2020 оны 1-р сарын 1-нээс эхлэн Япон, АНУ-ын худалдааны гэрээ албан ёсоор хүчин төгөлдөр болжээ. Энэхүү гэрээ хэрэгжсэнээр Япон улсын хувьд АНУ-аас импортолсон үхрийн мах зэрэг хүнсний бүтээгдэхүүний үнэ буурахаар болжээ. АНУ-ын хямд бүтээгдэхүүнийг импортолсноос болж, Японы тариачид зах зээлийн ширүүн өрсөлдөөнтэй тулгарах болно гэж зарим ажиглагч үзэж байгаа аж. Япон, АНУ-ын худалдааны гэрээ хүчин төгөлдөр болсны дараа, Япон улс Америкийн хөдөө аж ахуйн 7 тэрбум ам.долларын өртөг бүхий бүтээгдэхүүний татварыг бууруулах буюу татвар авахгүй юм байна. Үүнд үхрийн мах, гахайн мах, бяслаг, дарс зэрэг багтаж байна. Нэгдүгээр сарын 1-нээс АНУ-ын үхрийн махны татвар 38.5 хувиас буурч 26.6 хувь болж, улмаар 9 хувь хүртэл буурах аж. Бяслагийн төрлийн бүтээгдэхүүний татвар 29.8 хувь байсныг тэглэж татвар авахгүй болжээ. Дарсны татвар ч мөн цуцлагдах юм байна. Японоос АНУ-д экспортлохын бүтээгдэхүүний хувьд, дээрх гэрээ хүчин төгөлдөр болсны дараа агааржуулагчийн сэлбэг, шатахуунтай зай, нүдний шил зэрэг бүтээгдэхүүний татвар цуцлагдах юм байна. Япон, АНУ худалдааны асуудлаар хэлэлцээ хийх үеэр Японы олон салбарынхан эх орноосоо АНУ-д экспортолж буй машин, машины холбогдох сэлбэг хэрэгслийн татварыг бууруулах буюу татвар авахгүй байх асуудлыг тавьж байжээ. Харин энэ удаад хүчин төгөлдөр болсон Япон, АНУ-ын худалдааны гэрээнд машин, машины сэлбэг хамрагдаагүй байна. Японы экспортын гол бүтээгдэхүүн болох автомашин, автомашины сэлбэг хэрэгслийн үнийн тарифын талаар хоёр тал энэ жил хэлэлцээгээ үргэлжлүүлнэ гэж NHK телевиз мэдээлжээ.
АНУ, Японы худалдааны гэрээ хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлжээ
Date: