Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт гэхээр Швейцарын Альпын нуруунд болдог Давосын чуулга уулзалт ихэнх хүний санаанд бууж магадгүй юм. Гэвч жил бүрийн зун БНХАУ-д зохион байгуулагддаг, дэлхийн эдийн засаг, инновацийн цаашдын чиг хандлагыг тодорхойлох өөр нэгэн томоохон чуулга уулзалт болдог билээ. Энэ бол Хятад улсын Далянь болон Тяньжин хотуудад 2007 оноос эхлэн ээлжлэн зохион байгуулагдаж буй “Шинэ манлайлагчдын уулзалт” буюу “Зуны Давос” чуулга уулзалт юм.
2026 оны “Зуны Давос” чуулга уулзалт 6 дугаар сарын 23-нд Хятадын зүүн хойд бүсийн далайн боомт хот Даляньд албан ёсоор эхэллээ. Гурван хоног үргэлжлэх уг чуулга уулзалт нь “Инновацийг өргөн хүрээнд нэвтрүүлэх нь” сэдвийн хүрээнд болж байна. Уг чуулга уулзалтад дэлхийн 90 гаруй улс, бүс нутгаас 1700 гаруй төлөөлөгч оролцож, эдийн засгийн тодорхойгүй байдал, геополитикийн хурцадмал байдал, технологийн хувьсгалын өнөө үед эдийн засгийн өсөлтийг хөхиүлэн дэмжих шинэ боломжуудыг эрэлхийлж байна.
Давосын дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтаас юугаараа ялгаатай вэ?
Швейцарт болдог Давосын уулзалт нь ирэх нэг жилийн дэлхийн улс төр, эдийн засгийн чиг хандлагыг хэлэлцдэг бол “Зуны Давос” илүү урт хугацааны буюу ирэх арван жилийн хөгжлийн дүр зургийг тодорхойлоход чиглэдэг.
Тус форум нь хөгжиж буй эдийн засгууд, технологийн гарааны компаниуд, инновацийн манлайлагчид болон ирээдүйн бизнесийн шинэ тоглогчдыг нэг дор цуглуулдгаараа онцлог. Өөрөөр хэлбэл, “Зуны Давос” нь өнөөдрийн том корпорациудаас илүүтэйгээр маргаашийн “шинэ аваргууд”-ыг тодруулдаг индэр юм.
Хэлэлцүүлгийн төвд хиймэл оюун ухаан (AI)
Энэ жилийн “Зуны Давос”-ын хамгийн анхаарлын төвд буй сэдвүүдийн нэг бол хиймэл оюун ухаан юм. AI агентууд, нэг хүний компаниудын шинэ загвар, үйлдвэрүүдэд ашиглагдаж буй хүн дүрст робот зэргийг тусгайлан хэлэлцэж байна.
БНХАУ-ын хиймэл оюун ухааны салбарын хурдацтай өсөлт нь дэлхийн хиймэл оюуны ухааны хөгжилд томоохон байр суурь эзэлж, дэлхийн нийтийн сонирхлыг татаж буй билээ.
Тус улсын AI чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын тоо өнгөрсөн онд 6000-ыг давж, салбарын үндсэн зах зээлийн үнэлгээ 1.2 их наяд юаньд хүрсэн байна. Мөн венчур хөрөнгө оруулалтын хэмжээгээр Хятадын AI компаниуд дэлхийд гуравдугаарт орж байна.
Гэхдээ “Зуны Давос” чуулга уулзалтаар зөвхөн боломжийн тухай яриагүй. Технологийн хүртээмжийн тэгш бус байдал, мэдээллийн аюулгүй байдал, хувийн нууцын асуудал, хиймэл оюун ухааны зохицуулалт зэрэг сорилтуудыг ч мөн хэлэлцэж байна.
Ногоон шилжилт-Далянь хотын бодит жишээ
“Зуны Давос” чуулга уулзалтын уур амьсгалыг зөвхөн хэлэлцүүлгийн танхимаас бус, Далянь хотын гудамжнаас ч мэдэрч болно. Чуулга уулзалтад үйлчлэх тээврийн хэрэгслийн 80 гаруй хувийг цахилгаан болон устөрөгчөөр ажилладаг автомашинууд бүрдүүлж байна. Үүнд жолоочгүй автобус хүртэл багтаж байна.
