Friday, November 22, 2024

Цэвэрлэгч, анагаагч, тэнцвэржүүлэгч шавьжнууд

Date:

Байгаль дээрх аливаа амьд организмын амьдрал тодорхой цаг хугацаанд л үргэлжилдэг. Иймд жил тутамд байгалийн жам ёсоор төдийгүй өвчлөл, гэнэтийн осол эндэгдлээр маш олон зүйл амьтан, ургамал үхдэг. Үүнтэй холбоотойгоор нэг сонирхолтой жишээ дурдвал, ойн сангийн 2,5 км2 талбайд шавьжийн ангийн дийлэнх төлөөлөл тохиолдох ба түүний бодгалийн тоо хэмжээг тооцоолбол манай гариг дээрх нийт хүн амын тооноос давуу байх талаар тэмдэглэсэн байдаг. Тухайн орчинд шавьжаас гадна бусад зүйл нугаламгүйтэн болон нугаламт амьтад мөн олон зүйл ургамал зэрэгцэн оршино. Энэ бүх зүйлүүд байгалийн жам ёсоор үхэхэд их хэмжээний сэг зэм, хагдарсан ургамал үүсэх нь гарцаагүй юм. Байгаль дээр үүссэн энэ их органик үлдэгдлийг задлах, байгальд буцаан шингээж цэвэр орчинг бүрэлдүүлэхэд олон зүйл амьтан, ялангуяа шавьж, сээр нуруугүйтэн амьтдын асар их хүч хөдөлмөр зарцуулагддаг. Энэ ажлыг тэдэнд хэн ч үүрэг болгоогүй. Тэд өөрсдөө оршин амьдрах, үр төлөө үлдээхийн төлөө л энэхүү үүргүүдийг гүйцэтгэдэг. Иймд бид зэрэгцэн оршиж буй амьтан, ургамлаа хамгаалах, тэдний амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд анхаарах, цаашлан хамгаалан үлдээх хэрэгтэй юм. Дээрх асуудалтай холбогдуулан байгаль дээрх тодорхой зүйл амьтдын сэгийг булшлах үүрэгтэй цохын талаар дэлгэрүүлэн авч үзье.

Сэгч цохын зүйлүүд идэш тэжээлийн төрөл, амьдралын хэв маягийн хувьд харилцан адилгүй юм. Тэдний амьдрал ер бусын гайхамшигтай сонин байдаг. Булшлагч цохын хувьд үр төлөө бойжуулах, асран хамгаалах ажилд эцэг, эх цохууд хоёул адил үүрэгтэй оролцоно. Цохын энэхүү ажил нь үхсэн амьтны сэгийг анх илрүүлсэн үеэс л эхэлнэ. Ер нь тэд байгаль дээрх үхсэн жижиг мэрэгч, жижиг шувууд гэх зэрэг амьтдын сэгийг бусдаас түрүүлж олж бусдын довтолгооноос хамгаална. Энэ зуур үржлийн хосоо олж эвцэлдээнд ордог. Үүний дараа сэгийг бусад амьтдын довтолгооноос сэргийлж шууд л булах ажилдаа орох ба эхлээд сэгээ өнгөцхөн булж арьсыг нүхлэнэ. Тэрээр сэгээс зөөлөн эдийг таслан цуглуулж, зажилан буталж лийр хэлбэрийн бөмбөлөг хийдэг. Уг хийсэн бөмбөлөгөө шүлс болон хэвлийн төгсгөлийн сүвээс ялгарах шүүрлийнхээ тусламжтайгаар бүрж бусад ялзмаг идэгч амьтдаас хамгаална. Ийнхүү тэд үр төлөө бойжуулах орон байрыг нь бэлтгэх бөгөөд түүнийгээ бэлэн болгосны дараа нүх ухаж суурилуулан түүн рүү өндөгөө шахдаг. Өндөгнөөс авгалдай гарах үед эцэг, эх цох (голдуу эмэгчин нь) дуу гаргаж чимээ өгөх ба бөмбөлөгөнд тусгайлан гаргасан хонхорт авгалдай хүрч ирэхэд эцэг, эх цох өөрсдийн гулгидасаар түүнийг хооллон тэжээнэ. Энэ халамжлах ажлыг эр, эм цох хоёул хийх боловч эмэгчин нь голдуу авгалдайг хооллох, харин эрэгчин нь үүрээ хамгаалах ажлыг түлхүү гүйцэтгэнэ. Авгалдайг ийнхүү хооллох ажил авгалдайн хөгжлийн эхний үе шатанд л хийгдэнэ. Авгалдай үргэлжлэн өөрийн үүр буюу “хоолон бөмбөлөг”-ийг идэж эхэлнэ. Түүний энэ хүнс маш тэжээллэг тул богино хугацаанд авгалдай нь хөгжлийн үе шатаа дуусгаж, үүрээ задлан тусгай нүх бэлтгэж хүүхэлдэйлнэ. Авгалдайг хүүхэлдэйлсний дараа эх, эцэг цохууд үүрээ орхиж дараагийн сэг зэмийн эрэлд гарна. Ийнхүү тэд байгаль дээрх сэг зэмийг цэвэрлэх ажлыг хийдэг байна.

