Улаанбаатар хот дэлхийн 40 гаруй хоттой хамтын ажиллагаатай байдаг. Эдгээр хотууд коронавирусээс хэрхэн урьдчилан сэргийлж байгаа болон тархалтыг багасгах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар нийслэлийн Засаг дарга өнөөдөр ээлжит мэдээллийнхээ эхэнд дурдлаа. Тухайлбал, Москва хотын иргэд гэрээсээ гарахдаа mos.ru сайтад бүртгүүлж, тусгай үнэмлэх авч байгаа юм байна. Ингэхдээ зөвхөн дэлгүүр орох, эмнэлэг, эмийн сан явахад нэг хүнд 7 хоногт 2 удаагийн зөвшөөрөл олгож байгаа аж. Хотын гудамж, эмийн сан, хүнсний дэлгүүрт хүн хоорондын зайг 1.5 метр байхаар зохион байгуулж, тэмдэг тэмдэглэгээ хийж ажиллаж байгаа гэнэ.
Харин Нью-Йорк хотын тухайд бүх иргэн амны хаалт зүүхийг үүрэг болгосон шийдвэрийг гаргасан бол Япон улс онц байдлаа тавдугаар сарын 6 хүртэл зарлажээ. Дэлхийн хотууд коронавирусийн тархалтын эсрэг хөл хорионы хатуу чанга дэглэмийн арга хэмжээг авч хэрэгжүүлж буй бол Улаанбаатар хотын зүгээс хатуу хөл хорио тогтоохоос илүүтэй тухайн иргэн өөрсдийн болон өрөөлийн эрүүл мэндийг хамгаалж, эрсдэлээс сэргийлэхийн тулд анхаарч ажиллаж байгаа юм.
Энэ сарын сүүлчээр Улаанбаатар хотод гамшгаас хамгаалах сургалтыг ОБЕГ, нийслэлийн Онцгой байдлын газар болон холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, мэргэжлийн байгууллагууд бэлэн байдлаа хангахаар төлөвлөж байгаа аж.