УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас 2026 оны 06 дугаар сарын 04-нд өргөн мэдүүлсэн Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээр үргэлжлэв. Төслийг УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр танилцуулсан. Манай улсад 213 мянга гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагийн 10,2 мянга нь гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд юм. Хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчинг тогтвортой, хамгаалалттай, хөрөнгө оруулалтын гэрээний тогтвортой байдлыг бий болгох, бизнесүүдийг дэмжих зорилгоор энэхүү хуулийн төслийг санаачлан боловсруулж, өргөн мэдүүлсэн гэв. Анхдагч хуулийн төсөл батлагдсанаар хуулиар хориглосноос бусад бизнесийн үйл ажиллагаа чөлөөтэй эрхлэх, бизнес эрхлэгчдийг өмчийн хэлбэр, хөрөнгө оруулалтын эх үүсвэр, салбараар ялгаварлахгүй байх, шударга өрсөлдөөнийг дэмжих бөгөөд бизнест төрийн оролцоог багасгаж, улмаар дарамтыг бууруулна гэж тооцжээ.
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, О.Номинчимэг, Б.Жаргалан, П.Сайнзориг, М.Мандхай нар хэлэлцэж буй асуудлаар асуулт тавьж, байр суурь илэрхийлэв. Төслийг дэмжих эсэхээр О.Батнайрамдал, Б.Мөнхсоёл нарын гишүүд үг хэллээ. Төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг 57.7 хувийн саналаар дэмжлээ. Хамт өргөн мэдүүлсэн 100 хуулийн төсөл тус бүрээр санал хураалт явуулж, гишүүдийн олонх дэмжсэн тул Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

