Monday, October 13, 2025

52 жилийн дараа эзнээ олсон “Эндүүрэл”

Date:

Цаг хугацааг ухраагаад 1973 онд очиж хэсэгхэн саатацгаая. Улаанбаатарын гудамжинд “Волга”, “Лада” хаа нэг үзэгдэж, ПАЗ автобусууд шурхийн давхилдана. Үсээ урт ургуулж, өргөн шуумагтай жинсэн өмд, зузаан ултай платформ гутлаар гангарсан залуустай 40,50 мянгат хавьд тааралдах болно. Тэдний амны уншлага нь,

…Хонгорхон чамайгаа мөн гэдгийг

Хоёрхон нүд минь эндүүрээгүй

Ариухан сэтгэл чинь хэвэндээ гэж

Алагхан зүрх минь андуурлаа…

Ардын дуу биш, Адарсүрэн, Банзрагч, Түмэндэмбэрэлийн дуулдаг зохиолын дуу ч биш. Хөнгөн хөгжмийн аялгуу, хэмнэл цаанаа л нэг өөр. Зүрх сэтгэлийг соронздон татна. Гэвч… Ийм дуу дуулж болдог байгаа! Ийм дуу байж болдог юм байх даа! Хнн, гудамжны завхай дуу гингэнээд. Хүн хүний хүлээж авах нь энэ мэт.

Соёлын яамны орлогч сайд, Төрийн шагналт эрдэмтэн, зохиолч Ч.Лодойдамбын дэмжлэгээр УАДБЧ-ын ятгачин залуус Б.Наранбаатар, Ж.Батсайхан, Д.Цэрэнбат, Б.Эрдэнэхуяг, гитарчин Ш.Галсанбат, бөмбөрчин Г.Жаргалсайхан, дуучин Б.Нандинцэцэг, Л.Амарсанаа гэсэн бүрэлдэхүүнтэйгээр УАДБЧ-ийн дэргэд “Соёл-Эрдэнэ” дуу, хөгжмийн  чуулгыг байгуулж, 1971 онд анхны тоглолтоо хийжээ. Тус чуулга хожмоо “XX зууны манлай хамтлаг” алдрыг хүртэж, Монголын анхны рок поп хамтлаг хэмээн түүхэнд бичигдсэн юм.

“Соёл-Эрдэнэ” хамтлагийн уран бүтээл, тэр дундаа дуучин Баарайн Баяраагийн нэрийн хуудас болсон дуунуудын нэг бол “Эндүүрэл”. Уг дууг анх тус хамтлагийн гишүүн, басс гитарчин Жамъянгийн Батсайхан дуулж олонд хүргэжээ. Тэрбээр удалгүй гадаадад хөгжмийн сургуульд явсан тул “Эндүүрэл” дууг 1974 онд Монголын радиод бичүүлэхдээ дуучин Б.Баяраагаар дуулуулжээ. Дуу, дуучин хоёр ийнхүү бие биенээ тун амархан олж, Монголын эстрад урлагийн ууган хамтлагийн анхны дуунуудын нэг ингэж Баарайн Баяраагийн цээл тунгалаг хоолойгоор амилжээ. Харин энэ дуу үгийг нь бичсэн яруу найрагчаараа бүрэн, бүтэн нэрлүүлж чадалгүй 52 жил болсон нь жинхэнэ “эндүүрэл” байв уу, эсвэл!    

“Эндүүрэл” дууны аялгууг зохиосон Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, ОХУ-ын Буриадын Ардын жүжигчин, ОХУ-ын Засгийн газрын тэргүүн дээд шагналт Бадамгаравын Наранбаатар ийн дурсаж байна.

-“Эндүүрэл” дуу тэртээх 1973 онд Дэлхийн залуучууд оюутны X их наадамд оролцоод ирсний дараа төрсөн дуу. Энэ бол бодлогоширсон, хайр сэтгэлтэй хүнээ таньж чадаагүй, андуурсан, эндүүрсэн, амьдралд байдаг нэг тийм л өнгө аяс, агуулгатай дуу. Тухайн үед шинэ уран бүтээлийг баталдаг гадаад, дотоод хяналт гэж байлаа. Гадаад хяналтад оруулсан чинь энэ дууг зөвшөөрөөгүй. Нэг зохиолч,

-Тэр нөхөр андуурлаа, эндүүрлээ гээд байх юм. Тийм завхарсан дуу дуулж болохгүй гэж шүүмжлээд. Тэгэхээр нь би,

-Уучлаарай. Энэ амьдралд чинь баяр баясгалантай үеийн хажуугаар уйтгар гуниг, гэрэл, сүүдэртэй, хүний сэтгэлийн янз бүрийн өнгө аяс байна. Тийм амьдралаас урган гарсан бүтээл байна шүү дээ гэсэн чинь

