ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Микробын нийлэгжлийн лаборатори 2017 оноос органик саван үйлдвэрлэх, найрлагыг баяжуулах туршилт судалгааг явуулж эхэлсэн байна. Өдгөө бүтээгдэхүүний нэр төрлөө өргөжүүлэн сэвх нөсөө толбо бүдгэрүүлэх, цайруулах үйлчилгээ бүхий барагшунтай, бактерийн эсрэг үйлчилгээтэй эфирийн тостой, зөөлрүүлж, чийгшүүлэх үйлчилгээтэй сүүлний тостой, тэжээл өгөх, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй шар тостой, шоколадны анхилам үнэртэй гуужуулагч скрабтай гэх мэт олон төрлийн орц, найрлагатай органик саван үйлдвэрлэж байгаа юм байна.
Энэ ташрамд яагаад органик саван хэрэглэх хэрэгтэй талаар зөвлөгөө, мэдээллийг хүргэе.
Химийн бодисын агууламж ѳндѳртэй саванд мэдрэг арьстай хүмүүс олон бий. Органик саван хэрэглэснээр химийн найрлагатай савангаас үүдэлтэй арьсыг цочроох, хуурайшуулах асуудлыг шийдэх боломжтой юм. Органик бус савангийн найрлаганд парабен, фталат, нефьтээс гаралтай химийн бүтээгдэхүүн, нийлэг ѳнгѳ, үнэр оруулагч бодис ордог ба эдгээр нь хүний биед харшил үүсгэх, батгаших, хуурайших, загатнах зэрэг таагүй нѳхцөлийг бүрдүүлж байдаг.
Харин органик савангийн найрлагад цэвэр байгалийн гаралтай тос болон нэмэлт бүтээгдэхүүн агуулагддаг. Тухайлбал, наргил модны тос, оливийн тос, сүүлний тос, шар тос нь арьсны рН-ыг тэнцвэржүүлж, тэжээл ѳгч чийгшүүлэх үйлчилгээтэй. Эфирийн тосыг нэмсэнээр байгалийн ургамлын үнэр оруулахаас гадна бүтээгдэхүүний хадгалалтыг уртасгах, бактерийн эсрэг давхар үйлчилгээтэй болгодог. Мѳн органик саванг биологийн идэвхт нэгдэл эфирийн тос, барагшун зэргээр баяжуулснаар тухайн бүтээгдэхүүний чанар, нэр тѳрѳл, хэрэглэх хүрээг тэлэх бүрэн боломжтой гэдгийг эрдэмтэд зөвлөж байна.
Монголдоо үйлдвэрлэж буй органик савангуудыг Баянзүрх дүүрэг, Энхтайвны өргөн чөлөө 54Б байранд байрлах ШУА-ийн Биологийн хүрээлэнгээс авч болох ажээ. Мөн 99269667, 91055009, 88627278, 89909521 дугаарын утсуудаар холбогдож мэдээлэл авах, захиалга өгөх боломжтой.