Monday, September 21, 2026

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн үндсэн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ

Date:

Малын гаралтай түүхий эдийг бүрэн боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлдвэрлэлийн хаягдлыг бууруулах зорилготой “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн 24 МВт-ын Дулааны цахилгаан станц болон Цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлыг өнөөдөр /2026.09.21/ эхлүүллээ.

Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн төсөл хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх Б.Жавхлан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК-ийн захирал Б.Мягмар болон холбогдох албаныхан оролцов.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн гол дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эхлүүлж буйг онцлоод, Улаанбаатар хотын 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөнд “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийг түшиглэн Эмээлт дагуул хотыг хөгжүүлэхээр тусгасныг тэмдэглэв.

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төсөл нь Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 539 га талбайг хамран хэрэгжих бөгөөд арьс шир, ноос, ноолуур, мах, дайвар түүхий эд боловсруулах үйлдвэрлэлийг нэг дор төвлөрүүлэн цогцолбор байдлаар хөгжүүлэх юм. Мөн худалдаа, логистик, агуулах, лаборатори, судалгаа-шинжилгээ зэрэг үйлдвэрлэлийг дэмжих дэд бүтэц бий болно.

Тус парк бүрэн хүчин чадлаараа ажилласнаар жилд 7.5 сая ширхэг арьс шир, 3000 тонн ноос, 5800 тонн ноолуур, 25 мянган тонн мах, 8000 тонн дайвар түүхий эд боловсруулах боломжтой бөгөөд 5600 орчим ажлын байр бий болгохоор төлөвлөжээ. Мөн Паркийн үндсэн дэд бүтцийн нэг болох 24 МВт-ын Дулааны цахилгаан станц ашиглалтад орсноор үйлдвэрүүдийг дулааны эрчим хүч, технологийн уураар хангах боломж бүрдэх бол Цэвэрлэх байгууламж нь үйлдвэрлэлийн бохир усыг зохих түвшинд цэвэршүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийг хөгжүүлэх нь үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны суурьшлын бүстэй зэрэгцэн байрлах арьс ширний үйлдвэрүүдийг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх, хөрсний бохирдол, таагүй үнэр зэрэг асуудлыг бууруулах ач холбогдолтой. Чөлөөлөгдөх үйлдвэрийн бүсийг дахин төлөвлөн, иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэхээр төлөвлөж байна.

Одоогоор тус паркийн нийт есөн үйлдвэр нэгжийн болон газар ашиглах гэрээ байгуулж, найман үйлдвэр техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийн бэлтгэл шатанд байна. Мөн 10 МВт-ын нарны эрчим хүчний төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байгаа юм. Ийнхүү “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн үндсэн дэд бүтцийн бүтээн байгуулалт эхэлснээр малын гаралтай түүхий эдийг дотооддоо бүрэн боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлдвэрлэл, экспортод түшиглэсэн эдийн засгийн хөгжлийг дэмжих нөхцөл бүрдэх юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик...

Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва  дүүргийн...

Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Налайх...

Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, НЗДТГ-ын...