Мөн чуулга уулзалтын гол танхим болох Далянийн олон улсын хурлын төв бүхэлдээ сэргээгдэх эрчим хүчээр ашиглаж байгаа бөгөөд далайн усанд суурилсан дулааны насосын систем ашигласнаар эрчим хүчний хэрэглээгээ 30 гаруй хувиар бууруулсан байна.
Энэ нь форумын гол асуултуудын нэг болох “эрчим хүчний шилжилтийг хэрхэн өрсөлдөх чадварын давуу тал болгох вэ?” гэсэн сэдвийн бодит хариулт болж байна.
БНХАУ дэлхийн анхаарлын төвд хэвээр …
“Зуны Давос”-ын бас нэгэн онцлог нь Хятадын эдийн засаг, зах зээлийн ирээдүйн талаар шууд ярилцах боломжийг дэлхийн бизнесийн удирдагчдад олгодог явдал юм.
Азийн бүс нутаг өнөөдөр дэлхийн эдийн засгийн өсөлтийн 60 орчим хувийг бүрдүүлж байгаа бөгөөд дэлхийн үйлдвэрлэлийн баазын гуравны хоёр нь энэ бүсэд төвлөрч байна. Харин зөвхөн Хятад улс дангаараа Азийн үйлдвэрлэлийн хүчин чадлын 40 орчим хувийг бүрдүүлдэг.
Тиймээс энэ чуулга уулзалтын үеэр Хятад улсын 15 дугаар таван жилийн төлөвлөгөө (2026-2030), өндөр технологид суурилсан хөгжлийн бодлого, эдийн засгийн шинэчлэлийн талаар өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнөж байна.
Сонирхолтой нь, дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдал нэмэгдэж байгаа хэдий ч БНХАУ-ын зах зээл рүү хошуурах гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхол буураагүй хэвээр байна. Өнгөрсөн онд 8000 гаруй гадаад хөрөнгө оруулалттай компани Хятад дахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсэн бол энэ оны эхний дөрвөн сарын байдлаар дахин 3000 гаруй компани нэмэлт хөрөнгө оруулалт хийжээ.
Далянь хотын өөрчлөлт
Анхны “Зуны Давос”-ыг 2007 онд зохион байгуулснаас хойш Далянь хот энэ чуулга уулзалтын үр шимийг хамгийн их хүртэгчдийн нэг болжээ.
Хотод Intel, Volkswagen, Pfizer зэрэг дэлхийн томоохон компаниуд хөрөнгө оруулалт хийж, дижитал эдийн засаг, өндөр технологийн үйлдвэрлэл, далайн аж үйлдвэрийн салбарууд эрчимтэй хөгжсөн байна. Өнөөдөр Далянийн дижитал эдийн засгийн үндсэн салбаруудын үйлдвэрлэсэн нэмүү өртөг 75 тэрбум юанийг давжээ.
Мөн устөрөгчийн үйлдвэрлэл, хадгалалт, тээвэрлэлт, түлшний элемент зэрэг чиглэлээр 50 гаруй аж ахуйн нэгж, судалгааны байгууллага үйл ажиллагаа явуулж, цэвэр эрчим хүчний иж бүрэн экосистем бүрдүүлээд байна.
“Зуны Давос” яагаад чухал вэ?
“Зуны Давос” бол зөвхөн эдийн засгийн форум биш. Энэ бол ирээдүйн бизнес, технологи, хөдөлмөрийн зах зээл, эрчим хүч, тогтвортой хөгжлийн асуудлаар дэлхийн тэргүүлэх бодлого боловсруулагчид болон инновац бүтээгчдийн уулздаг талбар юм.
Энд хэлэлцэгдэж буй санаанууд өнөөдрийн туршилт биш, харин ирэх арван жилийн эдийн засгийн бодит дүр зураг болж хувирах магадлалтай. Тиймээс Даляньд өрнөж буй яриа хэлэлцээ зөвхөн Хятад эсвэл Азийн тухай биш, дэлхийн эдийн засгийн дараагийн бүлгийг хэрхэн бичих тухай асуудал юм.
Технологийн хувьсгал, ногоон шилжилт, шинэ бизнесийн загваруудын эрин үед “Зуны Давос” нь дэлхий хаашаа чиглэж байгааг хамгийн тод харуулдаг цонхны нэг хэвээр байна.
Г.Солонго
Эх сурвалж: https://mongol.cri.cn/