Байгаль дээр оршиж буй бүх л организм амьдралынхаа хугацаанд багагүй хэмжээний ялгадас гаргадаг. Тухайлбал, бидний хамгийн сайн мэдэх гэрийн тэжээмэл амьтад аргаль, хоргол, хомоолыг ялгаруулна. Бид хэдийгээр эдгээр баасыг энергийн эх үүсвэр болгон ашигладаг ч тэр бүр 100 хувь ашиглаж чаддаггүй. Гэхдээ өтөгч цох амьдрах орчныхоо бодисын эргэлтэнд чухал үүрэг гүйцэтгэдэг. Учир нь тэдний энэ үйл ажиллагааны үр дүнд байгаль дээрх илүүдэл ялгадас харьцангуй богино хугацаанд цэвэрлэгддэг бөгөөд задралд орсон эрдэс бодис хөрсөнд шингэж хөрсний бүтэц, сийрэгжилтийг сайжруулдаг. Хэрэв эдгээр цох уствал эрдэс бодисын эргэлт удааширч ургамлын өсөлтөнд чухал нөлөөтэй азот зэрэг эрдэс бодис экосистемд хомсдож, дутагдах ба ургамал ургах нөхцөл хумигдана. Түүнчлэн аливаа цэвэрлэгдээгүй ялгадас нь өвчин тээгч олон зүйл ялааны өсч үржих тааламжтай нөхцлийг бүрдүүлэх бөгөөд энэ нь хүн болон тэжээмэл амьтдын амьдрах орчны эрүүл, тааламжтай байдлыг алдагдуулна. Түүнчлэн байгаль дээр махчин амьтдын ялгадас өдөр бүр багагүй хэмжээгээр үйлдвэрлэгдэж байдаг. Үүнийг бид ашигладаггүй. Харин энэ их ялгадасыг боловсруулан задлаж бодисын эргэлтэнд оруулах ажлыг шавьж, сээр нуруугүйтэн амьтад болон түүний хамтран зүтгэгчид хийж гүйцэтгэдэг байна. Эдгээрийн дунд “баасч” цох хэмээн нэрлэгдсэн сонирхолтой зүйл бий.

Ялгадсаар хооллогч цох

Дээрх цох хүн, амьтны ялгадсаар хооллохын зэрэгцээ үр төлөө бойжуулах үүр бэлтгэнэ. Баасны төлөөх өрсөлдөөн тэдний дунд нилээд хүчтэй явагддаг. Энэ зүйл цох хүний ялгадасыг цэвэрлэх ажилд багагүй хүч хөдөлмөрөө зарцуулна. Тэд ялгадасыг мөн л зайнаас мэдэрч нисч ирэх ба эм бодгалиуд том бөмбөлөг хийж, харин эр бодгаль түүнийг нь өнхрүүлж булахаар авч явдаг. Баасч цох ялгадсыг 5 см хүртэлх хэмжээний том бөмбөлөг болтол өнхрүүлэх ба өөрийнхөө жингээс 50 болон түүнээс их жинтэй ялгадсыг хөдөлгөж чаддаг болохыг тэмдэглэсэн байдаг. Зарим тохиолдолд өрсөлдөгч цох бөмбөлгийг булаах явдал байдаг. Эм бодгаль ялгадсаар хийсэн бөмбөлгөө шороо болон өөрөөсөө ялгаруулах шүүрэлтэй хольж газарт булдаг. Эмэгчин цох үржилд орсныхоо дараа бөмбөлгүүдээ жижиг хэсгүүдэд хувааж тус бүрд нь өндгөө шахна. Ийм замаар тэд байгаль дээр хуримтлагдах ялгасдыг цэвэрлэж өгдөг.

Манай гариг дээр жил бүр маш их хэмжээний ургамал хагдарч унах бөгөөд үүнийг бодисын эргэлтэнд оруулах ажилд шавьж ихээхэн үүрэг гүйцэтгэнэ. Энэ ажлыг тэд нилээд олон үе шаттай дамжлага байдлаар гүйцэтгэх бөгөөд тусгайлсан бүлгийн зохион байгуулалттай болсон байдаг. Бидний сайн мэдэх хар цохын овгийн дийлэнх төлөөлөгчид ургамлын үлдэгдлийг задлах үйл ажиллагаанд ихээхэн үүрэгтэй оролцоно. Тэд идэш тэжээлийн хувьд бие гүйцсэн үедээ ургамлын навч, иш, үндэсний үлдэгдэлээр, авгалдайн хөгжлийн үедээ хөгц, мөөгөнцөрөөр хооллодог. Ийнхүү тэд байгаль дээрх хатсан ургамал, өмхөрсөн модыг бодисын эргэлтэнд оруулахад өөрсдийн хүч хөдөлмөрийг зарцуулдаг.

