“Арилжааны арга барил” номын зохиогч, судлаач М.Сайнбаяр ярилцлаа.
-Таны сая хэвлүүлсэн “Арилжааны арга барил” ном нь олны мэдэх бөгөөд эс мэдэх хөрөнгийн зах зээл, арилжааны тухай юм байна. Тэгэхээр шинэ номынхоо талаар яриагаа эхлүүлье?
-Монголд Хөрөнгийн бирж хөгжөөгүй. Хөрөнгийн бирж бол хувьцааг авдаг зардаг, үүнийхээ зөрүүн дээрээс ашиг орлого олдог нээлттэй зах зээл байх ёстой. Гэтэл манай Хөрөнгийн бирж дээр топ аж ахуйн нэгжүүдийн хувьцаа байдаггүй. Өөрөөр хэлбэл, Тавантолгой, “Эм Си Эс”-ийн хувьцааг авъя гэхээр байхгүй. Энэ нь манай хөрөнгийн зах зээл хөгжөөгүй, энэ салбараас иргэд олон нийт үр өгөөж хүртэх боломжгүй гэсэн үг. Төр засаг нь хөрөнгийн зах зээлээ хөгжүүлдэггүй, иргэддээ нээж өгөхгүй байна. Дэлхийн зах зээл өөрөө нээлттэй, хэн дуртай нь орж болдог. Сая гарсан “SpaceX”, Илон Маск, Билл Гейтсийн гээд бүхий л хувьцааг авч болно. Бидний муу хэлээд байгаа “Рио Тин То”-гийн хувьцааг ч авч болж байна.
-Тэгэхээр манайд нэр төдий хаалттай байна гэсэн үг үү?
-Тийм. “Арилжааны арга барил” номыг дэлхийн зах зээлд монголчууд хэрхэн яаж оролцох вэ гэдгийг нээлттэй болгох зорилгоор хэвлүүлсэн. Санхүүгийн зах зээл дээр арилжаа хийхэд мэдлэгтэй байж оролцох ёстой. Өнөөдөр монголын залуучууд хөрөнгийн зах зээлд олноор арилжаа хийж, хувь хувьцаа, бонд авах болсон. Хамгийн гол нь залуучуудын хандлага нь зөв боловч хийж байгаа арга барил нь буруу. Яагаад гэхээр цогц мэдлэг мэдээлэл байхгүй учраас мөнгөө алдаж байна. Тиймээс энэ арилжаа хуурамч юм байна гэдэг. Тиймээс манай залуучуудад цогц мэдлэг хэрэгтэй учраас үүнийг нээж өгье гэдэг үүднээс нэлээд судалж байж номоо хэвлүүлсэн. Манай залуучууд арилжаанд оролцохдоо фээсбүүк, цахим орчинд байгаа 100 ам.долларыг 1000 болголоо, 1000 ам.долларыг 10.000 болголоо гэсэн гоё рекламд татагдан ордог. Энэ болдог зүйл, байж ч байгаа зүйл. Гэтэл залуус маань өөрсдөө мэдлэггүй учраас мөнгөө алддаг.
-Одоо хөрөнгийн зах зээл, арилжаа сонирхож байгаа залууст хандаж юу хэлэх вэ?
-Санхүүгийн зах зээл, арилжаанд оролцоход юуны өмнө мэдлэг хэрэгтэй. Санхүүгийн мэдлэг гэдэг өөрөө санхүүгийн сургуульд дөрвөн жил сурч байж нэг диплом олж авч байна шүү дээ. Тэгэхээр залуучууд маань арилжааны мэдлэгийг өөртөө бий болгож чадвал нэмэлт орлого олж болно. Ажлынхаа хажуугаар, ер нь хаана ч явж байсан орлого олж болно. Гар утас интернэттэй байхад л энэ зах зээлд нэвтрэх бүрэн боломжтой. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт арга барил “Smart Money Conсert” буюу том тоглогчид нь энэхүү арилжааг удирдаад байж байна. Өөрөөр хэлбэл банкууд, хөрөнгө оруулалтын том сангууд удирддаг. Тиймээс зах зээлийг өсгөөд байна уу, унагаад байна уу гэдгийг мэдэхийн тулд энэ концепцыг сурах хэрэгтэй. Үүнийг сурахгүйгээр арилжаанд орохоор алдана. Сэтгэл хөдлөлөөр хандаж болохгүй. Үүнийг л ойлгуулах гэж энэ номыг хэвлүүллээ.
