Монгол Улсын шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, ШУА-ийн академич, шинжлэх ухааны доктор (Sc.D), МУИС-ийн профессор, зурхайч, урианхай Лхасрангийн Тэрбишийн зурснаар XVII жарны “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн төлөв байдал, жилийн үр, хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө зүг, мөрөө гаргах ёсон тэргүүтнийг хүргэж байна. Таалан болгооно уу. “Хотол төгс” төмөр хулгана жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэндээ хотол олноороо сайхан шинэлээрэй.
Нэгэн зүйл. XVII жарны “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн үр
Зурхайн гол шүнгүүдэд “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилд алаг цоог хур буусан ч үр тариа чухаг хэмээн тэмдэглэсэн буй. Жилийн эзэн Яруу эгшигт одны үр нь: Жилийн байр байц нийтдээ тэгш сайн боловч морь, илжиг тэргүүтнээ анхаарамжтай хандууштай. Жилийн хаан гараг Адъяагийн үр нь: Үр чухаг, ой цэцэрлэг хийгээд ус мөрөн хатна. Могой тэргүүтэн хороор амьтныг хөнөөнө. Халуун өвчин тэргүүтэн хүмүүний өвчин дэлгэрнэ. Эм хүчгүй болно. Хатуужлыг үйлдэгчид баяжина. Орон гүрний дотор хямрал гарч болзошгүй.
Жилийн эзэн гараг Ангарагийн үр нь: галын хүчин арвижих ба аливаа үйлс дэлгэрнэ. Сэтгэл муутнаас сэргэмжлүүштэй. Газар тариалангийн үйлд онцгой анхаарах шардлагатай. Шараас болсон өвчин дэлгэрэх магадлалтай тул хянамгайлууштай. Өндөр суудалт сайд дарга нар ард иргэдээ, амгалан тайван байлгах арга ухаанд шамдах хэрэгтэй. Жилийн түшмэл гараг Будын үр нь: Ухааны үүд бүгд ертөнцөд дэлгэрнэ. Үр, тариа, цэцэг жимс дэлгэрнэ. Хүмүүн нүгүүд номын явдлыг эдлэнэ. Номхотгол төгөлдрөтнүүд өргл, хүндлэлийг олно. Хаадын хүчин арвижна.
Энэ жилийн хувьд наран Хумх, Хонь, Хамтатгах, Арслан, Хилэнцийн ордонд байрлах үед хур ус цагтаа бууж, эд агуурс элбэгжин, ихэс дээдэс буянаар тэтгэх ба бүх зүйл тэгшрэх сайн, Загас, Үхэр, Мэлхий, Охин, Жинлүүр, Нумны ордонд байрлах үед сайн, ордонд байрлах үед сайн, муугийн магадлал үгүй тул элдэв өвчнөөс болгоомжлууштай. Матарын ордонд байрлах үед салхи шуурга гаран, хямрал болохын нигууртай тул элдэв үйлд сэрэмжтэй байгууштайг анхааруулж буй.
Нэгэн зүйл. “Шороон үхэр”-ийн үр
Тухайн жилийн “Шороон үхэр”-ийг зургийн тиг хэмжээг төгс мэддэг мэргэжлийн зураачаар зуруулж, жаазлан шүтдэг байсан нь нийтийн ёс оо. Уламжлалыг бодож уламжлалыг бодож, энэ жилийн “Шороон үхэр”-ийг өөрийн шавь мэргэжлийн зураач Г.Мөнхтөмөрөөр зуруулдаг билээ. Эрхэм зураачийн цахим хаяг urlaach_munkhtumur@yahoo.com болно.
“Шороон үхэр”-ийн шинжээр: Жилийн эхээр цас ихтэй, жилийн зуны дундуур гандуу, бусад үед хур цагтаа бууж, нийтдээ тариа ногоо сайтай. Хүүхдэд ээлтэй, настанд ширүүвтэр, залууст ширүүн байхын нигууртай болой. Ард олонд амгалантай, малд харшлах шалтгаантай байж болзошгүй.
