Үндсэн хуулийн бус аргаар Ерөнхий сайдаа огцрууллаа гэдгийг УИХ-ын гишүүд болон хуульчид, Үндсэн хууль батлагчид хэлж байна. УИХ-ын чуулганы баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулсан үйл явц, санал хураалтыг хууль зүйн үүднээс шинжилбэл процедурын ноцтой зөрчил гарчээ. Хууль зөрчиж, Засгийн газрыг огцруулсан бол уг шийдвэр нь өөрөө хүчингүй болох үндэслэлтэй.
Үндсэн хуулиар тогтоосон цаг хугацааны шахалтад орж, яаран сандран алх цохиж Засгийн газрын хувь заяаг шийдэхдээ УИХ-ын дэд дарга хуулийн олон хил, хязгаарыг давж гишгэлээ. Зөрчлүүдийг эхнээс нь дурдъя. Чуулганы хуралдаан ирц бүрдүүлэхээсээ эхлээд хууль зөрчсөн. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 12.1-т зааснаар УИХ-ын нэгдсэн хуралдаан нь нийт гишүүний олонх хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцогдоно. Өөрөөр хэлбэл ирц бүрдэнэ. Пүрэв гарагт ирц бүрдээгүйгээс хуралдаан эхлэх боломжгүй болсныг олон нийт харсан. Тиймээс маргааш нь буюу баасан гарагт өмнөх өдрийн хуралдааныг “үргэлжилж байна” гэж үзэх ямар ч хууль зүйн боломжгүй. Ирцгүй хуралдаан бол хуралдаан биш юм. Гэтэл УИХ-ын баасан гаргийн хуралдааны ирцийг хууль бусаар “бүрдүүлсэн”. УИХ-ын чуулганы пүрэв, баасан гаргийн хуралдаан нь тусдаа, бие даасан хуралдаанууд. Пүрэв гаргийн хуралдаан ирцгүйн улмаас эхэлж чадаагүй бол тэр өдрийн хуралдаан болоогүйд тооцогдож, өндөрлөнө.
Иймээс баасан гарагт хуралдаан эхлэхдээ заавал шинээр ирцээ бүртгэж, хуралдаан эхлэх хууль ёсны нөхцөлийг хангах ёстой байв. УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Өчигдрийн ирц дээрээс үргэлжилнэ” гэж үзсэн нь Дэгийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл юм. Нэгэнт эхлээгүй хуралдааныг үргэлжлүүлэх боломжгүй нь энгийн логик. Пүрэв гарагт хуралдааны ирц бүрдээгүй байхад түүнийг “24 цаг үргэлжилсэн” гэж тооцож, маргааш нь тэрхүү хүчингүй байдал дээрээ тулгуурлан санал хураалт явуулсан нь хуулийг илтэд гуйвуулж буй үйлдэл болно. Хуулийн дагуу бол баасан гарагт шинээр ирц бүртгээгүй тул хуралдаан хууль ёсоор эхлээгүй гэсэн үг. Хууль ёсоор эхлээгүй хуралдаанаас гарсан ямар ч санал хураалт, тэр дундаа Засгийн газрыг огцруулах амин чухал шийдвэр хүчингүй гэсэн үг. Дэгийн тухай хуулийн 14.2-т “Санал хураалт явуулах үед энэ хуулийн 12.1-д заасан ирц хүрээгүй бол тухайн асуудлыг хойшлуулж, ирц бүрдсэн үед санал хураалт явуулна” гэж заасан. Энэ нь санал хураах мөчид ирц заавал бүрдсэн байх ёстойг ямар ч хоёрдмол утгагүйгээр заасан байна. Цэц энэ процедурыг илт хууль бус гэж үзэж, УИХ-ын тогтоолыг хүчингүй болгох магадлал маш өндөр. Парламентын хуралдааны дэг, журам нь зүгээр нэг хэлбэрийн төдий зүйл биш, ард түмний засаглах эрхийг төлөөлөн хэрэгжүүлж буй УИХ-ын шийдвэр хууль ёсны, хүчин төгөлдөр байхын суурь баталгаа гэж үздэг. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн хуралдаан дээрх зарчмыг бүхэлд нь үгүйсгэсэн, хууль бус үйлдэл болжээ.
Хоёрт, Засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхдээ Төрийн байгуулалтын байнгын хорооны саналын томъёоллоор санал хураалт явуулсан нь Үндсэн хуулийн зөрчил юм. Ерөнхий сайдыг огцруулах гэж улайрсан хэсэг бүлэг гишүүдийн үйлдэл ийм хууль бус алхам руу явах вий, Үндсэн хуулийн хилийг давчих вий гэдгийг пүрэв гаргаас эхлэн хуульчид, эрүүл, зөв хандлагатай хүн бүхэн сануулж байсан юм. Байнгын хорооны хуралдаан эхнээсээ хэт нэг талыг барьсан байдалтай болж, “Ерөнхий сайдыг огцруулъя” гэж нэр бүхий гишүүдийн өргөн барьсан саналаар бус өөр томъёоллоор санал хураасан нь Үндсэн хууль зөрчиж байгааг С.Бямбацогт, Н.Учрал нарын гишүүд албан ёсоор мэдэгдсэн.