-Номыг харж байхад амар хялбар ойлгомгүй бололтой. Тиймээс энэхүү ном энгийн хүмүүст ойлгогдохоор болж чадсан уу. Номыг нэлээд “нухсан” бололтой харагдана. Хэдий хугацаанд хийв?
-Энэ ном нь “Smart Money Conсert” гэгч зүйлийг анхан шатнаас нь эхлээд ахисан түвшинд хүртэл судалж хийсэн. Тиймээс огт мэдэхгүй хүн эхнээс нь сурч болно гэсэн үг. Миний хувьд эртнээс арилжааг сонирхосон. Хүмүүс ч гадарлах байх. Бидний хэдэн судлаачид Тавантолгойн хувьцааг ард түмэнд өгье гээд явсан, болоогүй. Тиймээс Монгол Улсын төр засаг үүнийг дэмжихгүй байгаа учраас залуус яавал нэмэлт орлоготой болох вэ гэх үүднээс энэ зах зээлийг сонирхож эхэлсэн. Тэгээд энэ зах зээлээс нэмэлт орлого олох боломжтой юм, гагцхүү өөрөө мэдлэгтэй байх хэрэгтэй. Өөрийгөө удирд, өөрийгөө боловсруул. Ингэж чадвал орлоготой болох боломж бий. Энгийнээр бол номонд зургаар харуулсан график, чартыг уншиж сурна гэсэн үг. Чартаар тухайн бүтээгдэхүүний үнэ дээшээ явж байна уу, доошоо явж байна уу гэдгийг харж сурна гэсэн үг. Анхан шатнаас нь сурж болно. Номонд бүгдийг графиктай, тайлбартай оруулчихсан байгаа. Тэгээд ахисан түвшинд явахад юу юу хэрэгтэй юм, ямар ямар арга барил, арилжааны нөхцлүүд юу байх ёстой юм. Арилжаа хийхдээ тэмдэглэл хөтлөх ёстой гэх зэргээр бүгдийг нь энэ номонд тусгаад өгчихсөн. Арилжаа нь зөвхөн мэргэжлийн хүмүүсийн ажил биш, “Арилжааны арга барил” номыг судлахад болно.
-Бүр энгийнээр тайлбарлаад үзье. Жишээ нь дэлхийн нэртэй компани корпорациудын хувьцааг төдөн төгрөгөөр аваад төдий хугацааны дараа төдөн төгрөг болгох юм байна гэсэн энгийн ойголт өгч болох уу?
-Үүнд эдийн засаг, санхүүгийн, улс төрийн цогц мэдлэг хэрэгтэй. Долоо хоног бүр АНУ-д гаргадаг мэдээлэл бий. Үүнийг байнга үзэж байх, чартаа байнга хянаж харж байх, тухайн хувьцаа авах гэж байгаа компаниа сайн судлах зэрэг үндсэн гурван зүйл бий. Тухайн компани хувьцаагаа гаргалаа гэж үзэхэд ирээдүй байна уу, нөхцөл нь ямар юм гээд харна. Жишээ нь хиймэл оюун ухааны компаниуд маш ирээдүйтэй байна. Түүнээс “Нокиа”-гийн хувьцааг авна гэвэл худлаа болно. Эд нар ямар ч сайхан, том төсөл хэрэгжүүлэх гэж байгаа ч эргэлзээтэй. Итгэл үнэмшил муу. Тиймээс сайн судлах хэрэгтэй. Жишээ нь саяхан “SpaceX”-ын хувьцаа гараад зах зээлээс 75 тэрбум ам.доллар босголоо. Энэ чинь оргүй хоосноос босгож, “SpaceX”-ын 4400 ажилчин саятан боллоо. Гэтэл манайхан хувьцаагаа ойлгодоггүй. Бид Тавантолгой ордоо түшиглээд монголын 3.5 сая иргэн тус бүрээ 300 сая төгрөгтэй болгочих гэж мөн их зүтгэсэн дээ. Монголын хувьд төр засаг нь ойлгодоггүй, иргэдээ соён гэгээрүүлэхийг ч хүсдэггүй юм байна. Тиймээс та бүхэн энэ арилжааны арга барилыг сураад мэдлэг мэдээлэл болгоод аваач ээ гэх байна. Мэдлэггүй шуурч орно гэдэг мөнгөө салхинд хийсгэнэ гэсэн үг.
-Үүнийг төр засаг ойлгохгүй байна гэж баймгүй. Ойлгосон ч хийхийг хүсэхгүй байна уу. Чухам юунд байна?
