Аонишики нэрээр барилддаг Украины сүмоч Данило Явгушин Японы мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд түрүүлэв. Монголчуудын сайн таних Аминишики буюу Ажигава оякатагийн удирддаг “Ажигава” дэвжээнд барилддаг сэкивакэ Аонишики кюүшюү башёг 12 даваа, гурван унаатай өндөрлүүлж, даваа, унаа тэнцсэн тул их аварга Хоошорюү С.Бямбасүрэнтэй нэмэлт барилдаан хийж давснаар эзэн хааны цомыг атгасан анхны украйн хүн боллоо.
Түүнчлэн тэрбээр макүүчид түрүүлсэн 4 дэх европ бөх болов. 14 башё барилдаад түрүүлсэн амжилтаараа түүхэнд 2-рт, 21 нас 8 сартай макүүчид түрүүлснээрээ түүхэнд Асашёорюү аваргын дээр 4-рт жагсчээ. Мөн тэрбээр хамгийн богино хугацаанд саняакү цолонд хүрсэн бөх, сүмод орсоор 13 башё барилдаж бүх башёдаа качикоши хийсэн, сэкитори болсоор бүх башёдаа 10-аас дээш даваа авсан, макүүчид орсоор 5 башё дараалан саншо буюу тусгай шагнал хүртсэн гээд амжилтууд тогтоогоод байна.
Данило Явгушин 2004 онд Украйны Винница мужийн төвд төржээ. 2022 оны дөрөвдүгээр сард Японд хөл тавьсан байна. Долоон настайгаасаа сонирхогчийн сүмогоор хичээллэн, 2019 онд залуучуудын ДАШТ-ээс хүрэл медаль хүртжээ. Энэ үеэр Японы Кансай их сургуулийн сүмогийн багийн ахлагч Арата Яманакатай танилцсан аж. 2022 онд Орос-Украйны дайн эхэлсний дараахан Германы дүрвэгсдийн хотхонд очихоор төлөвлөж байсан түүнийг Арата Яманака ятган Японд аваачиж Кансай их сургуулийнхаа сүмогийн хичээллүүлсэн байна. Тэрбээр Аминишики буюу Ажигава оякатагийн анхааралд өртсөнөөр 2023 оны долдугаар сараас түүний “Ажигава” дэвжээнд харьяалагдах болж, тухайн оны есдүгээр сарын башёгоос мэргэжлийн сүмод барилдаж эхэлжээ. Улмаар 2023 оны арваннэгдүгээр сар, 2024 оны нэгдүгээр сарын башёнуудад жоникүчи болон жонидан зиндаанд дараалан түрүүлж байжээ.