-Эндүүрсэн андуурснаа бид энд дуулахгүй гээд намайг загнаж байсан. Тэр байтугай Б.Баяраагийн дуулж Монголын радиод бичүүлсэн бичлэгийг нэвтрүүлж болохгүй, олон түмэнд ямар үлгэр дуурайл болох юм гээд хориглосон. Гэсэн ч энэ дуу маань хэдэн сарын дараа олонд хүрсэн. Уран бүтээл гэдэг чинь хэнд ч, юунд ч хоригддоггүй юм байна л даа. Дуу  бол амьдралын сайн муу, хар цагаан, баяр цэнгэл, зовлон жаргал  бүхнийг багтаан хүнд хүрдэг. Тиймээс энэ дуу дуулагдсан.

            МҮОНР. “Дуун увдис” нэвтрүүлэг. 2025.05.18

Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Наранбаатар, Ардын жүжигчин Д.Жаргалсайхан нар

“Эндүүрэл” дууны шүлгийг Д.Нямдорж гэдэг хүн бичсэн гэдгээс өөр нарийн, тодорхой мэдээлэлгүй хагас зуун жил болжээ. “Соёл-Эрдэнэ” хамтлагийн гаргасан хуурцаг, цомог, дууны номд тэгж л бичигдэж ирсэн байна. Нэрд гарч, олны танил болсон Нямдорж нэртэй хоёр ч яруу найрагч бий. Гэвч тэд Нямбуугийн, Гүржавын гээд өөр овогтой. Тэгэхээр хэн нэгэн эхлэн бичигч, яруу найргийн хорхойтон, эсвэл бүтэлгүй дурлалдаа шаналсан залуу ийм нэгэн шүлэг бичсэн нь хөгжмийн зохиолч Б.Наранбаатарын гарт азаар очиж, энэ сайхан дуу төрөв үү?

Дээрх асуултын хариу оньсого мэт хэвээр. Дуу зохиогдсоноос хойш 52 жилийн дараа л учир нь олдож, учиг нь тайлагдах ёстой байжээ. Тэр болтол “Эндүүрэл” дуу өөрийнхөө түүхийг бичиж, үе үеийн залуусын зүрх сэтгэлд амьдарсаар байв.

Шүлэг нь хэлбэрийн хувьд маш энгийн хэрнээ, хүний сэтгэлийн дотоод зөрчил, хувьсал, өөрчлөлт, гомдол, харууслыг хурцаар илэрхийлсэн өгүүлэмжтэй. Агуулгын энэ цараа нь зохиогчоос илүү дутуу гоёчлол, зүйрлэл, сул үггүй, шахсан бяслаг мэт мөрүүдийг шаарджээ. Гүн ухааны бодрол, бясалгал, гуниг уйтгар, түүний цаадах гэгээрэл, эгээрэл шингэсэн шижир тунгаамал уртын дууны мөр, бадаг шиг ийм нягт чигжүү үгээр эстрадын хөнгөн аятай дуу бичиж болдог ажээ гэж ч гайхмаар.        

Аялгуу нь ч гэж аялгуу. Хөгжмийн зохиолч энэ шүлгийг маш сайн мэдэрч аялгуу зохиожээ. Дэлхийн орчин үеийн хөгжмийг Монголд анх эгшиглүүлсэн “Соёл-Эрдэнэ” хамтлагийн бүтээл шүү дээ. Ардын дууг рок, поп хэлбэрт оруулан найруулж, олон хоолойгоор дуулж, хөгжимдөж байсан тэр залуус өөрсдөө ийм эстрад дуу зохиож эхэлсний нэг нь “Эндүүрэл”. Дуучин Баарайн Баяраа энэ дууг нүдэндээ нулимстай дуулдаг, дуулах бүрдээ ингэж мэлмэрүүлдэг. Зарим үзэгч бүр эхэр татан уйлж сонсдог, хүний сэтгэлд тэгж хүрсэн бүтээл болсон гэдгийг хөгжмийн зохиолч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Наранбаатар дурсчээ. Энэ дууг 2000-аад оны эхээр болсон түүний тайлан тоглолтод “Классик жем” хамтлагийн ахлагч Х.Энхтайван дуулж, улмаар “Хүрээд ирлээ” цомогт нь оржээ. Мөн “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 50 жилийн ойн хүрээнд хийсэн “Орон даяар” гэж нэртэй нэвтрүүлэгт дуучин Наки буюу Б.Нацагдорж төгөлдөр хууртай дуулж, шинэ өнгө аясаар олонд хүргэжээ. Ийнхүү өнөөгийн залуус “Эндүүрэл”-ийг шинэчлэн дуулсаар, сонссоор байна. 

