УДБЭТ-ын хамт олон Олон Улсын эмэгтэйчүүдийн Эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Г.Доницеттигийн “Дурлалын ундаа” хошин дуурийг 3-р сарын 7, 8-ны өдрүүдэд тоглох гэж байна.
Г.Доницеттигийн “Дурлалын ундаа” дуурийн анхны тоглолт нь 1832 оны 5-р сарын 12-нд Миланы Театр делла Каноббиани театрт болжээ. Тус дуурийг олон нийт сайшаан хүлээж авсан нь маш их гайхалтай үйл явдал болж, хөгжмийн зохиолч өөрөө хүртэл гайхсан аж. Доницеттигийн гол өрсөлдөгч В.Беллини түүний уран бүтээлд маш өндөр үнэлгээ өгч, хөгжмийг нь төгөлдөр, сайхан, гайхамшигтай гэж магтаж байжээ. Г.Доницеттигийн “Дурлалын ундаа ” дуурийн зохиол нь инээдтэй, энгийн , хүнд драм, эмгэнэл байхгүй, зөвхөн гялалзсан хошигнол бүхий хайрын түүхээр амталсан хөнгөн инээдмийн дуурь юм Либреттог Фелис Романи бичсэн бөгөөд тэрбээр “Дурлалын ундаа” дуурийнхаа цомнолыг Е.Скрибегийн цомнол (Д.Оберийн “Хайрын эм” дуурь (Le Philtre))-оос сэдэвлэн бичжээ.
УДБЭТ урын сангийн бодлогынхоо хүрээнд дэлхий дахины шилдэг хошин дуурийн нэг Г.Доницеттигийн “Дурлалын ундаа” дуурийг өөрийн тайзнаа тоглохоор шийдэж, ингэхдээ өнөө цагийн үзэгчдийн сэтгэхүй, таашаалд нийцүүлсэн өвөрмөц, шинэлэг тавилтаар 2024 онд үзэгчдийн хүртээл болгосон юм.
Тус дуурийг театрын залуу найруулагч Б.Мэндбаяр найруулсан бөгөөд түүний зүгээс дуурийн үйл явдлыг наашлуулж, дэлхийн эдийн засаг, соёл, хөгжлийн үсрэлтийн зуун болох 21-р зуунд болгон хөрвүүлэн тавьсан нь театрын ирээдүйн үзэгчид, хүүхэд залуусын сэтгэлд ихээхэн нийцсэн бүтээл болсон билээ.



Доницеттигийн “Дурлалын ундаа” дуурийг үзэх шалтгаан
- 1904 онд Метрополитан театрт 32 удаа тоглогдсон
- Дэлхийн алдарт дуурийн дуучин Лучиана Паваротти 1973-1998 онуудад Немориногийн дүрд 49 удаа тогложээ.
- Зөвхөн дууриас л та орь залуу насны гэгээн хайр, харилцааг хөгжилтэй, хошин хэлбэрээр мэдрэх боломжтой
- Хөгжмийг хувьд төгөлдөр, сайхан, гайхамшигтай , роматник илэрхийлтэй дуурь
- Дүр бүр өөрийн гэсэн өнгөний илэрхийллийг харуулж чаддаг
- Хамгийн богино хугацаанд буюу 6-н долоо хоногт бичигдэж, нэр алдарт хүрч чадсан дуурь
- 2008-2013 оны хооронд таван улирлын турш дэлхийн хэмжээнд хамгийн олон тоглосон дуурийн Operabase жагсаалтын 13-т бичигдсэн
Хэрвээ Та бүхэн хайртай ээж, хайрт хань, хайрт бүсгүйгээ баярлуулхыг хүсвэл нэгэн оройг энэ дуурьтай хамт өнгөрүүлээрэй.