Нэгэн зүйл. “Цасан чихрийн амт” мэт жилийн үр
Монгол зурхайн ухаанд жилийн хэд, хэдэн үзүүлэлтийг тоон утгаар илэрхийлэн гаргаад, түүнийгээ “Цасан чихрийн амт” мэт жилийн үр гэдэг. Тэр тоон үзүүлэлтийн хамгийн бага нь 5, хамгийн их нь 17 болно. Энэ жилийн хувьд хур 9, үр тариа 13, өвсний үр 13, сэрүүн 7, чийг 17, салхи 13, арвидал 15, хомсдол 15, хямрал 11, хотолд орох хэмээн жилийн нуруу төвшин сайн.
Нэгэн зүйл. Боовны үр буюу шинэ жилийн хошигнол
Энэ жилийн боовны үр нь өмнөх жилтэй адил буюу 11 хүмүүн 10 морьтой, 1 уут будаатай, 3 уут гурилтай, 5 үнээтэй, 3 боовтой. Харин ус уух луу нь 8 тул хур чухагийн шинж.
Нэгэн зүйл. Шинийн нэгний өглөө мөрөө гаргах зан үйл
Монголчуудын зүг чигийн бэлгэдэл бол нэн эртний байгалийн шүтлэгээс улбаатай. Дөрвөн зүг, дөрвөн зовхис буюу “дөрвөн зүг найман зовхис” хэмээн хэлж заншсан зүг чигийг бэлгэдэл болон 12 жил, 28 од лугаа хамтатгасан бондхорол хэмээх зурагт дүрслэл бол бүр бөө мөргөлийн зан үйлээс улбаатай билээ. Бондхорол гэдэг нэрнээсээ л ил тодорхой харагддаг. Бондхорло нь төвд үг бөгөөд “бон” нь бонбо (བོན་པོ།), до (གཏོ།) нь засал хорло (འཁོར་ལོ།) нь хүрд гэсэн үг бөгөөд хамтатгаваас “бонбын заслын хүрд (བོན་གཏོ་འཁོར་ལོ།)” гэсэн үг ээ. Энэхүү найман зүгийг хөлөл гэнэ. Монголчуудын найман суудлын зан үйл нь бонбын шашнаас гаралтай бөгөөд Бурханы шашин монгол оронд дэлгэрэх явцад улам агуулга нь дэлгэр болж шашин соёлын гүн гүнзгий агуулгатай болжээ. Чингээд найман зүг буюу найман суудал нь арга, билиг таван махбодын харилцаагаар зохицуулагддаг болжээ.
Монголчуудын зүг чиг нь баруун, зүүнээрээ ялгатай байдаг. Баруун талын халхууд буюу ойрад монголчууд нар урдаас гарна хэмээх үздэг. Харин төв халхууд наран зүүнээс мандна гэх тул тэдний зүг чигийн баримжаа бүтэн ерэн градусын зөрөөтэй байдаг. Чингэж хоёр янзаар зүг чигийн баримжааг гаргах боловч зүгүүдийн махбод ба арга билгийн харьцаа тэргүүтэнд зөрөх зүйл үгүй. Энэ нь “Зүгийн хөлөл зүг лүгээ тохирно. Завсрын хөлөл шороо болой” гэсэн томъёоллоор таван зүйл махбодад хуваагдддаг. Тэр таван зүйл махбод нь могой, морь буюу гал махбодтой урд (баруун монголын баруун зүг) зүг, бич, тахиа буюу баруун (баруун монголын хойт зүг) зүг нь шороон махбодтой, гахай, хулгана буюу хойт (баруун монголчуудын зүүн) зүг нь усан махбодтай, бар, туулай буюу зүүн (баруун монголын урд зүг ) зүг модон махбодтай бөгөөд зовхист орших хонь, нохой, үхэр, луу жилүүд нь шороон махбодтой болно. Махбодын энэхүү харгалзааг арван хоёр жилийн амин махбод гэж хэлэх нь ч буй.
Монголчуудын байнгын хэрэглэгээ болсон эсгий гэр нь тэр чигээрээ наран цаг мөн бөгөөд зүг чигийн гол бэлгэдэл болдог. Гэрээ нар уруу буюу могой морины амин зүгт хандуулан барьдаг.
