Sunday, December 7, 2025

Айдасгүй алхах эрхийг иргэддээ амлаж чадах уу?

Date:

Өвлийн эхэн сар хуучирч, ес эхлэх дөхөж байна. Тас нясхийсэн жавартай хүйтэн өглөө харуй бүрий дунд унадаг дугуйтай залуу явган зорчигчидтой хамт гарцаар гарч явна. Тэрбээр зам хөндлөн гараад цааш дугуйгаа жийн одов. Явган хүний зам халтиргаа ихтэй, дугуйн зам бүр харагдах бараа ч үгүй. Өглөө эрт хүний хөл хөдөлгөөн бага тулдаа л дугуйтай залуу төвөггүй жийж байх шиг. Явган хүний замаар ялимгүй нимгэн хялмаа гүйсэн тул гялгар хавтан дээр дугуй нь үе үе шарвах аж…

“Аз жаргалтай” Улаанбаатарын нэгэн өглөөний дүр зураг. Унадаг дугуйтай байтугай явган зорчигчид ч халтирч унах вий гэж болгоомжилж, хажуугийн хашаа, хайс, барилгын хана түшиж, хөлд орж буй хүүхэд шиг бээцэгнэнэ. Улаанбаатарт унадаг дугуй, скүүтэр, сурроны хэрэглээ сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байгаа ч дэд бүтэц хангалтгүй. Хангалтгүй гэдэг үг ч хангалтгүй. Явган хүний зам, унадаг дугуй, суррон, скүүтэрт зориулсан зам ерөөсөө байхгүй. Тийм төлөвлөлт хийгээгүй.

Хүндээ ойр, хүн төвтэй, хүний эрхийн мэдрэмжтэй хот төлөвлөлт гэж мэддэг ч үгүй нэгэн үе байсныг бодвол 20 минутын хот, Зөөлөн хот гэх мэт хот төлөвлөлтийн үзэл баримтлалыг Засгийн газар, яам, агентлагийн түвшинд ярьж, бичдэг болжээ. Гагцхүү цаасан дээр байгаа энэ яриагаа хэзээ амьдралд буулгаж ирэхийг таашгүй.

Тэр болтол хэчнээн хүн явган зам дээр гэмтэж, хэчнээн залуус унадаг дугуй, скүүтэр, сурроноос унаж бэртэж, амь нас, эрүүл мэндээрээ хохирсоор байх юм бол оо?

Унадаг дугуй болон шинэ төрлийн бичил цахилгаан тээврийн хэрэгсэл буюу цахилгаан дугуй /суррон/, цахилгаан скүүтерийн хэрэглээ сүүлийн 5 жилд эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор энэ төрлийн зам тээврийн осол, гэмтэл нийт 584 бүртгэгдсэн байна. Ялангуяа сүүлийн хоёр жилд энэ төрлийн тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол гэмтэл 4-5 дахин өсчээ.

ГССҮТ-ийн өгсөн мэдээллээр 2022-2024 онд буюу сүүлийн гурван жилд цахилгаан дугуй суррон, скүүтер, мопедоос үүдэлтэй нийт 887 осол гэмтлийн тохиолдол бүртгэгджээ. Харин 2024 онд улсын хэмжээнд суррон, скүүтер, мопедоос үүдэлтэй осол гэмтлийн 532 тохиолдол бүртгэгдэж, 3 хүн амь насаа алдсан байна. Тухайлбал, цахилгаан дугуйтай онхолдсон 2, скүүтерт мөргүүлсэн нэг ослын улмаас 3 иргэн амь насаа алдсан байна. Тээврийн цагдаагийн албаны мэдээллээр 2025 оны эхний зургаан сарын байдлаар суррон, скүүтэрийн ослоос болж 18 хүүхэд амиа алдсан байна.

