөлж байгаагийн илрэл юм. Энэ тахал цахимжсан хүмүүнд байгалийн хуулийн сануулга болж байна уу. Магадгүй удаан хугацаагаар хорио цээр үргэлжилбэл цахим орчноос зугатах, уйдах үзэгдэл ч нэмэгдэж болно. Нөгөө талаар хүмүүс бидний хэт их хэрэглээнээс үүдсэн гажуудлын дохио. Гэхдээ айдас, сэтгэл санааны тайван бус байдалд орсон хүний эрхийг хангах, эдийн засгийн асуудалд төр засгийн зөв зохицуулалт, чиглүүлэг чухал болох нь харагдаж байна.

Нэмж хэлэхэд даяаршлын үеийн хөгжлийн хөтөлбөрүүд хүмүүний дотоод сэтгэл санааны айдас, зовлон, шаналлыг “гадаад”, “гуравдагч” байдлаар харж байсны үр дагавар юм. Цаашид хувь хүмүүс болон улс орнуудын хооронд харилцан хүндэтгэл, ёс суртахуунт чанар нэн чухал гэдгийг ухааруулж байна даа. Хөл хорионд ороод хувь хүний эрх чөлөө, хүсэл хязгаарлагдахын хэрээр нийгмийн эв нэгдэл, хамтач үзэл, бусдын эрхийг хүндэтгэх хэм хэмжээг чухалчлах хандлага нийтлэг боллоо.

МУИС-ИЙН ФИЛОСОФИ, ШАШИН СУДЛАЛЫН ТЭНХИМИЙН БАГШ, ДОКТОР Д.ОЮУНГЭРЭЛ: Дорнын соёлын хүмүүнлэг мөн чанар улам бүр тодорч байна

Шинэ төрлийн COVID-19 халдварт өвчин дэгдэж, хүмүүсийн өдөр тутмын амьдралын хэмнэлд төдийгүй үзэл бодол, хандлагад ч өөрчлөлт орж байгаа нь ажиглагдаж байна. Монголчуудын хувьд үнэт зүйлийн мэдрэмж улам сэргэж байна. Өмнө сошиал орчинд “Танай монголоос зайллаа, дүрвэлээ” гэж бичдэг олон залуус “Манай Монгол” гэж бичдэг болж. Гадаадад буй монголчууд эх орноо үгүйлэн санаж, эх орондоо буй нь ч нэгдсэн зохион байгуулалт орж, бүгд л юуг хайрлахаа сайтар ойлгож байна.

Эмнэлэгт хэвтэж буй өвчтөнөөс халдвар илэрсэн байж болзошгүй мэдээлэл маргааш нь шинжилгээгээр үгүйсгэгдэхийг сонсоод халдвар хамгааллын дэглэмээ сайн барьж буй нийт хүмүүс болоод цар тахлын үед ажиллаж буй төрийн албаныхан, эмнэлэг, онцгой, цагдаагийн алба хаагчдын хөдөлмөрийг хүндэтгэж буйгаа илэрхийлэн замын хөдөлгөөнд машинууд гэрлээ асааж оролцож буйг харахад бид цөөхүүлээ гэдгээ улам бүр мэдэрч байв. Гэхдээ ёс суртахууны хувьд хүлээн зөвшөөрөмгүй сөрөг зүйлс ч ажиглагдсан. Өөрсдөө эх орондоо тухтай байгаадаа сэтгэл ханасан зарим нь бусдыгаа гаднаас авахаа зогсоохыг шаардах эгоист хандлага, гаднаас ирээд хөл хорионы хугацаа дууссан хүмүүс гэртээ үргэлжлүүлэн өөртөө хяналт тавих байтал утсаа салгаад зугатах үүрэг хариуцлагаа төдий л ухамсарлаагүй нөхөд ч бидний дунд байна.

Монголчууд маш хурдан зохион байгуулалтад ордог юм байна. Бидний үлгэр дуурайллаа болгодог америк, европын голдуу орнууд гэхэд санаанд оромгүй энгийн зүйл дээр маргалдаж, бас азиудыг ялгаврлан гадуурхаж буй зарим жишээг харахад дорнын соёлын хүмүүнлэг мөн чанар улам бүр тодорч байна уу гэмээр харагдана. Америкийн ерөнхийлөгч ДЭМБ-ыг буруутган цар тахлын тухай зөв, шуурхай мэдээлэл өгч, өвчнөөс урьдчилан сэргийлэхэд туслах үүргээ гүйцэтгээгүй хэмээн мэдэгдэл хийж, хагас тэрбум долларын санхүүжилтээ царцаах зарлиг гаргасан нь хөгжил буурай орнуудын хувьд тийм ч таатай бус шийдвэр юм. Гэхдээ энэ бүхнээс сургамж авч бусдын гар хардаггүй өөрсдийгөө тов хийтэл аваад явчихдаг тийм улс болж хөгжих хэрэгтэйг дээрх жишээ сануулж байна. “Адгийн дээрэм бол төрөө тонох” гэдэг Гегелийн үг байдаг. Тиймээс удирдагч нь удирдагч шиг, ард иргэд нь мөн үүрэг хариуцлагаа ухамсарлаж, монгол хүний жинхэнэ мөн чанараа харуулж, бие биенээ хүндэтгэж, дор бүрнээ хичээх үлдсэн байна.

