Японы Ерөнхий сайд Абэ Шинзо, Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бах нар Токиогийн Олимпын наадмыг ирэх оны зун зохион байгуулахаар тохиролцжээ. “Коронавирусийн цар тахал дэгдсэнтэй холбогдуулан Олимпын наадмыг нэг жилээр хойшлуулах миний саналыг ОУОХ-ны тэргүүн бүрэн дүүрэн дэмжсэн” гэж Абэ Шинзо өчигдөр Т.Бахтай утсаар ярьсныхаа дараа сэтгүүлчдэд мэдээлжээ. Мөн талууд Олимп болон Паралимпын наадмыг цуцлахгүй гэдэгт санал нэгдсэн гэж тэрбээр мэдэгдсэн байна. Орчин үеийн Олимпын наадмыг 1896 оноос зохион байгуулж эхэлснээс хойш хойшлуулж байсан удаагүй хэдий ч 1916, 1940, 1944 онд дайны улмаас цуцалж байсан юм.
Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бах хэвлэлийнхэнд хандаж хэлэхдээ “Коронавирусийн тархалтын сүүлийн үеийн мэдээ сэтгэл түгшээж байна. Африк, Өмнөд Америк болон дэлхийн бусад орнуудын байдал санаа зовоож байна. ДЭМБ өнгөрсөн даваа гарагт “Их 20″-ын удирдагчдад хандан цар тахлын тархалтад анхаарлаа хандуулахыг хүссэн. Эдгээр нөхцөл байдлын улмаар Токиогийн олимпыг 2021 онд зохион байгуулахаар болж хойшлууллаа. Энэ харанхуй хонгилын үзүүрт олимпын наадам гэрэл тусгах болно” гэжээ.