Манай орны хувьд 200 орчим зүйл хар цох тэмдэглэгдсэн байдаг. Бид тэднийг хаана амьдардаг, юу иддэг, үр төлөө хэрхэн бойжуулдаг талаар сайн судлах хэрэгтэй юм. Хар цохын төлөөлөгчид дэлхийн халуун дулаан, зөөлөн уур амьсгалтай бүсэд маш өргөн тархсан зүйлүүдийн тоонд багтдаг. Тэрээр байгаль дээрх өмхөрч, ялзарч буй зүйлийг цэвэрлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэх тул энэ бүлэг цохыг дэлхийн олон орны судлаачид сонирхон судалсан байдаг.

Манай орны заримдаг цөлийн бүсэд тархалттай нангиад жоом гол төлөв хад асга, чулуурхаг газар орогнодог хэдий ч маш өргөн орон зайд тохиолдох боломжтой. Энэ зүйлийн тархалт үндсэндээ Монголын урд хэсэг, Хятадын хойд, баруун хойд хэсгээр, мөн ОХУ-ын Приморын хязгаар нутгийн өмнөд хэсгээр хязгаарлагддаг. Тэд байгаль дээрх задралд орж буй органик бодисын үлдэгдэл дунд амьдрах бөгөөд өдөртөө голдуу модны хожуул, унасан модны доорх нүх сүв, мөчир холтосны завсараар орж орогнон шөнийн цагаар идэвхтэй хооллоно. Энэ зүйл жоом байгаль дээрх ялзарч буй органик үлдэгдэлийг задлахад ихээхэн үүрэг гүйцэтгэдэг.

Манай орны хувьд “нангиад жоом”-ны биологи, экологийн талаар нарийвчилсан судалгаа хийгээгүй, зөвхөн тодорхой цэгүүдэд тохиолдсон мэдээ бий. Харин Хятад улсын хувьд тухайн зүйл шавьжийг уламжлалт анагаах ухаанд эмийн түүхий эд болгон ашиглаж ирсэн түүх байдаг. Иймд тэд уг жоомны хөгжлийн онцлог, биологийн идэвхт бодисын найрлага, үйлчлэл зэргийг нарийвчлан судласны зэрэгцээ тэдгээрийг үржүүлэх арга технологийг боловсруулсан байдаг. Дэлхий дээр жоомын 4000 гаруй зүйл бүртгэгдсэн ба үүний 50 орчим зүйл нь хот суурин газарт орогнодог. Тухайлбал, америк жоом нь гарал үүслийн хувьд Африк тивийнх боловч тээврийн сүлжээгээр дамжин дэлхийн ихэнх газруудад тархсан. Тэд байгаль дээрх органик үлдэгдлээр хооллогч амьтан байсан хэдий ч суурин газарт орогнох болсноор хүнсний үйлдвэр, гал тогоо гэх мэт хоол хүнс хүртээмжтэй газарт үүрлэж ихээхэн хэмжээний хохирол учруулдаг болсон.

Дэлхийн оршин суугчдын нэг төлөөлөгч бол хүн төрөлхтөн, түүнчлэн шавьж, сээр нуруугүйтэн, ер нь нэг эст болон олон эст бүхий л организмууд бүгд энэ дэлхийн оршин суугчид юм. Эдгээр зүйлүүд хоорондоо бүгд нягт уялдаа холбоотой. Бид энэ уялдаа холбоог нарийвчлан судлаж байж байгаль дэлхийгээ танин мэдэх, тэнцвэрт байдалд оруулах, хамгаалах, хадгалах, хөгжүүлэх зэрэг асуудлыг хөндөх боломжтой болно. Бид өнөөгийн байдлаар шавьжийн багийн маш цөөн төлөөлөгчдийнх нь байгальд хийж буй ажил, үйлчилгээг танин мэдсэн.

Манай орны уудам нутаг дэвсгэр дээр 13 мянга орчим зүйл шавьж байгааг судлаачид тэмдэглэсэн байдаг. Эдгээр зүйлүүдийн дийлэнх хэсэг нь нарийвчлан судлагдаагүй ч ангилал зүйн багуудын түвшинд авч үзвэл сонирхолтой баримт нотолгоо цөөнгүй бий. Тухайлбал, бидний сайн мэдэх соно авгалдайн үе болон бие боловсорсон үе шатандаа ч идэш болох амьтнаа барихад зохилдсон өвөрмөц бүтэцтэй. Авгалдайн үеийн амны эрхтэн нь их өвөрмөц урт эрүүтэй, амьтан барихад зохилдсон, дэгээ маягийн хос тэмтрүүлтэй ба түүнийгээ хойш нь нугалж эвхсэн байдаг.

