Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч асан Б.Галаарид өнөөдөр Авлигатай тэмцэх газарт хандлаа. Тэрбээр АН-ын даргын ахлах зөвлөх З.Энхболдыг төрийн өндөр албан тушаал, улс төрд нөлөө бүхий байдлаа ашиглан өөрийн хамаарал бүхий этгээдүүдэд хууль бусаар давуу байдал олгосон байж болзошгүй гэх асуудлыг шалгуулах өргөдөл, хүсэлт өгсөн байна.
Б.Галаарид өмнө нь “Цалиг” гэх кабелийн сувагтай холбоотойгоор эрх сунгуулах асуудлаар Харилцаа холбооны зохицуулах хороонд хандаж, З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтохтой уулзан, хамтран ажилласны эцэст, телевизээ шилжүүлсэн тухай мэдээлж байсан. Улмаар хамтран эзэмшиж байсан телевизийн нэр өөрчлөгдөн, З.Энхболдын “Интер” гэх компанийн эзэмшил болсон тухай баримтууд байгаа талаараа мэдээлэл хийж байсан билээ.