ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, “Сити Агро” ХХК хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ. ШУА-ийн эрдэмтэн судлаачдын оюуны боломж, бүрэлдэн бэхжсэн материаллаг баазад түшиглэн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, судалгаа, шинжилгээний ажлын үр дүнг практикт нэвтрүүлэн хэрэгжүүлэх чиглэлээр талууд хамтран ажиллах юм байна.
Санамж бичгийг өнөөдөр ШУА-ийн орлогч дарга Б.Бат-Эрдэнэ, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн захирал И.Түвшинтогтох, “Сити Агро” компанийн захирал Г.Ганбат нар үзэглэжээ.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд ШУА хамтарсан төсөлт хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэхэд удирдлага арга зүйгээр хангах, “Улаанбаатар хүлэмж, ногоон төгөл” төслийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх үйл ажиллагаанд оролцох, мэргэжлийн боловсон хүчинг сургах, бэлтгэх, сургалт зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх зэрэгт дэмжлэг үзүүлж ажиллах юм байна.
Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн хувьд зөвлөгөө өгөх, судалгаа хийх, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн судлагдсан таримал болон үржүүлсэн мод, модлог ургамлаар хангах, Олон улс, бүс нутгийн болон хоёр талын хамтарсан төслийн хүрээнд хоёрдогч орноос импортоор оруулж ирсэн мод, модлог ургамлыг өөрийн хорио цээр, үржүүлгийн талбайд нутагшуулах ажлыг хэрэгжүүлэх аж.
Харин “Сити Агро” ХХК нь ШУА болон түүний харьяа хүрээлэнгийн эрдэмтэн, судлаач нарын бүтээлийг амьдралд нэвтрүүлэхэд санхүүжүүлэн хамтран ажиллах, ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдийн лаборатори, судалгааны баазыг “Улаанбаатар хүлэмж, ногоон төгөл” төслийн хүрээнд бэхжүүлэх, нэр төрлийг нэмэгдүүлэх зэрэг ажлыг хийхээр үүрэг хүлээжээ.