Нийслэлийн 2040 он хүртэл хөгжих ерөнхий төлөвлөгөөнд явган хүний замын нийт уртыг одоогийн байгаагаас 9 дахин нэмэгдүүлэх, дугуйн замыг 20 дахин нэмэгдүүлэх, авто замын сүлжээг 17 мянган километрээр нэмэгдүүлж өргөсгөнө гэж тусгажээ. Энэ бол гэхдээ эрх баригчид, бодлого, шийдвэр гаргагчдын мөрөөдлийн жагсаалт юм. Хэчнээн гоё сайхан төлөвлөлт, төлөвлөгөө байгаад амьдрал дээр тэр нь хэрэгждэггүй, хэрэгжээгүй жишээ олон бий. Унадаг дугуйн зам бол тийм л хоосон төлөвлөлтийн нэг. Өнгөрсөн 12 жилийн статистикийг харахад унадаг дугуйн зам барих ажил цаасан дээр бол маш амжилттай хэрэгжиж иржээ. Жил бүр л тэдэн км дугуйн зам тавина гэж мэдээлдэг ч гүйцэтгэлийг нь хэн ч шалгаж, амлалт, төлөвлөлттэй нь тулгаж байсангүй. Хамгийн сүүлийн албан мэдээнд,

“Нийслэлийн зургаан дүүрэгт 2026-2028 онд нийт 253 км урт дугуйн замын барилгын ажил хийхээр төлөвлөсөн. Үүнээс 2026 онд 78.5 км урт дугуйн зам барих нарийвчилсан зураг төслийг боловсруулж байна. Тодруулбал, Сүхбаатар дүүрэгт 15.17 км, Чингэлтэй дүүрэгт 3.6 км, Баянзүрх дүүрэгт 28.23 км, Баянгол дүүрэгт 18.74 км, Хан-Уул дүүрэгт 9.18 км, Сонгинохайрхан дүүрэгт 3.6 км дугуйн зам барих юм. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 101.7 км урт дугуйн зам байна. Дугуйн замын нийт уртыг 2040 онд 1677 км хүргэхээр төлөвлөсөн” гэжээ. Өмнөх жилүүдийн статистикийг сөхвөөс,

2013 онд 58 км

2015-2020 онд 59.9 км

2018 онд 10.4 км

2020 онд 52.7 км

2022 онд 49.66 км

2023 онд 20 км дугуйн зам, 25 мянган ам метр явган хүний зам

2022-2024 онд 98 км урт дугуйн зам тавина гэж холбогдох төрийн байгууллагууд мэдээлж байжээ. 2018 онд нийт 162.8 км урт, 50 амралтын цэгтэй унадаг дугуйн зам барихаар зураг төсөл гаргаж, төсөв тооцоо нь гарч байсан. Хэрэгжсэн бол Улаанбаатар хот тэр чигтээ дугуйн замтай болчих байв. 2013 оноос хойш барина гэж мэдээлсэн дээрх дугуй замуудын уртыг нэмбэл 350 гаруй км болж байна. Улаанбаатар хот ийм хэмжээний дугуйн замтай бол түгжрэл хэдэн арав буурах сан. Гэвч амьдрал дээр стандарт шаардлага хангасан 20 км дугуйн зам ч байхгүй.

Энэ бол хүнээ боддоггүй төлөвлөлтийн алдаа. Төлөвлөснөө хэрэгжүүлдэггүй гүйцэтгэгчдийн булхай луйвар.

Уг нь хот байгуулалт, зам ашиглалтын чиглэлээр олон улсад мөрдөгддөг жишгээр бол явган зорчигчийн эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг. Хоёрдугаарт, дугуйн болон скүүтэртэй хүмүүсийн эрх ашиг, гуравдугаарт нийтийн тээвэр, хамгийн  сүүлд автомашинтай иргэдийн эрх ашгийг эрэмбэлдэг. Гэтэл Улаанбаатарт энэ нь эсрэгээрээ хэрэгждэг учраас унадаг дугуй болон явган хүний замыг ямагт хойш нь тавьж, авто замын өргөтгөл, шинэчлэлийг ярьсаар ирсэн. Өөрөөр хэлбэл хүнд ээлтэй хотыг бий болгох бус харин ч оршин суугчиддаа халтай төлөвлөлтийг хийсээр байгаа юм. Авто зам тавихдаа анхнаас нь явган хүний зам, унадаг дугуй болон цахилгаан дугуй зэрэг бусад тээврийн хэрэгслийн замыг төлөвлөдөггүй байдалтай явж ирсэн. Түгжрэл ихсэх тусам авто замаа өргөтгөхийг л урьтал болгохоос бус явган хүний зам, дугуйн зам тавихад анхаардаггүй. Сайндаа л сүүлийн жилүүдэд дугуйн зам барьж байгаа нь энэ гээд явган хүний замын талыг нь ногооноор будчихдаг болсон. Энэ нь унадаг дугуй, цахилгаан дугуй, скүүтэртэй зорчигчид явган хүний замаар хамт зорчиж, осол аваар гаргах нөхцөл бүрдэж байна.       