ХААИС-ИЙН ЭДИЙН ЗАСАГ, БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН БАГШ, ДОКТОР Г.УЯНГА: Дарвинист үзэл санааны үүднээс энэ бол “шалгарал” юм

Хорио цээрийн үеийн төр засгийн шийдвэрийг хэрэгжүүлэх шаардлагыг ёс зүйн утилитари онолоор тайлбарлах боломжтой. Засгийн газар нийт иргэдийн аюулгүй байдлын төлөө тодорхой хязгаарлалтуудыг хийж байгаа нь аль болох олон хүний аз жаргалыг хамгаалсан шийдвэр болно. Харин энэ шийдвэрийн нөлөөгөөр цөөн тооны өвчилсөн байж болзошгүй хүмүүсийн зорчих, оролцох, хөдөлмөрлөх эрх нь хязгаарлагдаж байна. Энэ бол олонхийн эрх ашиг, сайн сайхан байдал нь цөөнхийн эрх ашиг, сайн сайхан байдлаас илүү үнэ цэнтэй гэсэн үг. Утилитари онолоор шийдвэр гаргахын тулд “зардал, үр ашгийн тооцоо” хийж үздэг. Хорио цээрийг тогтоогүйгээс үүдэн гарах хохирол, зардал нь хорио цээрийг тогтоосон үеийн зардалтай харьцуулахад ямар байх вэ? гэдгээр баримжаална. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж, анхааруулгаас харахад хохирлыг хамгийн бага байлгах арга нь урьдчилан сэргийлэлт, түүнтэй холбоотой хязгаарлалтууд юм. Тиймээс хүн төрөлхтөн “бага хохирол” амсахын тулд “хөл хорионы дэглэм” тогтоох, үүнийг иргэн бүр олонхийн сайн сайхны төлөө хүлээн зөвшөөрч хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн үг юм.

• Оюутнууд маань хорио цээрээс өмнөх үед семинарын хичээл дээр хиймэл оюун ухааны талаар ярилцахад “Робот багштай бол сайхан аа. Робот багш хэзээ ч ядрахгүй, уурлахгүй, өнгө үзэмжээр ялгахгүй. Сургууль дээрээ хэзээд ирсэн байж л байдаг. Нэг л удаа төлбөр төлж худалдаж авдаг тул сургуулийн төсвийг ч хэмнэнэ. Энэ нь сургалтын төлбөрт ачаалал үүсгэхгүй” гэх мэтээр хариулдаг байв. Харин 2 сарын хугацаанд онлайнаар сургалт явагдсаны дараа “Робот багштай байх нь тийм ч таатай биш юм байна. Слайд, видео зэрэг олон хэлбэрээр хичээлээ судалж байгаа ч багштайгаа бодитоор харилцсанаас үр дүн муу байна. Тухайн үед ойлгоогүй зүйлээ лавлаж асуух боломжгүй байгаа нь сургалтын идэвхийг сааруулж байгаа юм. Ганцаараа дагнан суралцах нь харилцааны болон хэл ярианы чадвараа нэмэгдүүлэхэд хангалттай дэмжлэг болохгүй юм байна” гэхчлэн хариулж байна. Өөрөөр хэлбэл, мэдээллийг ухаалаг төхөөрөмжүүдээр дамжуулан оюутанд хүргэж буй хэдий ч “хүмүүс хоорондын амьд харилцаа” байхгүй тул энэ нь хангалттай мэдлэгийг авах боловсрол байж чадахгүй нь харагдаж байна. Прагматик философид “хүний сурахуй бол хамтын шинжтэй, туршлагаа бодитоор солилцох үйл явц” гэж үздэг. Хүн ганцаараа бие даан сурах гэхээс илүү бусадтай харилцах замаар сурах нь нийгэмшилд хувь нэмэртэй гэж буй юм. Энэ утгаар онлайн сургалтын үед “хамтын сурахуй”, “бодит туршлага”, “амьд харилцаа” үгүйлэгдэж байна.

• Дарвинист үзэл санааны үүднээс энэ бол “шалгарал” юм. Бие махбодийн хувьд дархлаа сайтай нь халдвар авахгүй байж, улмаар амьд үлдэх боломжтой бол оюун санааны хувьд өөрийгөө дайчлах чадвартай нь хичээл сургалтын хэлбэр өөрчлөгдсөн ч зохих мэдлэгээ эзэмшиж байна. Хэрэв энэ байдал удааширвал их сургуулиудын хувьд онлайн хичээлд амжилттай шилжиж чадсан нь үлдэж, чадаагүй нь хаалгаа хаана.

• Гар утасны хэрэглээ шинэ шатанд гарч байна. Бусадтай ярих, жиргээ, facebook-ээр мэдээлэл авахад голчлон ашиглагддаг байсан бол одоо шалгалтаа өгөх, хичээлээ үзэх, даалгавараа илгээх, онлайн хэлэлцүүлэг хийх гол хэрэглэгдэхүүн боллоо. Бид хүүхдээ утаснаасаа хэт хамаарч байна гэж зэмлэх боломжгүй болж байна. Ухаалаг үзүүлэлт сайтай гар утастай оюутанд давуу тал, харин үзүүлэлт нь муу бол бэрхшээл үүсч байна.

Бэлтгэсэн: ШУА, Философийн салбар

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...