Японы мэргэжлийн сүмогийн гуравдугаар сарын башё үзэгчгүй үргэлжилж байна. Өчигдөр их аварга Хакүхо М.Даваажаргал сэкивакэ Шодайд унаснаар 10 даваа, хоёр унаатай болж тэмцээнийг тэргүүлэгчдийн эгнээнээс хасагджээ. Арван хоёр өдрийн дараах байдлаар маэгаширагийн зүүн жигүүрийн 13 дахь бөх Аойяма 11 даваа, нэг унаатайгаар дээд зиндааг тэргүүлж эхэлсэн байна. Түүний араас их аварга Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд, сэкивэкэ Асанояма нар нэхэж байгаа юм.
Дээд зиндаанд барилдаж буй монгол бөхчүүдээс Тамаваши Б.Мөнх-Оргил өчигдөр унаснаар гурван даваа, есөн унаатай болж ирэх долоодугаар сарын башёд зиндаа буурах нь тодорхой болжээ. Харин Кирибаяма Б.Лхагвасүрэн өчигдөр учраагаа давснаар зургаан даваа, зургаан унаатай болоод байна. Азүмарү С.Тодбилэг өчигдөр унаснаар таван даваа, долоон унаатай болж 50 хувийн амжилтаа үзүүлэхийн тулд дахин унах эргүй боллоо.
Жюүрёо зиндаанд барилдаж буй монгол сүмочдоос Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өчигдөр давснаар найман даваа, дөрвөн унаатай болж 50-иас дээш хувийн амжилтаа үзүүлсэн бол, Ичиножо А.Ичинноров, Хоошорюу С.Бямбасүрэн нар долоон даваа, таван унаатай болж 50-иас дээш хувийн амжилтаа үзүүлэх босгон дээр ирээд байгаа ажээ.