Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулдаг Францын хөрөнгө оруулалттай ураны “Бадрах Энержи” компанид ажилладаг франц иргэний лабораторийн шинжилгээний хариу эерэг гарсан. Уг иргэнтэй нэгдүгээр хавьталд орсон 500 орчим хүнийг тогтоож байгаа ажээ. Франц иргэнийг Улаанбаатарт ирэхэд 14 хоног өөрийгөө тусгаарлах зөвлөмжийг мэргэжлийн байгууллагууд өгсөн боловч биелүүлээгүй байна. Тэрбээр “Баянгол” зочид буудалд байрласан бөгөөд байрлаж байх хугацаандаа компанийнхаа төв оффис болон зарим ресторан зэрэг олон газраар явжээ. Мөн түүнтэй нэгдүгээр хавьталд орсон Монгол Улсын хоёр иргэн анхааруулсаар байтал Дорноговь аймгаас Улаанбаатар хот руу иржээ. Тиймээс эдгээр хоёр иргэнд хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэж Улсын онцгой комиссоос мэдэгдлээ.
ЦЕГ-ын Хэв журмын газрын дарга Ж.Амгалан: Франц улсын иргэн коронавирусийн сэжигтэй гэж мэдээ авагдсан цагаас эхлэн Эрүүл мэнд, мэргэжлийн хяналт, цагдаа, онцгой байдал, тагнуулын байгууллага хамт онгоцонд ирсэн хүмүүс, явсан марштрут, очсон газрыг тогтоосон. Хамт буюу нэгдүгээр хавьталттай 500 орчим хүний нэр, хаягийг тодорхой болгож, хяналтад байлгаж байна. Франц улсын иргэнтэй нэгдүгээр хавьталын Идэрболд, Дэжидмаа нарт анхааруулсаар байтал мэргэжлийн, хууль хүчний байгууллагын шаардлагыг биелүүлээгүй явсан. Тиймээс хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Энэ бол бусаддаа вирус тараах хамгийн эрсдэлтэй үйлдэл. Олон нийтийн аюулгүй байдлыг хангахын тулд хувь хүн бүр анхаарах шаардлагатай.