Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Т.Мөнхжаргал нар болон “Тавантолгой түлш” компанийн удирдлагууд НЗДТГ-ын Явуулын ажлын байрандаа ажиллаж, сайжруулсан түлшний түгээлт нийлүүлэлтийн явцыг шалгалаа. Тэд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг сайжруулсан түлшний цэгүүдээр явж борлуулагч болон иргэдтэй уулзаж санал хүсэлтийг нь сонсож ярилцсан юм.
Сайжруулсан түлшний борлуулалтын 448 дугаар цэгийн борлуулагч Н.Биндэряа хэлэхдээ” Өнөөдөр манайд есөн тонн шахмал түлш буусан.Өдөр болгон хуваарийн дагуу түлш ирж байгаа учраас манай энэ хавиар иргэдийн гомдол байхгүй. Ганцхан өдөрт зургаан шуудай түлш олгох асуудлыг зохицуулаад өгвөл бусдаар ямар нэгэн асуудалгүй хэвийн ажилладаг” гэв.
Сайжруулсан түлшний борлуулалтын 188 дугаар цэгийн борлуулагч Ч.Туяа хэлэхдээ “Өдөрт тав, арав тонноор түлш ирдэг.Голдуу 25 кг-аар шуудайлсан ирдэг учраас амар байдаг. Борлуулагч нар өглөө 8,00 цагаас оройн 23 цаг хүртэл ажиллаж байгаа.Ид хүйтний үед өдөрт зургаан шуудай өгөх хүндрэлтэй байсан одоо харьцангуй гайгүй. Энэ өвөл утаа эрс багассан нь мэдрэгдэж байгаа. Одоогийн байдлаар бидэнд хүндрэлтэй асуудал алга” гэв.
Хотын Захирагч С.Амарсайхан ирэх хавраас Баянзүрх дүүрэгт сайжруулсан түлшний шинэ үйлдвэр барих учраас иргэдэд өдөрт зургаан шуудай өгөх асуудал тулгарахгүй гэдгийг хэлж байв. Мөн энэ үеэр угаар мэдрэгчийн хэрэглээний талаар иргэдээс асууж тодруулан хэрэглээний заавар зөвлөмжийг сайтар дагаж мөрдөхийг сануулсан юм.
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс