“Эрчис Монгол” ХХК-ийн Стратеги, бизнес хөгжлийн газрын захирал Ж.МӨНХСАЙХАНААС төрийн өмчит компаниудад хийсэн санхүүгийн эрсдэлийн шинжилгээний үр дүнгийн талаар тодрууллаа.
-Төрийн өмчит компаниудад ямар зорилгоор хяналт шинжилгээ хийсэн юм бэ?
-Манай компани менежментийн үйлчилгээ үзүүлэх чиг үүргийнхээ хүрээнд харьяа компаниудын санхүүгийн тайланд санхүүгийн эрсдэлийн шинжилгээ хийсэн. Энэ ажил 2025 оны 5-р сараас эхэлсэн гэдгийг тодотгоё. Өнгөрсөн 11-р сард нэр бүхий хоёр компанийн орлого, зарлагад дүн шинжилгээ хийж, газар дээр нь ажилласан. Ингэхэд төрийн өмчит компаниудын санхүүгийн эрсдэл дунд ба дундаас өндөр үзүүлэлттэй гарсан. “Эрчис Монгол” компанийн үндсэн үүрэг бол төрийн өмчит харьяа компаниудын зардлыг бууруулах, орлогыг нэмэгдүүлэх юм. Санхүүгийн тайланд шинжилгээ хийх замаар үр ашиггүй зардлуудыг олж тогтоодог.
-Санхүүгийн эрсдэлийн шинжилгээгээр тогтоосон үр дүнг зарим нь ил, далдаар үгүйсгээд эхэлжээ. Жишээбэл “ТЭЦ-4”-ийн санхүү дээр ямар зөрчил илэрсэн юм бэ. Та тодорхой баримт хэлж болох уу?
-Засгийн газраас өгсөн даалгаврын дагуу Эрчим хүчний яамтай хамтарсан ажлын хэсэг гарч худалдан авалт, хөрөнгө оруулалт, санхүүгийн үйл ажиллагааны чиглэлээр эрчим хүчний 25 компанид зайнаас болон газар дээр нь очих замаар ажиллаж дүн шинжилгээ хийсэн. “ТЭЦ-4”-ийн хувьд ажлын хэсэг газар дээр нь очиж шинжилгээ, судалгаа хийсэн. Энэ явцад хөрөнгө ашиглалттай холбоотой хэд хэдэн асуудал анхаарал татсан. Өнгөрсөн оны эцсийн санхүүгийн тайлангаар 1.8 тэрбум төгрөгийн бараа материалыг үнэ цэнийн бууралт болгож бүртгэсэн байв. Үүнийг энгийнээр хэлбэл ийм хэмжээний бараа материал үнэ цэнгүй болсон, эсвэл буурсан гэж бүртгэсэн гэсэн үг. Дээрээс нь “ТЭЦ-4” компани өнгөрсөн болон энэ жил чамгүй хэмжээний бараа материал акталсан байдаг. Акталсан барааных нь 80-90 хувь нь техникийн үзүүлэлт таарахгүй буюу ашиглалтын горим зөрчсөн гэдэг шалтгаанаар акталсан байгаа юм. Худалдан авалт хийхдээ техникийн нөхцөл шаардлага хангаагүй бараа авсан гэсэн үг. Энэ бол зөвхөн нэг хэсэг нь. Төрийн өмчит компаниуд дээр нийтлэг байдаг үр ашиггүй зардал, худалдан авалтыг санхүүгийн тайланг нь үндэслэж илрүүлж байгаа юм. Энэ бол эрсдэлийн дүн шинжилгээний дүгнэлт.
-Өмнө нь аудитаас компанийн үйл ажиллагааны үр ашиг, худалдан авалтыг нь шалгаж байгаагүй юм уу?
-Шалгасан байх. “ТЭЦ-4”-ийн тухайд илүү нарийн мэдээлэл авъя гэвэл 2024 оны аудитын дүгнэлтийг үзэх хэрэгтэй.
-МИАТ ХК-ийн санхүүд багагүй зөрчил илэрсэн гэсэн. Санхүүгийн ямар зөрчил, алдаа байсан гэж дүгнэсэн бэ?
