“Интермед” эмнэлэг байт харвааны шигшээ багийнханд үнэ төлбөргүй шинжилгээ, оношилгоо хийх, тусламж үзүүлэх талаар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Монголын байт харвааны ерөнхийлөгч П.Цагаан, “Интермед” эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн захирал А.Саранбаатар нар өнөөдөр гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд тус эмнэлэг байт харвааны шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчид, пара байтын нийт 15 тамирчинд үнэ төлбөргүй шинжилгээ, оношилгоо хийж, зөвлөгөө өгч, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх юм байна. Уг арга хэмжээний үеэр П.Цагаан хэлэхдээ “Манай байтын шигшээ багийнхан “Токио-2020” олимпын бэлтгэлээ өдөр шөнөгүй хийж байгаа энэ чухал үед тамирчид, дасгалжуулагчдад үнэ төлбөргүй шинжилгээ, оношлогоо хийж, эрүүл мэндийн тусламж үзүүлэхээр болсонд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа хэлмээр байна. Тамирчид нь эрүүл саруул, эмнэлэг нь чадвартай, хамтарч ажиллаж чаддаг байх юм бол Монгол Улс хөгжинө гэдэгт итгэдэг” гэв.
Мөн “Интермед” эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн захирал А.Саранбаатар “Байт харвааны хоёр тамирчин олимпын эрхээ авсанд баяр хүргэе. Тамирчид бол бидний бахархал. “Токио 2020” олимп ирэх долдугаар сард болно. Үүний өмнө олимпын эрх авсан болон эрхийн төлөө өрсөлдөхөөр бэлтгэл сургуулилалтаа хийж байгаа тамирчид, дасгалжуулагчдад шинжилгээ оношлогоо хийж, эрүүл мэндийн зөвлөгөө өгч, тусламж үзүүлэхээр бид санамж бичиг байгууллаа. Хамтран ажиллах болсондоо таатай байна” хэмээв. Байт харвааны тамирчин ОУХМ Б.Отгонболд, Н.Мөнхбаатар нар “Токио 2020” олимпт оролцох эрхээ аваад байгаа билээ.
Дашрамд сонирхуулахад, “Интермэд” эмнэлгийнхэн нас хүйс харгалзахгүй хичээллэх боломжтой, тэсвэр хатуужлийн спорт байт харваагаар хичээллэж эхлэх төдийгүй сонирхогчдын клубтэй болох тухайгаа дуулгалаа. Дээрх арга хэмжээг зохион байгуулсан, МБХХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэболд аяганы хариу өдөртөө гэдэгчлэн тус эмнэлгийхэнд байт харвааны спортоор хичээллэхийг уриалж, үнэ төлбөргүй зааж сургаж, улмаар тэмцээн уралдаан зохион байгуулж өгөхөө амлалаа.