Энэ эрүү нь булчингийн үйл ажиллагаа болон усны даралтыг ашиглан 0.025 секундэд урагш харван гарч ирж чаддаг. Сонын баг дотроо ижил далавчтан (Zygoptera), ижил бус далавчтан (Anisoptera) гэсэн хоёр дэд багт хуваагдах ба авгалдай үедээ усан орчинд амьдарч, тэнд нутагших бусад зүйл амьтдын өндөг авгалдайгаар хооллоно. Тэд зүйлийн элдэв хэлбэрийнхээ хувьд маш олон янз бөгөөд ихэнх төлөөлөгчид нь жижиг гол горхины урсгал удаан хэсгээр мөн тогтмол ус, цөөрөмд элбэг тохиолдоно. Маш цөөн тооны зүйл давстай усанд дасан зохицсон байдаг. Бие гүйцсэн соно өргөслөг хөл болон сайн хөгжилтэй амны эрхтэнийхээ тусламжтайгаар идэш болох шавьжаа нисэж байх үед хялбархан барьж чаддаг. Тэд ялангуяа маш том нийлмэл нүдтэй учир маш гярхай, хурц хараатай байдаг.

Энэ багийн амьтад гол горхины бохирдол, түүнээс үүсэх сөрөг үр дагаварыг үнэлэх, мөн эмийн болон эмчилгээний орчинд хийгдэх судалгааны ажилд чухал байр суурь эзэлдэг. Одоогийн байдлаар дэлхийн хэмжээнд 5500 орчим зүйл соно шинжлэх ухаанд бүртгэгдээд байна. Сонын багийн шинжлэх ухааны нэр болох “Odonata” хэмээх латин нэршил нь грек хэлний “odon” буюу “шүд” гэсэн утгатай үгнээс үүсэлтэй бөгөөд энэ нь түүний амны эрхтэн дээр байрлах хурц шүдүүдийг илэрхийлсэн байдаг. Энэ багийн шавьж нэгэн цагт торон далавчтаны (Neuroptera) багт хамрагдаж байсан ба тухайн үед далавчны судалжилтын төсөөтэй байдлыг гол шинж болгон үзэж байжээ. Хэдийгээр соно нь бүрэн бус хувиралтат шавьж боловч далавчны судалжилтын шинжээр өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой. Тухайн зүйл амьтан нисэж байх үедээ, тухайлбал, идэш болох амьтнаа агаарт барих, үржлийн хос олох (зарим зүйл нисэлтийн явцад эвцэлддэг), түүнчлэн бусад дайсагнагч амьтдаас зугтаах зэрэг зан төрхийн үйлд хурдан, шаламгай, уран хөдөлгөөн хийхэд нь түүний далавчны бүтэц маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ зүйл шавьжийн нисэлтийн хурд цагт дунджаар 25-35 км байх боловч хамгийн дээд хурд 56 км/цаг байх боломжтойг тооцоолсон байдаг. Бие гүйцсэн соно болон авгалдайн үеийн өдөр тутамд шаардагдах хүнс, тэжээлийн зонхилох хэсгийг шумуул эзлэх боловч тэд мөн бусад зүйл хортон шавьжийг ангуучлан хооллодог байна. Өөрөөр хэлбэл, сонын авгалдай усан орчин дахь бусад сээр нуруугүйтэн амьтад, мөн загас зэрэг сээр нуруутан амьтдыг хамарсан идэш тэжээлийн хэлхээнд нилээд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ утгаараа соно нь тухайн экосистем дэх шумуул, сэлэгч бясаа, усны цох гэх зэрэг амьтдын тоо толгойг хязгаарлах ажил, үйлчилгээг хийж байдаг. Нэг жишээ дурьдахад соно устаж үгүй болбол ялаа, шумуулын тоо таамаглахын аргагүй их болох ба үүнээс улбаалан орчны тав тухтай байдал үгүй болохын зэрэгцээ өвчин, эмгэг тархах магадлал нэмэгдэх юм. Иймд энэхүү шавьж байгаль дэлхийд ямар их ажил хийж, үйлчилгээ үзүүлж байгааг бид ойлгох, анхаарах, цаашид хамгаалан авч үлдэх хэрэгтэй юм.

Мэдээг бэлтгэсэн: ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Шувуу, шавьж судлалын лабораторийн эрхлэгч, доктор Ч.Гантигмаа

Эх сурвалж: http://biology.ac.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...