Чингээд баруун хатавчинаас нар зөв тойруулан зэргэмжээр морины эдлэл, хэрэглэл, чигээ, лимбэ морин хуур (баруун монголд бол цуур, икл, товшуур) тэргүүтэн хөгжмийн зэмсэг, дээл хувцас хийгээд нум, саадаг, буу зэвсэг, зодог шуудаг, далллагын сав тавьж хойморьт хийморь, сүлдийг дээш татагч бурхан тахил, ном судраа тавьж байруулаад зүүн тийш зэргэмжээр айраг, архи, дарс, заслын зэмсэг, зүү утас зэрэг үйлийн хэрэглэл, идээ будаа, аяга шанага дараалсаар зүүн урд хатавчны тус газар саалийн хувин, сав суулга тэргүүтэн цагаан идээний хэрэгсэл байрладаг. Эдгээр байрлал бол бас л зүг чигийн бэлгэдэл бөгөөд арга, билиг таван махбодын сургаал онолтой шууд холбоотой байдаг билээ.
Цагаан сарын шинийн нэгний өглөө хот айлын ахлаач мөрөө гаргах зан үйлийг хийнэ. Тэр үес хот айлын ахлаачид өрх бүрийн тэргүүлэгч, нуган үрс бараа болох нь буй. Ахлаач бээр нар мандахын өмнө бүрэн хувцас өмсөж, морь хүлгэлэн цог хийморийнхоо зүг рүү чиглэн гараад овоонд очиж, цагаан эсгий дэвсэн идээ будааны зүйлийг залж, нутаг орны газар, усны эзэд болон эзэн сүлдэнд дээжийг өргөөд эзэн сүлдэнд мөргөж, буян хишигийн зүгээсээ гэр үрүүгээ хандан ирнэ. Энэ бэлгэдэл нь тухайн шинэ жилд нүүдэл, суудал, арилжаа наймаа, ашиг хонжлого, ан гөрөө хийх зэрэг элдэв үйлд цог хийморьтой байж, их олз омогтой эргэн ирж байхыг зөгнөсөн утгатай байдаг. Зүг мөрөө гаргангаа хийдэг нэгэн зан үйл нь жилийн цээр гаргах дом засал байдаг.
Монголчууд бүгд эсгий гэртээ малжин амьдарч байсан тэр эрт цагт ихээхэн сонирхолтой дом засал хийж байсан гэдэг.
Галд суусан хүмүүн нэгэн шанага галын цогийг авч гэрээсээ зүүн өмнө зүг есөн ес наян нэгэн алхам газар нүх малтаж булаад урд талаасаа буцаж ирнэ.
Шороонд суусан хүмүүн гэрийн хүрээний шорооноос нэгэн хэсгийг авч баруун зүг чиглэн мөн есөн ес наян нэгэн алхам газар очиж овоолон асгаад, баруун урдаас эргэж ирнэ.
Төмөрт суусан хүмүүс есөн хэсэг төмрийн үртэс өөдөс авч гэрээсээ баруун урд зүгт есөн ес наян нэгэн алхам газар цацаад баруун талаасаа ирнэ. Огторгуйд суусан хүмүүс хөх бөс даавууны өөдөс, цуудсыг модон торгож бариад гэрийн зүүн хойт зүгрүү есөн ес наян нэгэн алхам газарт хатгаад баруун хойноосоо ирнэ.
Усанд суусан хүмүүс нэг аяга ус авч гэрээсээ зүүн тийш есөн ес наян нэгэн алхам газарт цацаад гэрийн хойноос ирнэ. Ууланд суусан хүмүүс гэрээсээ баруун хойт зүгрүү гарч есөн ес наян нэгэн алхам газар хэсэг чулуу овоолж, зүүн хойноос ирнэ.
Модонд суусан хүмүүс таван зүйлийн өнгийн даавууны өөдөс, цуудсыг утсаар хэлхэж гэрийн хойт зүгт есөн ес наян нэгэн алхам газар бут сөөгөнд уяад гэрийнхээ зүүнээс хойноос ирнэ. Хийд суусан хүмүүс шувууны өд тэргүүтэн хөнгөн хийсдэг эдийг авч гэрийнхээ урд зүгт есөн ес наян нэгэн алхам газар очиж хийсгээд зүүн урдаас ирдэг байсан ажээ.
