МУСГЗ, нэр соён гэгээрүүлэгч, яруу найрагч Ломбын Нямаагийн “Бүтээлийн чуулган”-ы дээж I,II боть хэвлэгдэн гарчээ. Тус номыг түүний шавь яруу найрагч, нийтлэлч Г.Сонинбаяр санаачлан эмхэтгэж, уншигч олны хүртээл болгожээ.
Л.Нямаа агсны бүтээлийн чуулганы тэргүүн боть нь “Миний амьдардаг ертөнц”, дэд боть нь “Хүмүүн танаа өргөх өчил” нэртэй агаад зохиолчдын хөрөг, дурсамж, ярилцлага, асуудал дэвшүүлсэн өгүүлэл, нийтлэл зэрэг бүтээлүүд нь багтсан байна. Цаашид Ломбын Нямаа багшийн бүтээлийн чуулган 10 боть болж хэвлэгдэн гарах юм.
Л.Нямаа нь 1960-аад оноос уран бүтээлийн гараагаа эхэлж, “Миний зуун”, “Амьд ододтой хөөрөлдсөн алтан хором”, “Гүн ухааны алаг чулуу”, “Миний амьдардаг ертөнц”, “Элегия хязгааргүй” зэрэг яруу найраг, ярилцлага, нийтлэлийн ном туурвисан байна. Түүнийг Хан Хэнтийн яруу найргийн сургуулийн дэгийг буй болгоход ихээхэн нөлөөлсөн төдийгүй 1990-ээд оны Монголын яруу найргийн шинэчлэлийг түүчээлэгчдийн багш хэмээн үздэг.
Түүнчлэн уран бүтээл, соён гэгээрүүлэх үйл хэргийг нь үнэлж 2003 онд Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал, М.Цэдэндоржийн нэрэмжит шагнал хүртээж, 2007 онд “Ард түмний гавьяат соён гэгээрүүлэгч” цол, “Алтангадас” одон, 2015 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол тус тус хүртээжээ.
Уг номын нээлт энэ сарын 15-ны өдөр “Чингис хаан” үндэсний музейд болно.



