Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг гардуулах талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэл хийлээ. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр “Дэлхийн мянганы суут хүмүүн, өнөөгийн дэлхий ертөнцийг үндэслэгчдийн нэг, Монгол түмний өнө мөнхийн бахархал, хаадын хаан эзэн богд Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой Монгол бахархлын өдөр маргааш тохиох гэж байна.
Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлж, нийгмийн дэвшлийг хангах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг бусад оронд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан Монгол Улсын хамтлаг, иргэн, хуулийн этгээд, төр нийгмийн зүтгэлтэнд уламжлалтай. Энэ жил Ардчилсан Үндсэн хуулийг хэрэгжүүлэх эх үндэс болсон хууль тогтоомжийг шинэчлэн батлах, Монгол Улсад хууль зүйн боловсролтой мэргэжилтэн бэлтгэх, үндэсний эрх зүйн тогтолцоо, хууль зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмэр хийгээд Их Эзэн Чингис хааны дэлхийн дахинд шударга ёс, энхийг тогтоосон их үйл хэрэг, гарамгай гавьяаг сурвалжлан судлахад олон жилийн нөр их хөдөлмөрөө зориулж, эх оронч үндэсний үзлийг төлөвшүүлэхэд олон арван бүтээл туурвин шинжлэх ухааны эргэлтэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн эрхэм хүндэт академич Содовсүрэнгийн Нарангэрэлийг Монгол Улсын төрийн эрхэм дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонгоор шагнан алдаршуулахаар шийдвэрлэсэн” хэмээн танилцууллаа.
Төрийн шагналт, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, Монгол Улсын Их Сургуулийн эмирит профессор, Япон улсын Нагояагийн их сургуулийн хүндэт доктор, Шинжлэх Ухааны Академийн жинхэнэ гишүүн, академич С.Нарангэрэл нь удам дамжсан багш, сурган хүмүүжүүлэгч, соён гэгээрүүлэгч төдийгүй нэрт хуульч, өмгөөлөгч, хууль тогтоогч, төр нийгмийн зүтгэлтэн юм. Академич С.Нарангэрэл нь 1975 онд Монгол Улсын Их Сургуулийг төгссөн цагаасаа хойш сургуульдаа 50 дахь жилдээ багшилж байна.