Нийслэлийн цагдаагийн газрын байрны дээр “Тайван хот таны оролцоо” гэсэн бичиг бий. Харин хашааных нь баруугаар тойрохоор айдас төрөм ийм замтай. Иргэндээ ээлгүй төлөвлөлтийн жишээ.

Ингэж нүглийн нүдийг гурилаар хуурна гэгчээр иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд аж төрөх нөхцөлийг бүрдүүлж байна гэж рекламдчихаад харин бүр аюултай, эрсэлтэй нөхцөл бий болгож байгааг таслан зогсоох ёстой. Нийслэлийн удирдлагууд иргэндээ ээлтэй хот төлөвлөлтийг хийх үүрэгтэй.   

Хүний амьд явах эрх бол төрөлхийн заяамал эрх юм. Ямар ч тохиолдолд тухайн хүнээс булаан авч болдоггүй эрхийн нэг. Хүн төрмөгц л амьд явах эрх нь үйлчилж эхэлдэг. Хүний амьд явах эрх өөрөөсөө үл шалтгаалсан байдлаар зөрчигдөж байна. Энэ нь төртэй холбоотой. Хүний амьд явах эрхийг зөрчигч хамгийн том субъект нь төр өөрөө болжээ. Яагаад ингэж хэлэв гэхээр төр иргэдийнхээ амьд явах эрхийг хэр баталгаажуулсан хууль эрх зүйн орчинг бүрдүүлж чадахгүй байгаагийн нэг жишээ нь дээр оршин суугчдадаа ээлгүй хот төлөвлөлт юм. Иргэд нь гудамжинд явж байгаад бэртэж гэмтэж, амь насаа алдаж байгаагаас хотын удирдлагууд анхаарал, сургамж авах ёстой.

Тэд иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах үүрэгтэй.Айдасгүй алхах эрхийг иргэддээ амлах ёстой. Тэгж чадахгүй байгаагаас өнөөдөр иргэд хотынхоо гудамжаар айх аюулгүй, амар тайван алхахыг зөвхөн мөрөөдөж л байна. Унадаг дугуй, цахилгаан дугуй унаад чөлөөтэй зорчихыг хүсэж байна. Иргэдийн энэ хүсэл мөрөөдөл бол төр засаг, хотын захиргааныхны хувьд зайлшгүй хийх ёстой ажил, үүрэг, нийтийн өмнө хүлээсэн хариуцлага нь юм. Хэдэн их наядын төсөвтэй барилга, байгууламж, авто зам бус гэрээсээ гараад алхахад эрсдэлгүй орчин бүрдүүлж өгөхийг л иргэд хүсэж байгаа.

Сэтгүүлч С.Солонго

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Мал, тэжээвэр амьтны тооллого эхэллээ

2025 оны мал, тэжээвэр амьтдын тооллого өнөөдөр орон даяар...

Ардчиллын өдрийн барилдаанд Улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

Ардчилсан хувьсгалын 35 жил, Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 25...

Монгол Улсын Ерөнхийлөгч Ватиканы Апостолын архив, номын санд зочилжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн...

Цаг уур, орчны шинжилгээний газар шинэ супер комьпютер HPC-г суурилуулжээ

Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр (2025.12.06) Цаг уур, орчны шинжилгээний...