-Энд улстөржөөд тайлбар өгөөд ч яахав. Энэ номоо л яръя. Номын агуулгаа товчхон хэлэхэд арилжааны суурь ойлголтууд, “liguidity” гээд бий. Өөрөөр хэлбэл чарт гэдэг зүйл яаж хөдөлдөг юм, бүтэц нь юу юм гэдгийг ойлгуулахын тулд дэлгэрэнгүй тайлбарласан. Дээр би арилжаанд орох нөхцөл гэж хэлсэн дээ. Энд хэдэн зүйл бий. Манай арилжаа хийдэг залуучууд “order blocks” гэхэд есөн төрөл байгааг тайлбарласан. Манайхан бол ганцхан “order blocks” л ойлгодог, гэтэл есөн төрөл байна. “Оrder blocks” гэдэг нь авах гарах захиалгыг хаанаас гарахыг хэлж байгаа юм. Үнэ хямд байна уу, үнэтэй байна уу, тэгээд аль тохиолдолд нь авах юм, ямар үед нь зарах юм гэдгийг тайлбарласан. Үүнийг ойлгохгүй бол хүмүүс зөвхөн сэтгэл хөдлөлөөр чартаа хөөгөөд мөнгөө алддаг. Энэ номонд англи үг хэллэг цөөнгүй бий. Яагаад гэхээр олон улсын зах зээлд гарах учраас англи хэл дээр байхаас өөр аргагүй. Жишээ нь үгчлэхээр яст мэлхийн шөл гэж хэлж байгаа юм. Яст мэлхийн шөлөн дээр оръё гэх зэргээр яриад явах хэцүү, утга ойлгоцоор нь ярихгүй бол болохгүй. Тиймээс англи үг хэллэг нэлээд бий. Зах зээл өөрөө үнийг хуримтлуулна, тогтмол үнэ дээр явж байна. Үнийг хуримтлуулж байгаад хуурамч хөдөлгөөн хийгээд үндсэн хөдөлгөөн рүүгээ ордог. Энэ бол Ази, Европ, Америкийн зах зээлд түгээмэл байдаг. Энэ нь дээр хэлсэн том тоглогчид биднийг хуурамч хөдөлгөөнөөр хуурдаг. Үүн дээр хууртагдаж мөнгөө алдахгүй байхыг бичиж өгсөн. Тэгэхээр ганц хөдөлгөөн хараад мөнгөө алдаад байхгүй, үүнийг сураад арилжааны тэмдэглэлээ хөтлөх нь чухал. Эргэж тэмдэглэлээ хараад хаана алдаад байна гэдгээ хянаад явах ёстой. Ерөөсөө энэ хандлагаар арилжаа хийж байна.

-Манайд урьд өмнө хэмжээний ном байсан уу, эсвэл та сая хийв үү?
-Урьд өмнө номнууд гарч байсан ч бүрэн мэдлэг, мэдээлэл авах боломжгүй байсан. Тиймээс “Арилжааны арга барил” шиг цогц ном гарч байгаагүй. Би нэгдүгээрт, судлаач хүний хувиар, хоёрдугаарт, арилжаа хийдэг хүний хувиар залуучууддаа ийм ном хийж өгье гэж бодсон. Миний энэ номонд байгаа арилжааны арга барилын багахан хэсгийг Монгол Улсад 1000, 3000 ам.доллароор зарж, сургалт хийдэг. Тэгвэл “Арилжааны арга барил” ном бол танд бүтэн цогцоор нь хүргэж байна гэсэн үг. Ерөөсөө мэдлэггүй, мэдээлэлгүй хүмүүсийг хуурч байгаад мөнгө олж авдаг, ийм систем. Тиймээс том тоглогчдын мэдээллийг харж байгаад арилжаагаа хийх ёстой. Хэрэв тэд зараад байвал зараад байя, үгүй бол адилхан зарахгүй байх, тэд худалдаж аваад байвал худалдаж аваад байх хэрэгтэй. Том тоглогчдын хөдөлгөөн хаана нь яваад байгааг ойлгуулах гэж энэ номыг бичсэн гэдгээ дахин хэлье. Чартаа сайн хараад хаана алдах, хаана нь ашиг олж болох вэ гэдэг асуудал бүгд энд багтсан.
-Таны ном худалдаанд гарав уу?
-Одоогоор Их дэлгүүрийн Номын дэлгүүр, Интер ном дэлгүүрт байна. Хэрэв авахыг хүсвэл хүргэлт бий.

