Олон улсын олимпын хорооны гүйцэтгэх зөвлөлийн хурлаар Токио хотод болох зуны олимпын товыг хэвээр үлдээжээ. Энэ тухай албан ёсны мэдэгдэлд, “Олон улсын олимпын хороо “Токио-2020″ олимпын наадмыг хугацаанд нь зохион байгуулахаар хичээнгүйлэн ажиллаж байна. Наадам эхлэхээс дөрвөн сарын өмнө цуцлах эсвэл хойшлуулах шийдвэр гаргах нь зохион байгуулагч оронд алдагдалтай. Бид олимпод оролцох тамирчдыг бэлтгэлээ үргэлжлүүлэхийг уриалж байна. Мөн тамирчид болон үндэсний олимпын хороодод зөвлөгөө өгөхөөс гадна хамгийн сүүлийн үеийн мэдээллийг цаг алдалгүй түгээнэ” гэсэн байна.
Түүнчлэн олимпын квотын 57 хувийг бүрдүүлсэн бөгөөд үлдсэнийг нь олон улсын холбоодтой зөвлөлдсөний дараа гаргахаар болжээ. Өөрөөр хэлбэл, олимпод оролцох болзол хангасан тамирчдын эрхийг хэвээр үлдээх юм. Харин цуцлагдаагүй байгаа олимпын эрх олгох тэмцээнүүдийг зохион байгуулах гэнэ. Хурлын үеэр Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бах “Токиогийн олимпын наадамд оролцох тамирчин, дасгалжуулагчдын эрүүл мэндийг сахин хамгаалахын тулд Японы Засгийн газар, Олон улсын олимпын хороотой хамтран ажиллах болно. Олимпын наадам бол хүн төрөлхтөний эв нэгдлийн бэлгэ тэмдэг учраас тасалдуулах ёсгүй. Тиймээс товлосон хугацаандаа буюу 2020 оны долоодугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-нд зохион байгуулна” гэжээ.