Тулаан
Мэргэжлийн боксын WBC холбооны 57 кг-ийн жингийн аваргын бүсний төлөөх тулаан өчигдөр боллоо. АНУ-ын Пенсильвани мужийн Аллентаун хотын “PPL Center” спортын ордны рингэн дээр IBO холбооны дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин, “King Tug” хочит Н.Төгсцогт, WBC холбооны дэлхийн аварга, “Мистер” хочит Гари Рассель нар анх удаа нүүр тулж, нударга зөрүүлсэн нь энэ юм. Эхний үеүдэд Г.Рассель давамгайлсан боловч Н.Төгсцогт тулааны сүүлийн хэсэгт илүүрхсэн. Тухайлбал, Рассель 1, 2, 3, 4, 7, 8, 11 дугаар үеийг 10 оноотой илүүрхэж, Н.Төгсцогт 5, 6, 9, 10, 12 дугаар үеийг мөн 10 онооны давуугаар өндөрлүүлсэн. Ийнхүү эн тэнцүү өрсөлдсөн тулааны эцэст манай тамирчин 115-113 гэсэн харьцаагаар буюу ердөө хоёрхон онооны зөрүүгээр ялагдал хүлээв.
Карьер
Дэлхийн аваргын бүсийг эзэмшигч Гари Рассель өмнө нь 30 ялж, нэг ялагдсан бөгөөд үүний 18-д нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялж байжээ. Тэрбээр Н.Төгсцогтыг буулгаж авснаар карьерынхаа 31 дэх ялалтыг авчээ. Аллентауны дэвжээн дээр өчигдөр анхны ялагдлаа амссан Н.Төгсцогтын хувьд мэргэжлийн боксын рингэн дээрх 11 тулаандаа нэг ч ялагдал хүлээлгүй есөн удаагийнхад нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялсан амжилттай явсан юм. Тэрбээр Г.Рассельд ялагдсаныхаа дараа тулааны талаарх сэтгэгдлийг нь асуусан сэтгүүлчид “Юмаа гаргаж чадсангүй” гэсэн товчхон хариулт өгчээ. Мөн тэрбээр “Энд ирж намайг дэмжсэн монголчууддаа баярлалаа. Монгол мандтугай” гэсэн юм.
Гараа
Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт эдүгээ 27 настай. Түүнийг мэргэжлийн боксын дэвжээн дээр 2004 онд WBA-ийн аваргын бүсийг эзэмшиж байсан гавьяат тамирчин Д.Лхагваагийн шийрийг хатаах нэгэн гэж монголчууд итгэл хүлээлгэдэг билээ. 17-хон насандаа ДАШТ-ээс мөнгөн медаль, 20 насандаа “Лондон-2012” олимпын наадмын мөнгөн медаль хүртсэн Н.Төгсцогт 2014 онд сонирхогчдын боксыг орхиж, багын хүсэл мөрөөдлөө гүйцэлдүүлэн мэргэжлийн боксын дэвжээнд хөл тавихаар АНУ-ыг зорьсон юм.
Замнал
Тэрбээр “King Tug” нэрээр мэргэжлийн боксын рингэнд гарч, анхны өрсөлдөгч АНУ-ын тулаанч 30 настай Габриэл Брэкстоныг эхний раундад /50 сек/ хүнд цохилтоор ялж, амжилтын гараагаа эхлүүлжээ. Дараагийн тулаанаа АНУ-ын Калифорни мужийн Карсон хотноо Мексикийн боксчин Мануэль Рубалкаватай хийсэн бөгөөд түүнийг нэг минут 24 секундэд буулгаж авсан байна. “King Tug” 2018 оны тавдугаар сард 10 дахь тулаанаараа Колумбын Оскар Эскандоныг буулгаж авсан бол 11 дэх тулаанаа Доминиканы боксчин Клаудио Маррейротой өнгөрсөн 2019 оны нэгдүгээр сарын 26-нд Нью-Йорк хотын Бруклины “Barclays Center”-т хийсэн юм. Тэдний хэн ялсан нь IBO холбооны Дэлхийн аварга болох байв. Мөн ялагч нь WBC холбооны 57,2 кг жингийн аварга АНУ-ын Гари Расселлтай тулалдах болзолтой байсан юм. Н.Төгсцогт К.Маррейротой 12 раунд хүч үзэн илт илүүрхэн ялснаар IBO холбооны Дэлхийн аваргын бүсний эзэн болж шилдгийн шилдэг гэдгээ харуулсан билээ.
Г.Хангарди