-МИАТ-ийн тухайд энэ оны эхний гурван улирлын санхүүгийн үр ашиг муудсан үр дүн гарсан. Санхүүгийн 9 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай байгаа. Үүнд дотоод, гадаад гээд олон шалтгаан мэдээж бий. Гадаад хүчин зүйл нь өрсөлдөөн ихсэж, өртөг зардал нэмэгдэж буй шалтгаан бий. Үндсэн үйл ажиллагааны зардалд тавих хяналт сайн хэрнээ үндсэн бус үйл ажиллагааных сул байгаа нь анзаарагдсан. Аливаа компанийн хувьд санхүүгийн үр ашиг муудна гэдэг сайн зүйл биш. Засаж залруулах шаардлагатайг илтгэж байгаа хэрэг.

–Онгоц худалдан авахдаа Монголд ашиггүй нөхцөлөөр гэрээлсэн гэдэг мэдээлэл үнэн үү?
-Бид төрийн хяналт шалгалт хийгээгүй, тус компанийн орлого, зарлагад нь дүн шинжилгээ хийхэд үр ашиг муудсан гэдэг үр дүн гарсан гэсэн үг. Ганц энэ хоёр ч биш, манай харьяаны төрийн өмчийн компаниудын санхүүд ийм дүн шинжилгээ цаашид ч үргэлжилнэ.
–Төрийн өмчийн олон компани данхар бүтэцтэй, үр ашиггүй гэж олон нийт шүүмжилдэг. Санхүүгийн эрсдэлийн шинжилгээ цаашид ч үргэлжилнэ гэж Та хэллээ. Тэгэхээр энэ нь төрийн өмчит компаниудын үр ашгийг сайжруулах ажлын нэг хэсэг гэж ойлгох нь зөв үү?
-Яг тэгж ойлгож болно. Төрийн өмчийн компаниуд үр ашиг муутай байгаа нь засаглалаасаа шалтгаалдаг. Тухайн төрийн өмчийн компанийн ТУЗ-ийн дийлэнх нь төрийн төлөөлөл байдаг. ТУЗ-д яам, тамгын газрынхан биш тухайн бизнесийн мэдлэгтэй, туршлагатай, ур чадвартай төлөөлөл орох нь үр ашгийг сайжруулна. Гүйцэтгэх удирдлагыг нээлттэй сонгон шалгаруулалтаар тодруулдаг, ажлын үр дүнг нь бодитоор үнэлдэг зарчимд шилжих шаардлагатай.
-Төрийн өмчийн компаниудыг үе шаттайгаар хувьчилна гэдгийг Ерөнхий сайд мэдэгдсэн. Олон нийтийн хяналтад орвол эдгээр компаниудад нүүрлэсэн хулгай цэгцэрч, засаглал нь бодитоор сайжирч чадах уу?
-Төрийн өмчийн компаниудыг олон нийтийн хяналтад шилжүүлэхийн тулд хамгийн түрүүнд санхүүг нь сайжруулах, ашигтай ажиллуулах ёстой. Компани ашигтай ажиллаж байж л үнэ цэнтэй болно, үнэлэгдэнэ. Ийм компанид л хүмүүс хөрөнгөө оруулж, хувьцааг нь худалдаж авна. Тийм учраас санхүүгийн үр ашгийг сайжруулах шаардлагатай. Өмч хувьчлалыг өнгөрсөн 20-30 жилийн хугацаанд “Үнэгүйдүүлж байгаад хийдэг” гэсэн ташаа ойлголт байсан байх. Одоо бол төрийн өмчийн компаниудын менежментийг сайжруулж, үргүй зардлыг бодитойгоор бууруулсныхаа дараа олон нийтэд санал болгох учиртай. Энэ бодлогын хүрээнд Засгийн газраас өгсөн үүргийн дагуу төрийн өмчийн компаниудад санхүүгийн эрсдэлийн шинжилгээг төлөвлөгөөний дагуу хийж байгаа юм.
Эх сурвалж: “Өнөөдөр” сонин

