Улсын онцгой комисс ээлжит хуралдаанаа зохион байгууллаа. Энэ удаагийн хурлаар тавдугаар сард болох цэрэг татлагын асуудлыг хэлэлцжээ. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаарх мэдээллийг багцлан хүргэе.
Батлан хамгаалахын сайд Н.Энхболд:
-Юуны өмнө хилийн боомттой, тусгаарлах үйл ажиллагаа явуулж буй Сэлэнгэ, Дорноговь, Баян-Өлгий, Улаанбаатар хотод цэрэг татлага огт зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэлээ. Харин хилийн цэргийн анги нэгтгэл дээр шаардлагатай байгаа хугацаат цэргийг нөхөж татах ажлыг зохион байгуулахаар боллоо.
“Оюутан цэрэг” арга хэмжээг энэ жил мөн зохион байгуулахгүй. Харин шаардлагатай цэргүүдийг бүртгэхдээ УОК-оос гаргасан шаардлагын дагуу ариутгал, халдваргүйжүүлэлтийг сайтар хангаж, өндөр хамгаалалтын дор зохион байгуулна.
Засгийн газрын ХМХХ-ийн дарга Ц.Ганзориг:
-Хувийн их, дээд сургууль, цэцэрлэгийн төлбөрийг ирэх жилийн хичээлийн төлбөрт шилжүүлэх талаар яригдаж байна. Учир нь бүтэн жилээр нь төлбөрөө төлсөн хүүхдүүдийн эцэг, эхчүүдээс гомдол ихээр гарч байна.
Гэхдээ уг шийдвэр нь хөл хорио тогтоосноос хойш ямар нэгэн үйл ажиллагаа огт явуулаагүй, цахим хичээл заагаагүй хувийн сургууль, цэцэрлэгт хамааралтай. Шийдвэр нь бүрэн албажаагүй байна. Харин 9-р сарын нэгэн хүртэл хичээл, сургууль зогсоох эсэхийг өнөөдөр Онцгой комиссын хурал дээр хэлэлцээгүй. Учир нь бэлтгэл ажил хийж байгаа учир хараахан шийдвэр гараагүй байна. Мөн 0-12 настай хүүхэдтэй ээжүүд үргэлжлүүлэн гэрээсээ ажиллах боломжийг хангасан журам гаргаж байна. Ингэснээр тэгэхээр ААН, байгууллагууд дээрх журмыг мөрдөж ажиллах шаардлагатай.