Хожуу бурхны шашин дэлгэрч, нүүдэлчдийн дунд хийд, дацан тэргүүтэн суурин газрууд буй болсон үед энэхүү дом заслыг хийх аг тарнийн арга ч буй болжээ. Бас суудлын махбодоос хамааруулж хийх тэр махбодын засал нь галд суугсад гал гаргадаг, модонд суугсад мод хугалж хөдөлгөдөг, төмөрт суугсад төмрийн үртэс хаядаг, усанд суугсад ус, цасны дээгүүр гардаг, харин шороо, огторгуй, уул, хий хэмээх дөрвөн зовхисын хөлөлд суугсад чулуу, шороо хөдөлгөж, салхинд цаас хийсгэх тэргүүтнээр өөрчлөгджээ.
Огт өөрчлөгдөөгүй зүйлс нь хийморийн зүг рүү гарч, буян хишгийн зүгээс ирдэг тэр уламжлал юм. Бас зүг чиг нь зурхайн махбодын онолоор баяжигдаж, тухайн морилон ирж буй шинэ жилийн амин махбод руу хар нохойн ам хардаг хэмээн сэтгэж, тэр зүгтэй тухайн бодагалын цог хийморийн зүг таарч байвал хар нохойн амнаас цээрлэж эмх хэмээх өөр нэгэн сайн зүг рүүгээ мөрөө гаргадаг ёс журам тогтжээ. Мөр гаргах зан үйл тэргүүтэн эдүгээ бараг бүх нийтийн анхаардаг зүйл болсон тул энд олныг эс нуршив.
Цагаан сарын шинийн нэгэнд мөрөө гаргах ёс (билгийн буюу хий насаар)
Цагаан сарын шинийн нэгэнд мөрөө гаргах ёс (хий насаар)
Гал хөлөлд суусан 1, 9, 17, 25, 33, 41, 49, 57, 65, 73, 81, 89, 97, 105 настай эр, 5, 13, 21, 29, 37, 45, 53, 61, 69, 77, 85, 93, 101, 109 настай эмэгтэй хүн зүүн урд зүгт гарч, урдаас ирнэ. Засал: Галаас гэмтэхгүй хэмээн сэтгэж гал гаргаж (шүдэнз зурах), тарнийг усанд урьж зүүн хойш, баруун зүгт цацна. Тарни: Ум базар дагий ний базар еэ мамаа бизаяа суухаа.
Шороо хөлөлд суусан 2, 10, 18, 26, 34, 42, 50, 58, 66, 74, 82, 90, 98, 106 настай эр, 4, 12, 20, 28, 36, 44, 52, 60, 68, 76, 84, 92, 100, 108 настай эмэгтэй хүн баруун зүгт гарч, нар зөв тойрч баруун урдаас ирнэ. Засал: Шороо, чулуунаас үл гэмтэнэ хэмээн сэтгэж шороо чулуу хөдөлгөж, тарнийг модонд урьж, зүүн, зүүн урд зүг рүү цацна. Тарни: Ум бадма дагиний хум ма маа бизаяа суухаа.
Төмөр хөлөлд суусан 3, 11, 19, 27, 35, 43, 51, 59, 67, 75, 83, 91, 99, 107 настай эрэгтэй, эмэгтэйчүүд баруун урд зүгт гарч, баруунаас ирнэ. Засал: Төмрөөс үл гэмтэнэ хэмээн сэтгэж, төмөрт хүрээд, тарнийг галд урьж, хойт, урд зүг рүү цацна. Тарни: Ум радна дагий ний хум мамаа бизаяа суухаа.
Огторгуй хөлөлд суусан 4, 12, 20, 28, 36, 44, 52, 60, 68, 76, 84, 92, 100, 108 настай эр, 2, 10, 18, 26, 34, 42, 50, 58, 66, 74, 82, 90, 98, 106 настай эмэгтэй зүүн хойш гарч, нар зөв тойрч, баруун хойноосоо ирнэ. Засал: Салхи шуурга, шороо, чулуунаас үл гэмтэнэ хэмээн сэтгэж агаарт цаас хийсгэн, шороо, чулуу хөдөлгөж, тарнийг модонд урьж, зүүн урд, зүүн зүг рүү цацна. Тарни: Ум базар паг мо хум мамаа бизаяа суухаа.
