-Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлд ямар нэгэн доголдол үүсэхгүй, үйлдвэрлэл хэвийн байгаа-
Тавантолгой түлш ХХК-ийн Борлуулалт, маркетингийн хэлтсийн дарга Д.Миняагаас цаг үеийн асуудлаар дараах тодруулгыг авлаа.
-Сүүлийн үед сайжруулсан шахмал түлшний барьцалдуулагч бодисын нөөцгүй болсон гэх мэдээлэл байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Аливаа үйлдвэрлэгч түүхий эдээ тодорхой графикийн дагуу татдаг. Бүтэн жилийнхээ түүхий эдийн нөөцийг татах шаардлагагүй. Энэ нь эдийн засгийн болон агуулах савны хувьд ч боломжгүй шүү дээ. Бидэнд одоогоор сайжруулсан шахмал түлшний барьцалдуулагч бодисын хоёр долоо хоногийн нөөц үйлдвэрлэлийн бүсэд бэлэн байна. Хэдийгээр Монгол Улс шинэ коронавирусийн халдвараас сэргийлж, иргэдийн зорчих хөдөлгөөнийг хязгаарласан ч хилээр ачаа тээвэр, үйлдвэрлэлийн нэн шаардлагатай байгаа чухал түүхий эд, материалыг саадгүй нэвтрүүлж байгаа. Үүний дагуу БНХАУ-аас түүхий эдээ татан авч байгаа. Мөн нөхцөл байдалтай уялдуулан ОХУ-ын Новосибирскээс 400 мянган кг барьцалдуулагч бодис худалдан авч байна. Тиймээс сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлд ямар нэгэн доголдол үүсэхгүй, үйлдвэрлэл хэвийн явагдана.
-Дээрх мэдэгдэлтэй холбоотойгоор сайжруулсан түлшний хомсдол байх шиг байна. Тавантолгой түлш ХХК бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадаж байгаа юу?
-Манай компани 5 үйлдвэрийн 13 шугамаар хоногт 3200-3500 тонн түлш үйлдвэрлэж байна. Өдөрт 500-550 удаагийн түлшний ачилт хийгдэж байна. Сүүлийн өдрүүдэд үүсч буй түлшний хомсдол нь тун удахгүй болох сар шинийн баяр, хичээл сургууль түр хугацаанд хөл хорионд орсон, нийгмийн халамж болон НӨАТ-ын буцаан олголт зэрэг хүчин зүйлүүд нөлөөлж байна. Өмнө нь сайжруулсан шахмал түлшний борлуулалтад зөвхөн цаг агаарын нөхцөл байдал шууд нөлөөлдөг байсан. Иргэдийн дунд сайжруулсан шахмал түлшний барьцалдуулагч бодисын нөөцөөс шалтгаалан хомсдол үүснэ гэх болгоомжлол байна. Энэ бол ташаа мэдээлэл гэдгийг албан ёсоор хэлье. Иргэдийн хувьд өрхийнхөө хэрэгцээндээ тулгуурлаж, түлшээ олноор нөөцлөхгүйгээр худалдан авалт хийгээрээ. Сайжруулсан шахмал түлшийг хавар цагт олноор нөөцлөх хэрэггүй.
–Зарим цэгт иргэдэд ганц, хоёр шуудай түлш өгч байна гэх гомдол байна?
-Зарим цэгийн түлш дууссан үед иргэд өөр дүүрэгт байрлах цэгээс түлш авахаар очдог. Ийм тохиолдолд хаа холоос зориод ирсэн хүмүүсийг битгий хоосон буцаагаарай гэдэг үүднээс хоёр шуудай түлш өгч байгаа. Түүнээс Тавантолгой түлш ХХК-ийн зүгээс борлуулагч нартаа зөвхөн хоёр шуудайгаар худалдан борлуул гэсэн үүрэг даалгавар, чиглэл өгөөгүй. Өрх айл болгон 7 хоногт 6 шуудай түлш худалдан авах эрх нь нээлттэй хэвээрээ байгаа.
-Сар шинийн өдрүүдэд хэрхэн ажиллах вэ?
-Сар шинийн өдрүүдэд онцгой горимд шилжин ажиллах төлөвлөгөө гаргаж, ажлаа зохион байгуулж байна. Сар шинийн баярын өдрүүдэд хэчнээн цэг ямар цагийн хуваариар ажиллах вэ гэдгийг нэгтгэн, нийслэл болон дүүргүүдийн шуурхай штабуудад хүргүүлнэ.