Saturday, June 13, 2026

Сайд Ц.Идэрбат “Шинэ Ховд” ҮТП-т үйл ажиллагаа явуулах үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдийн төлөөлөлтэй уулзлаа

Date:

🟢“ШИНЭ ХОВД” ҮТП-ИЙН ДЭД БҮТЦИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ УЛСЫН ТӨСВӨӨР 90 ГАРУЙ ХУВЬТАЙ ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Ховд аймагт ажиллаж байна. Тэрбээр өнөөдөр “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк (ҮТП)-т үйл ажиллагаа явуулахаар зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүд, баялаг бүтээгчдийн төлөөлөлтэй уулзлаа. “Шинэ Ховд” ҮТП-ийн удирдлагууд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явцыг танилцуулав.

Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлан баруун бүсийн тулгуур төв, хилийн хоёр боомттой, зах зээл харьцангуй нэвтрэх боломж сайтай Ховд аймагт “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн паркийг тус аймгийн Жаргалант суманд 180 га газарт байгуулахаар төлөвлөсөн. Тус төсөл хэрэгжсэнээр мал аж ахуйн гаралтай түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлж, баруун аймгуудын нийгэм, эдийн засгийн хөгжил, өрсөлдөх чадварыг бий болгож, дэвшилтэт техник технологи бүхий 100 гаруй үйлдвэр, цех баригдан, 2200 ажлын байр шинээр бий болж, нийт 51.8 сая долларын экспортын орлого олж, ДНБ-д 752.4 тэрбум төгрөг, улсын төсөвт 30 орчим тэрбум төгрөгийн татвар хураамж төвлөрүүлэхээр урьдчилсан тооцоо гарсан байна.

Ховд аймагт хэрэгжиж буй “Шинэ Ховд” үйлдвэр технологийн паркийн төслийн хөрөнгө оруулалт 2018 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2028 онд дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг бүрэн дуусгахаар төлөвлөжээ. Одоогоор нийт ажлын гүйцэтгэл 90.8 хувьтай байгаа аж.

Тус паркад үйл ажиллагаа явуулахаар нийт 100 гаруй ААН төсөл ирүүлснээс эхний ээлжид малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрлэл, хүнс, жижиг, дунд үйлдвэр, барилгын материалын үйлдвэрлэл зэрэг чиглэлийн 31 ААН-тэй ҮТП-ийн захиргаа холбогдох гэрээг байгуулсан юм байна.

Эдгээр аж ахуйн нэгжийн төлөөлөл, бизнес эрхлэгчид ҮТП-т барих өөрсдийн үйлдвэрүүдийн төсөл, бүтээгдэхүүнээ танилцуулж, тулгамдаж буй асуудлаар санал солилцлоо. ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд бүсийн төвүүдэд хөдөө аж ахуйн түүхий эд боловсруулах үйлдвэрлэл, технологийн паркууд барьж байгуулахаар зорьж байгаа. Энэ хүрээнд баруун бүсэд “Шинэ Ховд” ҮТП-ийг барьж байгуулахаар төлөвлөн, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг нь улсын төсвөөр 90 гаруй хувьтай гүйцэтгээд байгаа нь бизнес эрхлэгчдэд таатай боломж гэдгийг онцлов.
Аж ахуйн нэгжүүдийн хувьд ҮТП-т үйлдвэрээ барихад шаардагдах хөрөнгийн эх үүсвэр дутагдалтай, зээлд хамрагдах шалгуур өндөр байгааг хэлж байв. Сайд Ц.Идэрбат хүнс, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжиж буй төслүүдийн хүрээнд ҮТП-ийн аж ахуйн нэгжүүдийн бүтээн байгуулалтад шаардагдах зээлийг шийдэх боломж гарч буйг дурдлаа. Тэрбээр мөн үйлдвэрлэл эрхлэгчдийн санал, хүсэлтийг сонсож, сонирхсон асуултуудад хариулав.

“Шинэ Ховд” үйлдвэр технологийн паркийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг бүрэн хийж гүйцэтгэхэд шаардлагатай зарим бүтээн байгуулалтын ажлыг Эдийн засаг, хөгжлийн яамны хэрэгжүүлж буй “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр” төслийн хүрээнд гүйцэтгэх саналыг хүргүүлээд байгаа юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Бээжингийн Дүрслэх урлагийн академийн төгсөгчдийн үзэсгэлэн нээгджээ

БНХАУ-ын Бээжин хотын Дүрслэх урлагийн төв академийн төгсөгчдийн ээлжит...

Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээн байгуулагчаар “Эн Эф Си” компани шалгарчээ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн, зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр...

БНХАУ Япон улс руу гаргах газрын ховор элементийн экспортоо 80 хувиар бууруулжээ

Япон Улс, БНХАУ-ын харилцаа муудсантай холбоотойгоор 3, 4 дүгээр...