Ус хөлөлд суусан 5, 13, 21, 29, 37, 45, 53, 61, 69, 77, 85, 93, 101, 109 настай эр, 1, 9, 17, 25, 33, 41, 49, 57, 65, 73, 81, 89, 97, 105 настай эмэгтэй зүүн гарч, зөв тойрч хойноос ирнэ. Засал: Усанд осолдохгүй хэмээн сэтгэж цас, гол дээгүүр гараад, тарнийг шороонд урьж, баруун, зүүн хойт зүг рүү цацна. Тарни: Ум гарма дагий ний хум мамаа бизаяа суухаа.
Уул хөлөлд суусан 6, 14, 22, 30, 38, 46, 54, 62, 70, 78, 86, 94, 102, 110 настай эр, 8, 16, 24, 32, 40, 48, 56, 64, 72, 80, 88, 96, 104 настай эмэгтэй баруун хойш гарч, зүүн хойноос ирнэ. Засал: Салхи шуурга, шороо, чулуунаас гэмтэхгүй хэмээн сэтгэж шороо, чулуу хөдөлгөн, салхинд цаас хийсгэж, тарнийг модонд урьж, урд, хойт зүг рүү цацна. Тарни: Ум будда дагий ний хум мамаа бизаяа суухаа.
Мод хөлөлд суусан 7, 15, 23, 31, 39, 47, 55, 63, 71, 79, 87, 95, 113 настай эрэгтэй, эмэгтэйчүүд зүүн урагш гарч, нар зөв тойрч, зүүн зүгээс ирнэ (Энэ жил огторгуйн хар нохойны ам цог хийморийн зүгт харж буй тул эмийн зүгт гарах) Засал: Модноос гэмтэхгүй хэмээн сэтгэж, модонд хүрч, тарнийг төмөрт урьж, баруун урд зүгт, баруун хойт зүг рүү цацна. Тарни: Ум базар дагий ний хум мамаа бизаяа суухаа.
Хий хөлөлд суусан 8, 16, 24, 32, 40, 48, 56, 64, 72, 80, 88, 96, 114 настай эрчүүд, 6, 14, 22, 30, 38, 46, 54, 62, 70, 78, 86, 94, 102 настай эмэгтэй урд зүгт гарч, нар зөв тойрч зүүн урдаас ирнэ. Засал: Салхи шуурга, шороо, чулуунаас гэмтэхгүй хэмээн сэтгэж, салхинд цаас хийсгэн, тарнийг модонд урьж, баруун хойт, баруун урд зүг рүү цацна. Тарни: Ум базар падма мамаа бизаяа суухаа.
Гахай жилийн хөлөл, суудал (төрсөн оноор)
Хөлөл | хүйс | Төрсөн он |
Гал | Эр | 2019 2011 2003 1995 1987 1979 1971 1963 1955 1947 1939 1931 |
Эм | 2015 2007 1999 1991 1983 1975 1967 1959 1951 1943 1935 1927 | |
Шороо | Эр | 2018 2010 2002 1994 1986 1978 1970 1962 1954 1946 1938 1930 |
Эм | 2016 2008 2000 1992 1984 1976 1968 1960 1952 1944 1936 1928 | |
Төмөр | Эр | 2017 2009 2001 1993 1985 1977 1969 1961 1953 1945 1937 1929 |
Эм | ||
Огтор–гуй | Эр | 2016 2008 2000 1992 1984 1976 1968 1960 1952 1944 1936 1928 |
Эм | 2018 2010 2002 1994 1986 1978 1970 1962 1954 1946 1938 1930 | |
Ус | Эр | 2015 2007 1999 1991 1983 1975 1967 1959 1951 1943 1935 1927 |
Эм | 2019 2011 2003 1995 1987 1979 1971 1963 1955 1947 1939 1931 | |
Уул | Эр | 2014 2006 1998 1990 1982 1974 1966 1958 1950 1942 1934 1926 |
Эм | 2012 2004 1996 1988 1980 1972 1964 1956 1948 1940 1932 1924 | |
Мод | Эр | 2013 2005 1997 1989 1981 1973 1965 1957 1949 1941 1933 1925 |
Эм | ||
Хий | Эр | 2012 2004 1996 1988 1980 1972 1964 1956 1948 1940 1932 1924 |
Эм | 2014 2006 1998 1990 1982 1974 1966 1958 1950 1942 1934 1926 |
Тайлбар: Төмөр, Мод суудлын хувьд эр, эм хүмүүний он адил болно.
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин