Засгийн газрыг огцруулах асуудал шувтарсан цагаан бумбандаа буув. Баасан гарагт эхэлсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал даваа гарагт үргэлжлэх байсан ч холион бантан болж орхив. Бантагнуулсан хүн нь Байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир. Баасан гарагт ирц нь бүрдээд эхэлсэн хуралдааныг завсарлуулаад үргэлжлүүлж байгаа учир өчигдөр бол дэгийн дагуу шууд хуралдаад явах байсан. Гэтэл тэгсэнгүй. Энэ нь “өөрийн харьяалагддаг Байнгын хорооны хуралдаанд таслах эрхтэй оролцох, хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асуух, байр сууриа илэрхийлэх, санал гаргах, санал хураалгах” УИХ-ын гишүүний бүрэн эрхийг шууд хязгаарлаж байгаа хэрэг мөн гэдгийг хуульчид хэлж байна.
Ийнхүү байнгын хорооны дарга нь үндэслэлгүйгээр, эрх мэдлээ хэтрүүлэн даваа гаргийн хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасныг болон “Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахина” гэсэн тангаргаа зөрчсөн байна гэж үзэх үндэслэлтэй. Үүгээрээ Ц.Сандаг-Очир гишүүн Үндсэн хуулийн Цэцэд дуудагдах болзлоо хангачихсан.
Хууль зүйн наад захын мэдлэггүй хүн Байнгын хороог толгойлно гэдэг ийм л эмгэнэлтэй. Төрийн байгуулалтын байнгын хороо гэдэг бол УИХ-ын уураг тархи нь гэсэн үг. Ийм чухал, мэргэжлийн байнгын хороог мэдлэг, боловсролгүй хүмүүс удирдана гэдэг парламентын чадавхи, чадамж, бүтээмж, нэр хүнд, хүлээн зөвшөөрөгдөх чанар, дархлаа гээд бүх зүйлд сөрөг нөлөөтэй.
Нөгөө талаар Ц.Сандаг-Очир өөрөө ашиг сонирхлын зөрчилтэй. Өөрөөр хэлбэл Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжиж гарын үсэг зурсан гишүүн. Тиймээс уг асуудлаарх хуралдааныг даргалах нь хуулийн зөрчил биш боловч ёс зүйн хувьд зохимжгүй.
Д.Оюунхорол гишүүн ашиг сонирхлын зөрчилтэй тул боловсролын салбарын хууль хэлэлцэхэд оролцохгүй, санал өгөхгүй гээд чуулганы хуралдаанаас гарч байсан тохиолдол бий. Банк, санхүү, барилгын салбарын тухай болон архи, согтууруулах ундааны талаарх хууль хэлэлцэх үед энэ төрлийн бизнестэй гишүүд ашиг сонирхлын зөрчилтэй гээд санал хураалтад оролцохоос татгалзаж байсан нь Монголын парламентад жишиг болж үлдсэн. Ц.Сандаг-Очирт ийм ёс зүй байсангүй. Харин ч өөрийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэхийн тулд улайрч байгаа нь түүний жижиг сажиг үйлдэл, барьц алдсан мэдэгдлүүдээс харагдаж байна.
Тухайлбал, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг өнгөрсөн баасан гарагт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар нэгмөсөн хэлэлцээд шийдэж болох байсан ч “ажлын цаг дууслаа” гэдэг шалтгаар завсарлуулсан. Даваа гарагт үргэлжлүүлэн хуралдаж болох атал “АН, ХҮН намынхан ирцээр бойкотоллоо” гэдэг шалтаг хэлж тодорхойгүй хугацаагаар Байнгын хорооны хуралдааныг хойшлуулав. Энэ нь Засгийн газрыг огцруулах кноп хүрэхгүй болсных аж. Хэрвээ Байнгын хороо асуудлыг шуурхай хэлэлцээд нэгдсэн чуулганы хуралдаанд оруулчих юм бол П.Сайнзоригийн санаачилгыг дэмжих гишүүд хүчин мөхөсдөх нөхцөл үүссэн байна. Тиймээс Ц.Сандаг-Очир гишүүн Байнгын хорооны даргын эрх мэдлээ хэтрүүлэн, УИХ-ын хуралдааны дэгийн тухай хуулийг зөрчжээ.
Тэрбээр хуралдааныг хойшлуулах шалтаг хайж, арга саам хийн хойшлуулж, цаг хугацаа хожиж байгаа гэдгийг улс төрийн хүрээнийхэн хэлж байна. Ийм байдлаар асуудлыг ужгируулж, саармагжуулж байсаар хуулийн хугацаа дуусаж, Засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ 10 хоногийн дотор хэлэлцэж, шийдвэр гаргаж чадахгүй бол Үндсэн хуулийн зөрчил болно. УИХ буруутна.
УИХ-ын дарга болон уг асуудлыг хэлэлцсэн Байнгын хорооны даргын хувьд Ц.Сандаг-Очир Үндсэн хуулийн Цэцэд дуудагдах болно. Ц.Сандаг-Очирыг Цэцийн сандал хүлээж байгаа нь тодорхой болчихлоо.