Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17) өнөөдөр Улаанбаатар хотноо нээлтээ хийлээ. Торгоны замын жингийн цувааны төлөөллийг угтан авснаар COP17 албан ёсоор эхлэв.
Саудын Араб, Йордан, Турк, ОХУ, Узбекистан, Казахстан, Киргиз, БНХАУ, Монгол Улс гэсэн 9 улсыг холбож, 6000 орчим км зам туулсан тус цуваа нь газрын нөхөн сэргээлт, бэлчээрийн тогтвортой менежмент, ганд тэсвэрлэх чадавхын бодит туршлагыг хуваалцахын зэрэгцээ малчдын дуу хоолойг дэлхийн хэлэлцүүлэгт хүргэх зорилготой юм. Евразийг дамнан Монгол Улсад хүрэлцэн ирсэн Торгоны замын жингийн цуваа нь малчдын дуу хоолой, газрын нөхөн сэргээлт, бэлчээрийн ирээдүйн асуудлыг Улаанбаатар хотноо өрнөх дэлхийн хэлэлцүүлэгтэй холбож, COP17-ын нээлтийн бэлгэдэл болов.
COP17 Бага хурлын анхны хуралдааны эхэнд Бага хурлын Ерөнхийлөгчөөр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг сонгов. COP17-ын нээлтийн нэгдсэн хуралдааныг албан ёсоор нээж Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал үг хэллээ. Ерөнхий сайд хэлсэн үгэндээ COP17-оос бидний хүсэж буй хамгийн том өөрчлөлт бол ярианаас үйлдэл рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас хэмжигдэхүйц үр дүн рүү шилжих явдал юм гэдгийг онцолж, Монгол Улс энэ бага хурлаас 6 гол асуудлуудаар бодит ахиц гаргахыг уриалж байна гэлээ. Үүнд,
Нэгдүгээрт, газар, уур амьсгал, биологийн олон янз байдлыг салангид бус, харилцан уялдаатай цогц асуудал болгон авч үзье. Хоёрдугаарт, газрын нөхөн сэргээлтийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, төр, олон улсын санхүүгийн байгууллага, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргая. Гуравдугаарт, ганд тэсвэртэй байдлыг зөвхөн байгаль орчны бодлого бус, хөгжлийн бодлогын үндсэн хэсэг болгоё. Дөрөвдүгээрт, бэлчээр, малчид, нутгийн иргэдийн мэдлэг, оролцоог дэлхийн газрын менежментийн бодлогын төвд гаргая. Тавдугаарт, шинжлэх ухаан, технологи, инновацыг бодит шийдэл, бодит хөрөнгө оруулалт болгон хувиргая. Зургаадугаарт, амлалтыг хэмжигдэхүйц үр дүн болгох хэрэгжилтийн орчныг хамтдаа бүрдүүлцгээе. Үүний тулд хөгжлийн түншүүд, олон улсын санхүүгийн байгууллагууд, хувийн хэвшил, улс орнуудтай хамтран санхүүжилт, технологи, чадавх болон зохицуулалтын саадыг арилгах шинэ түншлэл бий болгохыг уриалж байна хэмээн Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.












