АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп өнгөрсөн даваа гарагт “Бид хятад вирусийн нөлөөнд нэрвэгдсэн агаарын тээвэр болон бусад салбараа дэмжинэ. Өмнөхөөсөө илүү хүчтэй байх болно” хэмээн жиргэсэн нь дуулиан тариад байна. АНУ-ын төрийн тэргүүний “хятад вирус” гэсэн үгэнд өмнөд хөршийнхөн ихэд эмзэглэжээ. Тиймээс Д.Трампын энэ үгийг няцааж шүүмжилсэн өгүүлэл, нийтлэлүүд БНХАУ-ын хэвлэлүүдэд цөөнгүй гарчээ. Тухайлбал, “South China morning post” буюу www.scmp.com сайтад “Дональд Трамп 2020 онд дэлхийн эдийн засгийн уналтад орсон гэж Хятадыг буруутгах уу?” гэсэн гарчигтай нийтлэл гарчээ.
Уг нийтлэлд “Шинжээчдийн үзэж буйгаар БНХАУ вирусыг эрт үед нь оношилж хүрээг нь хумьж чадсан. Харин АНУ-ын хариу арга хэмжээ аваагүй байгаа нь “тоглоом”-ыг буруу тийш эргүүлж мэдэх юм” гэсэн ёж санааг илэрхийлжээ. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп твиттер хуудсандаа коронавирус нь дэлхийн хэмжээнд эдийн засгийн хохирол учруулж байгаа бөгөөд энэ вирусийн тахал Хятадаас үүдэлтэй тул тус улс энэ хариуцлагыг хүлээх ёстой гэсэн санал гаргасныг хятадууд эрс шүүмжилжээ.
Өнөөг болтол коронавирусийн үүсэл гарлын талаар БНХАУ болон АНУ санал зөрөлдөөнтэй, харилцан адилгүй байр суурьтай байгаа. АНУ-ын хувьд коронавирусийн дэгдэлтэд Хятадыг буруутгасаар ирсэн бол БНХАУ-ын тал уг шинэ вирус анх Хятадад гараагүй, АНУ уг вирусийг тус улсад импортолсон гэдэг хуйвалдааны онолыг дэмжиж мэдэгдэл гаргасан юм.
https://twitter.com/realDonaldTrump/status/1239685852093169664