Сэтгүүлч Д.Жавхлан
“Токио-2020” зуны олимпын наадам дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас бүтэн нэг жилээр хойшлоод байна. Ирэх жилийн долоодугаар болох зуны олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцох баг тамирчдыг дэмжих зорилгоор “Токио олимп” санг байгуулсан билээ. Тус сан эрхэм зорилгынхоо хүрээнд Ерөнхий сайдын нэрэмжит цомыг орон даяар аялуулж, хандивын аян өрнүүлэхээр болсон юм. Уг аяны үйл ажиллагаа өнгөрсөн өдрүүдэд Өмнөговь аймагт болов. Энэ хүрээнд БТСГ-ын дарга Ц.Шаравжамц, Өмнөговь аймгийн БТСГ-ын өдөр тутмын үйл ажиллагаа, шинээр баригдсан спортын барилга байгууламжуудтай танилцаж, ажлын айлчлал хийсэн юм. Энэ үеэр тэрбээр “Токио олимп” сангийн менежер Б.Өнөбаатарын хамт Ерөнхий сайдын нэрэмжит цомыг Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Х.Батболд, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын газрын дарга Ү.Энхцацрал, БТСГ-ын дарга Б.Батсайхан нарт хүлээлгэн өгсөн юм.
Спортоор улсдаа тэргүүлэх амбийцтай өмнийн говийнхон
Өмнөговьчуудын олон жил хүлээсэн спортын шинэ ордон ашиглалтад ороод удаагүй ажээ. Шинэ ордонд сагсан бөмбөг, волейбол, чөлөөт бөх, бокс, жүдо гээд Монголдоо түгээмэл бүхий л спортын тэмцээн уралдаан, бэлтгэл сургуулилт явуулах боломжтой юм байна. Хэмжээний хувьд аймгууддаа л байхгүй гэмээр том юм. Заал, танхимаас гадна 25 метр талбай бүхий усан сан байгуулсан нь говь нутаг олны хөлийн газар болсныг илтгэнэ. Өмнийн говиос улсынхаа нэрийг дархалсан шилдэг усчид төрж гарах цаг холгүй юм байна даа гэж бодогдлоо.
Спортын ордон нь материаллаг бааз, тоноглолын хувьд иж бүрэн тоноглогджээ. Монголд ховор сагсан бөмбөгийн самбар хүртэл байх жишээний. Өмнөговьчуудын амбийц зөвхөн дотоодын тэмцээн уралдаанаар хязгаарлагдахгүй. Тэд аймагтаа олон улсын тэмцээнүүд ч зохион байгуулах боломжтой гэдгийг хэлж байв. Номгон суманд л гэхэд зарим аймагт ч байхгүй спортын ордон барьчихаж.
Хүүхэд залуучууд спортоор байнга хичээллэдэг, спортын ордон, заал танхимуудад хөл хөдөлгөөн тасардаггүй гэнэ. Харин шинэ төрлийн коронавирусийн дэгдэлтээс болж аймаг даяар хөл хорио тогтоосон учир одоохондоо эл хуль болжээ.
Ер нь өмнөговьчууд бусад аймагтай харьцуулахад илүү спортлог гэдэг нь аймгийн угтах хаалгаар орж ирэхээс эхлээд л анзаарагдаж байв. Аймгийн төвөөс угтах хаалга хүртэл багагүй зайтай. Аймгийн төвийнхөн нь энэ зайд гүйдэг уламжлал тогтоод удаж байгаа гэнэ. Мөн даланзадгадчууд унадаг дугуй их унадаг болж. Цаг уурын таатай, дулаан нөхцөлтэй учир эндхийнхэн хэдийнэ унадаг дугуйгаа унаад эхэлчихэж. Энд тэнд дасгал хөдөлгөөн хийж байгаа хүмүүс ч олон харагдана.
Олимпын мөрөөдлөө эх орны өмнөд цэгт даатгалаа
Аймгийн удирдлагуудтай уулзах үеэр БТСГ-ын дарга Ц.Шаравжамц “Ерөнхий сайдын нэрэмжит цомыг эх орныхоо захын дөрвөн цэгт аваачиж хүсэл юугаа даатгах нууцхан бодолтой”-гоо үгийн далимд дуулгасан нь юу юугүй ажил хэрэг болоод явчихав. Монгол хүн амны бэлгээр гэдэг. Засаг даргын орлогч Х.Батболд бидний хэрэг зоригийг сонсоод “Очих газар хол, зам мэдэхгүй хүмүүс төөрөх аюултай” хэмээн анхааруулж, сүүлдээ өөрөө замчлан хэрэг зоригийг нь бүтээж өгөхөөр болсон юм.
Говь нутагт нар эрт манддаг. Маргааш өдрийнх нь ургахын улаан нарнаар Х.Батболд дарга биднийг буусан буудлаас авч, Монгол орны хамгийн өмнөд захын цэг Орвог гашууны бор толгойн зүг довтолгосон юм. Аймгийн төвөөс зорьсон газар нэлээд зайтай. Шороон замаар төдий түргэлгүй явсаар морин цагт хилийн застав дээр ирэв. Заставын дарга А.Гэрэлмөнхөд учир явдлаа хэлж, зөвшөөрөл авсны дараа бид цомоо аван Орвог гашууны бор толгой дээр гарч зорилгоо биелүүлсэн юм. Хилийн торгон зааг дээр очих зөвшөөрлийг басчиг олон хүнд өгдөггүй учиртай аж.
Монгол орны хамгийн өмнөд цэг дээр Ц.Шаравжамц дарга ардынхаа уламжлалт ёсоор сэржим өргөөд сүлдэт баганаас адис авч Монголын баг тамирчдыг олимпоос олон медаль авч, аварга төрөх зам мөрийг тэгшитгэхийг залбиран даатгасан юм. Эх орны өмнөд цэгийн харуул болсон бор толгойгоос бууж машин дээрээ ирэхэд төрийн дуулал эгшиглэж таарсан. Энэ үед БТСГ-ын дарга Ц.Шаравжамц, заставын дарга А.Гэрэлмөнх нар гараа зүрхэн тушаа авч, номхон зогсон хүндэтгэл үзүүлсэн нь содон байв. Дайны цагт цэргүүд эх орноо хамгаалдаг бол энхийн цагт тамирчид эх орныхоо нэрийг мандуулдаг гэдэг үгийг энэ үйл явдал санагдуулсан юм. Үүний дараа Ц.Шаравжамц заставын дарга А.Гэрэлмөнхөд “Олимпод төрийн дууллаа эгшиглүүлсэн тамирчидтайгаа хамт Орвог гашууны бор толгойд дахин ирнэ” гэсэн билээ.
Толгойд очих замдаа аймгийн түүх соёлын нэгэн дурсгал болох эртний хадны бичээс болон 200 жилийн өмнө суулгасан тооройн төглийг үзэж сонирхов. А.Гэрэлмөнх дарга сум орныхоо үүх түүхийг маш сайн мэдэх ба зам зуурт бидэнд тэр бүхнээ бахархан ярьж явлаа. Ийнхүү “Токио олимп” сангийн нэрэмжит олимпын баг, тамирчдаа дэмжих аян эх орны торгон өмнөд цэг Орвог гашууны бор толгойгоос гараагаа авч Алтай Таван Богд хийгээд аралт тэргэнд хотойсон Монгол шарын даваа, Соёлз уулын модот хамар гэсэн баруун, хойд, зүүн захын цэгүүдээр дайран нарлаг Монгол орноо тойрох гэж байна.