XX зууны Японы уран зохиолын хамгийн эмзэг, зөрчилт, онцгой дуу хоолойн нэг болох Дазай Осамүгийн “Жаргаж буй нар” роман уншигчдын хүртээл боллоо. Тус роман дэлхийн хоёрдугаар дайны дараах Японы нийгэм, уламжлалт язгууртны давхаргын доройтол, хүний үнэт зүйлсийн хямралыг нэгэн гэр бүлийн хувь заяагаар дамжуулан өгүүлдэг.
Нийгмийн хуучин дэг журам нуран унаж, шинэ амьдралын хэв маяг хүч түрэн орж ирэх үед язгууртан гаралтай Казүко болон түүний гэр бүлийнхэн амьдралын утга учир, өөрсдийн байр сууриа эрэн тэмцэнэ. Зохиолч уг гэр бүлийн эмгэнэлт түүхээр дамжуулан дайны дараах Японы ёс суртахуун, анги давхаргын өөрчлөлт, хүний дотоод зөрчлийг хурц бөгөөд уянгын өнгөөр харгалдуулан уран яруу дүрсэлжээ.
“Жаргаж буй нар” бол нэгэн гэр бүлийн мөхлийн тухай төдийгүй хуучин ертөнцийн сүүлчийн гэрэл бөхөж, шинэ нийгэм төрөх зовнил, шархыг харуулсан сэтгэл зүйн роман юм.
Уг бүтээлийг “Sayan” хэвлэлийн газраас эрхлэн хэвлүүлсэн бөгөөд Э.Цогзолмаа дуун хөрвүүлжээ.

