Аж үйлдвэр эрдэс баялгийн яамнаас шатахууны асуудлаар өнөөдөр цаг үеийн мэдээлэл өглөө. Энэ үеэр шатахууны нийлүүлэлт тасралтгүй явагдаж байгаа бөгөөд үнэ нэмэгдэхгүй болохыг холбогдох албан тушаалтнууд яриандаа тодотгов. Сэтгүүлчдийн зүгээс шатахууны доголдол, үнийн асуудал улс төрийн нөхцөл байдалтай холбоотой эсэх, мөн Шатахуун түгээх станцууд зориуд хомсдол үүсгэсэн эсэхийг лавлаж асуусан бөгөөд яамны зүгээс дараах байр суурийг илэрхийлсэн билээ.
АҮЭБЯ–ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв: Иргэдэд хандаж хэлэхэд өмнө нь шатахуун хомсодсон нөхцөл байдлын талаар тодорхой зүйлсийг хэлсэн билээ. Мөн Монополын эсрэг газрын дүгнэлт нь хэдэн компани хоорондоо үгсэн хуйвалдаж нэгэн зэрэг үнэ нэмсэн асуудал нь шүүхийн шатанд явж байна. Улс төрийн нөхцөл байдалтай уялдуулаад шатахууны үнэ нэмэгддэг, хомсдол үүсдэг гэх асуудал Монгол Улсад үеийн үед тодорхой хэмжээнд яригддаг. Өнөөдөр 3.8 сая иргэн аюулгүй найдвартай байдлаа хангаж амьдрах ёстой. Хэдхэн компанийн асуудлаас болж улс төр нь тогтворгүй байдаг, иргэд нь бухимдалтай өдөр шөнөгүй гадаа оочирлодог. Ийм зүйл байж болохгүй. Тийм учир Монгол Улс тогтвортой байдлыг хангахын тулд газрын тос боловсруулах үйлдвэрийг маш богино хугацаанд барьж байгуулахаар зорьж байна. Үйлдвэрийг 2027 оны төгсгөл 2028 оны нэгдүгээр улиралд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Сүүлийн үед ажил эрчимтэй явагдаж байгаа учир 2027 оны төгсгөлд ашиглалтад оруулахын төлөө зорьж ажиллаж байна. Хэрэв энэхүү бүтээн байгуулалт ашиглалтад орвол Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүнийхээ 70 хувийг хангах нөхцөл байдал бүрдэнэ. ОХУ-тай найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлж, урд хөрш болох БНХАУ-аас бүтээгдэхүүнээ тогтмол авах асуудал яригдсаар л байна. Тийм учир ОХУ-аас 705 ам.доллароор АИ92 автобензинийг тогтмол импортлох гэрээ хэлэлцээр баталгаажсан учир үнэ нэмэгдэх нөхцөл байхгүй. Хоёрдугаарт, савны багтаамжийг нэмэгдүүлэх, шинээр агуулах барих, агуулах дотроо бүтээгдэхүүний сав барихад дэмжлэг үзүүлэх зорилготой Засгийн газар Их хурал 2026 оны төсөвт багтаан асуудлыг шийдвэрлэсэн. Мөн БНХАУ-аас бүтээгдэхүүнээ тогтмол худалдан авах гэрээ хэлэлцээрүүдийг хийж байна. Бид бүхэн иргэдийн аюулгүй найдвартай байдал, эх орныхоо батлан хамгаалах стратегийн бүтээгдэхүүний тогтвортой байдлыг найдвартай хангахын тулд цогц арга хэмжээ авч байгаа. Хэрэглээгээ цаашид нэмэгдүүлэхгүй байх бодлогын ажлууд, нөөцөө зөв хуваарилдаг байх,тогтвортой байхын зэрэгцээ асуудлууд шийдэгдвэл чанарт анхаарах ёстой. Чанарын асуудлууд бий. Ард иргэдийн амьдрал хэцүү байгаа учир үнэ нэмэхгүй байх бодлогын алхмуудыг хэрэгжүүлж байна. Хэрэв импорт нэмэгдээд ард иргэдийн эдийн засгийн нөхцөл сайжирвал Евро-5 стандартын бүтээгдэхүүнийг голчлон хэрэглэдэг, үнийг боломжийн нөхцөл байдалтай зах зээл рүү шилжүүлэх зэрэг бодлогын ажлууд үе шаттайгаар хийгдэнэ. Өнөөдрийн байдлаар ОХУ-ын дайны нөхцөл байдалтай холбоотой харьцангуй нийлүүлэлт багассан болохыг та бүхэн мэднэ. Энэ үед шатахууны үнэ нэмэгдвэл нөхцөл байдал хэцүү болно. Тиймээс тодорхой хэмжээнд бодлогын ажлуудыг хэрэгжүүлж, нөөцөө өсгөөд эдийн засагтайгаа уялдуулан үнийг чөлөөтэй болгож, улсын хувьд стратегийн нөөцөө өсгөвөл шатахууны үнэ тогтвортой, хангаж тасрахгүй болно гэлээ.

Мөн орон нутгийн шатахууны нөхцөл байдал болон БНХАУ-аас импортолж буй шатахууны үнийн асуудалд үргэлжлүүлэн хэлсэн үгэндээ “Улаанбаатар хотод хүн амын дийлэнх нь төвлөрсөн учир илүү анхаарал хандуулсныг та бүхэн мэдэж байгаа. Орон нутагт тодорхой хэмжээний доголдол бий болсон. Өнөөдрийн байдлаар савны хангамж нэмэгдэж байгаа учир доголдлыг арилгахад бүх түгээлтийг хийж байна. Өнгөрсөнд үүссэн доголдол болон өнгөрсөн шөнө оочир үүссэн асуудал дээр шатахууны хангалт сайжирч байгаа. Өмнө нь хомсдол үүссэнтэй холбоотой агуулахууд өдөр шөнөгүй ажилласан. Мөн хангалтыг нэмэгдүүлэхийн тулд Тээврийн цагдаагийн албатай хамтран өдрийн цагаар тээвэрлэлт хийсэн. Нэгэнт тодорхой хэмжээнд хангалт сайжирсан тул өмнөх байдлаар хангалт хийгдэж, оочир дугаар үүссэн асуудал гарлаа. Мөн Тээврийн цагдаагийн албатай хамтран өдрийн цагаар хангалт хийж байна. Өмнө нь бид өдөртөө 60-70 вагон хүлээн авч нөөц бүрдүүлдэг байсан бол 120 вагон хүлээн авч байна. Энэ бол зөвхөн өнөөдрийн асуудал биш. Сүүлийн долоо хоногийн мэдээ. Ерөнхийдөө доголдол арилж, нөөц бүрдүүлж байгаа учир орон нутагт шатахууны хангалт сайжирна. Зүүн бүсэд Эрээнцав боомтоор орж ирж байна.