Харамсалтай нь ийм зөрчлийг санаатайгаар үйлдсэн. 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр УИХ Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхдээ Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг нэгдсэн хуралдаанд зөвхөн танилцуулж, сонсоно гэдэг заалт оруулсан. Гэтэл Х.Булганзаяа дарга байнгын хорооны саналын томъёоллоор УИХ-ын нэгдсэн чуулган дээр санал хураалт явуулж Үндсэн хуулийг ноцтой зөрчив.
Энэ талаар академич С.Нарангэрэл “УИХ Төрийн байгуулалтын байнгын хорооны томьёоллоор санал хураалт хийлгэвэл маш ойлгомжгүй, эргэлзээтэй байдал үүсэж болзошгүй. Өөрөөр хэлбэл байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжье гэсэн маягийн нэн ойлгомжгүй Үндсэн хуулийн зөрчилдөөнтэй томьёоллоор санал хураалт хийгдэх болно шүү дээ. УИХ-ын гишүүд маш нухацтай хандахгүй бол энэ нь “төрийн эргэлт” болчихож магадгүй шүү. Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно” гэж заасан. Улсын Их Хурал Үндсэн хууль зөрчсөн томьёоллоор санал хураалт явуулсны үндсэн дээр Ерөнхий сайдыг огцруулж, шинэ Ерөнхий сайдыг томилоход хүрвэл нэг ёсондоо төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан асуудал болж хувирна” хэмээн пүрэв гарагт хэвлэлд өгсөн ярилцлагадаа анхааруулж байв.
Үндсэн хуулийн эрх зүйн асуудлаар дагнан мэргэшсэн, олонд “Иргэн” хэмээн алдаршсан хуульч Д.Ламжав “ТББХ “Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахыг дэмжихгүй” гэсэн саналыг УИХ-д оруулахаар тогтсон аж. Энэ саналыг “наанадаж 64 гишүүн дэмжвэл Ерөнхий сайд огцрохгүй үлдэнэ” гэж Д.Амарбаясгалан дарга тайлбарлав.
Үндсэн хуулийн “43.1 УИХ-ын гишүүдийн 1/4-ээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал УИХ 3 хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор хэлэлцэж шийдвэрлэнэ. УИХ-ын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоол батлагдсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно” гэж заажээ. Гэтэл ТББХ-ны санал “нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол” гэснийг “нийт гишүүний олонхи эсрэг саналыг дэмжсэн бол” гэж сольсон байна. Энэ бол 43.1 заалтыг ноцтой зөрчсөн байна.
ТББХ-ноос УИХ-д оруулсан саналыг хэлэлцэн Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн. Ерөнхий сайд Занданшатарын хүсэлтээр Цэц Үндсэн хуулийн маргаан үүсгэсэн байна. ТББХ дээр “Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжихгүй” гэсэн санал, УИХ дээр “ТББХ-ны энэхүү саналыг дэмжихгүй” гэсэн санал өгсөн гишүүн бүр ёс суртахуунгүй авирлажээ. Иймээс энэ сүүлчийн саналыг дэмжсэн 71 гишүүн ч мөн адил ёс суртахуунгүй авирлажээ. Энэ санал хураалтын дүнг ашиглан гаргасан УИХ тогтоол Үндсэн хуулийн “1.2 Ардчилсан ёс, шударга ёс, … , хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалтыг зөрчсөн байна” хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Гавьяат хуульч, ҮХЦ-ийн дарга асан Н.Жанцан “Хэний талд ямар үр дүн гарахаас үл хамаарч зөвхөн Үндсэн хуулиа хатуу дагах ёстой. Тэгж байж бид Үндсэн хуулийн хямралаас сэргийлэх болно” гэж онцолсон нь Үндсэн хууль бусад хуулийг зөрчиж байгаад ч хамаагүй санасандаа хүрэх гэсэн улстөрчдийн улайрлыг хэлээд байж. УИХ-ын гишүүн, АН-ын дарга О.Цогтгэрэл болон Б.Ганбат, Ж.Баярмаа, Б.Түвшин зэрэг олон хууль тогтоогчид пүрэв гаргийн байнгын хорооны шийдвэр болон баасан гаргийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны санал хураалт хууль бус бөгөөд байнгын хороон дээр Ерөнхий сайдыг огцруулахгүй дэмжихгүй гэж санал өгчихөөд чуулганы нэгдсэн хуралдаан дээр өөрсдийн гаргасан дэмжихгүй гэдэг саналаа дэмжихгүй гэж санал өгсөн нь нэг талаар залилан болсон талаар байр сууриа илэрхийлжээ. Эрх ашгийнхаа төлөө “Эцэг хууль”-д халдсан нь энэ УИХ төдийгүй парламентат ёсны цаашдын хүлээн зөвшөөрөгдөх чанар, дархлаа, төлөвшилд асар том ухралт, хор уршигтай үйлдэл боллоо.