Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (КОП17) зохион байгуулах Үндэсний хорооноос хуралтай холбоотой бүх талын мэдээллийг цаг тухайд нь мэдээлэх зорилгоор МОНЦАМЭ агентлагийг түшиглэсэн MEDIA CENTER өнөөдөр нээлтээ хийлээ.
Тус мэдээллийн төвөөр дамжуулан долоо хоног бүрийн тогтсон өдөр, цагуудад СОР17 хуралтай холбоотой мэдээллийг олон нийтэд өгөх бөгөөд энэ хүрээнд БОУАӨ-ийн сайд, СОР17 хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир, Дэд сайд Б.Мөнхтамир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Ариунтуяа нар мэдээлэл хийлээ.
Монгол Улс 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо дэлхийн 197 улсын төлөөллийг хүлээн авч, газрын доройтол, цөлжилт, гангийн асуудлаарх дэлхийн хамгийн том, өндөр түвшний бага хурлыг зохион байгуулна.
Энэхүү хурал нь Монгол Улсын олон улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, байгаль орчны салбарын манлайллаа бататгах, ногоон хөрөнгө оруулалт, тогтвортой хөгжлийн шинэ боломжийг нээх чухал ач холбогдолтой юм.
Бэлтгэл ажлын явц өнөөдрийн байдлаар 82 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд одоогоор 4,500 гаруй гадаадын төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна.
Мөн хурлын үеэр өндөр дээд түвшний уулзалтууд, сайд нарын хэлэлцүүлэг, Business4Land, Fashion4Land зэрэг олон улсын тусгай арга хэмжээ, Ногоон бүсийн олон нийтэд зориулсан хөтөлбөрүүд зохион байгуулагдаж, газрын доройтолтой тэмцэх бодлого, инновац, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэнэ.
КОП17 нь зөвхөн олон улсын томоохон арга хэмжээ төдийгүй Монгол Улсын байгаль орчны бодлого, нүүдлийн соёл иргэншил, газрын тогтвортой менежментийн туршлагыг дэлхийд таниулах, олон улсын түншлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх стратегийн ач холбогдолтой талаар холбогдох албаны төлөөлөл мэдээлэл өглөө.
1. Монгол Улсын бодлого
Монгол Улсын Засгийн газар COP17-ыг зөвхөн олон улсын арга хэмжээ бус, газрын доройтолтой тэмцэх үндэсний бодлогоо дэлхийн бодлого, хамтын ажиллагаатай уялдуулан шинэ шатанд гаргах стратегийн боломж гэж үзэж байна.
2. COP17-гийн ач холбогдол
COP17 нь дэлхийн 197 талын төлөөллийг нэг дор цуглуулж, газрын доройтол, цөлжилт, гангийн эсрэг хамтын шийдвэр гаргах хамгийн өндөр түвшний олон улсын форум юм. Одоогийн байдлаар 4500 хүн хуралд оролцохоор бүртгүүлсэн бөгөөд өдөр тутам нэмэгдэх хандлагатай байна.
3. Монгол Улсад үзүүлэх үр өгөөж
Энэхүү бага хурал нь Монгол Улсын олон улсын нэр хүндийг бэхжүүлэхээс гадна ногоон хөрөнгө оруулалт, шинэ түншлэл, мэдлэг, инновац, тогтвортой хөгжлийн бодит боломжийг бий болгоно.
4. Улс төр, олон улсын хамтын ажиллагаа
Монгол Улс COP17-ыг талуудыг нэгтгэсэн, хамтын шийдлийг урагшлуулсан үр дүнтэй бага хурал болгож, олон улсын хамтын ажиллагаанд бодит хувь нэмэр оруулахаар ажиллаж байна.
3. Бэлчээр болон нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил
2026 он нь НҮБ-аас зарласан “Бэлчээр болон нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” тохиож буйгаараа онцлогтой. Энэ нь дэлхийн хэмжээнд бэлчээрийн экосистемийн үнэ цэнэ, нүүдлийн мал аж ахуйн тогтвортой хөгжилд анхаарал хандуулах чухал боломжийг бүрдүүлж байна.

