УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ж.Баярмаа нарын 40 гишүүний 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
“Харбины гэрээ” гэж нэрлэгдээд байгаа “Гурвыг цогцоор” гэдэг хэлэлцээртэй холбоотой байгуулагдсан холбогдох гэрээнүүд, тухай үеийн үйл ажиллагаа, холбогдох баримт бичиг зэрэг нотлох баримтуудад шинжилгээ хийх түр хороог байгуулах санаачилгыг Улсын Их Хурлын 40 гишүүн гаргасан байна.
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг хэрэгжүүлэхтэй холбоотой бичиг баримт, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэх судлах, нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг тэнцвэрт мэдээллээр хангах apra хэмжээ авах шаардлагатай гэж дээрх гишүүд санал нэгдсэн байна.
Иймд “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын 2024 оны 58 дугаар тогтоолын хэрэгжилттэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагааг дагнасан хяналт, шалгалтыг эрчимтэй явуулах, цуглуулсан нотлох баримтыг шинжлэн судлах, нээлттэй сонсголыг үр дүнтэй зохион байгуулж, иргэдийг мэдээллээр хангах, тайланг холбогдох хуулийн дагуу Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хороо байгуулахаар төсөлд тусгажээ.
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын хүрээнд байгуулсан нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээний үнийг судлан шалгаж, хэрэв Монгол Улсад ашиггүй байх нөхцөлөөр тогтоосон бол түүнийг яаралтай шинэчлэн шийдвэрлэхэд Улсын Их Хурлын зүгээс дэмжлэг үзүүлж ажиллах шаардлагатай байгааг төсөл санаачлагч танилцууллаа.
Нүүрс худалдах, худалдан авах гэрээний дагуу нийлүүлэх нүүрсний хэмжээг 2025-2029 онд нийт 27 сая тонн, 2030 оноос эхлэн жилд 20 сая тонноос бууруулахгүй, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайн олборлолтын төлөвлөгөөтэй нийцүүлэн коксжих, сул коксжих, эрчим хүчний нүүрсийг зохимжит хувь харьцаагаар нийлүүлэх буюу зөвхөн нэг төрлийн нүүрсийг сорчлохгүй байх талаарх асуудлыг хянан шалгаж тогтоосноор манай улсын экспортын орлогыг оновчтой төлөвлөх боломжийг зөв тодорхойлох нь нэн чухал хэмээн гишүүд үзжээ.
Энэ хүрээнд нүүрс худалдах, худалдан авахтай холбоотой гэрээ байгаа бөгөөд тус гэрээн дэх нүүрсний үнэ хэт хямд байгаа нь нэлээн анхаарал татаж байгаа гэв. Улсын Их Хурлын гишүүдэд холбогдох мэдээллийг тодорхой өгөхгүй байгаа гэдгийг Ж.Баярмаа гишүүн хэлээд “Нууцлагдсан оффтейк гэрээнүүдийг Засгийн газраас шийдвэр гарган ил болгосон ч Харбины хэлэлцээрийн хүрээнд хийгдсэн энэ гэрээ ил болоогүй. Гэрээ нь Монгол Улсын эрх ашигт нийцэж буй эсэх, нүүрсийг сорчлохтой холбоотой асуудал, үнийг хэрхэн тогтоосныг нягтлаж, шаардлагатай бол сайжруулах чиглэлээр ажиллах, Монгол Улсын эдийн засагт үр нөлөөтэй, нийтийн ашиг сонирхлыг хангасан бол бодит мэдээллийг үнэн зөвөөр олон нийтэд хүргэх зорилготой байгаагаа тайлбарлав.
“Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахыг санал хураалтад оролцсон гишүүдийн олонх буюу 64.7 хувь нь дэмжжээ.