МҮОНР-гийн уран бүтээлч Н.Болортунгалаг олны зүрх сэтгэлд хоногшсон дууны уран бүтээлүүдийн түүхийг өгүүлдэг “Дуун увдис” нэвтрүүлгийнхээ ээлжит дугаарт “Эндүүрэл” дууг сонгож авчээ. Хөгжмийг нь зохиосон УГЗ Б.Наранбаатарыг олоод авч. Харин шүлгийг нь бичсэн Д.Нямдорж гэж хэн бэ гэдгийг тодруулах хэрэгтэй болжээ. МЗЭ-ийн Яруу найргийн Үндэсний төвийн тэргүүн, яруу найрагч Н.Минжинсайханд “Эндүүрэл” дууны шүлгийг үзүүлсэнд “Төрийн шагналт яруу найрагч Нямбуугийн Нямдорж гуайн шүлэг байж мэднэ. Бичлэгийн өнгө аяс нь тун адилхан байна” гэжээ. Ингээд Нямбуугийн Нямдоржийн өвийг хамгаалах “Дорно” сангийнханд хандсанаар “эрэл”-ээ олох нь тэр.  

ЭНДҮҮРЭЛ

Хонгорхон чамайгаа мөн гэдгийг

Хоёрхон нүд минь эндүүрээгүй

Ариухан сэтгэл чинь хэвэндээ гэж

Алагхан зүрх минь андуурлаа.

Хайртайхан чамайгаа мөн гэдгийг

Харах нүд минь эндүүрээгүй

Халуухан сэтгэл чинь хэвэндээ гэж

Хархан зүрх минь андуурлаа

Нямбуугийн Нямдорж найрагчийн 1973 онд хэвлүүлсэн “Онон” шүлгийн түүврийн 58 дугаар хуудаснаа дээрх шүлэг бий. Энэ дуу зохиогдож олонд хүрснээс хойш 23 жилийн дараа Н.Нямдорж найрагч тэнгэрт хальжээ. Энэ хугацаанд өөрийн зохиосон шүлэг нь дуу болон эгшиглэж байгааг мэдсэн байж таарна. Овог нь буруу ташаа бичигдсэнээс болж Нямбуугийн Нямдоржийн биш өөр хэн нэгэн Нямдоржийн бүтээл мэт ойлгогдсоор байгааг ч анзаарсан л байх. “Эндүүрэл”-ийг тэгж эндүүрэх нь ч зөв байсан биз. 1970-аад оны дунд үе бол Н.Нямдорж найрагчийн амьдралын хамгийн хүнд хэцүү, бэрхшээл, сорилттой он жилүүд байв. Хэнтийн Баян-Овоо суманд багшилж, Сүхбаатар аймгийн сонинд сурвалжлагчаар ажиллаж, төрсөн нутаг Батширээтдээ модны үйлдвэрт ачигч хийж явсан үе нь. Социалист нийгмийн үзэл сурталд тэнцэхгүй “эсэргүү” яруу найрагчийн шүлгэнд ая  хийж дуулсан нь мэдэгдэх аваас  дөнгөж байгуулагдаад байсан “Соёл-Эрдэнэ” хамтлаг тарах, хаагдах дээрээ ч тулж мэдэх байсан болов уу. Үүнийг нь мэдээд найрагч бээр уг дууг өөрийн нэрээр дуудуулахаас цааргалсан байж болох. Нэгэн цагт, үзэл суртлын эндүүрэл арилахад “Эндүүрэл” дуу нь “Нямбуугийн Нямдоржийн шүлэг” хэмээн зарлуулна гэдгийг харин тэрбээр найрагчийн зөн совингоор маш сайн мэдэж байсан буй заа.   

Аливаа уран бүтээл зохиолчийнхоо гараас гарсан л бол тэр ард түмнийх, олон нийтийнх болдог. Өөр өөрийн хувь тавилангаараа явдаг. Гэхдээ энэ нь уг зохиолыг өөрчилж, хувиргаж, зохиогчийг нь сольж, эсвэл бүр мартаж болно гэсэн үг биш. Домогт “Соёл-Эрдэнэ” хамтлагийн анхны бүтээлүүдийн нэг, нэрт дуучин Баарайн Баяраа агсны нэрийн хуудас болсон “Сэтгэлийн жигүүр”, “Зүрхний айзам”, “Учралын уянга”, “18 нас минь намайг бүү орхиоч”, “Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай”, “Хотын гэрэлт гудамжаар алхаж явах сайхан”, “Тэмээн жингийн цуваа” зэрэг олны зүрх сэтгэлд хоногшсон дуунуудтай нь хамт бичигддэг “Эндүүрэл” дууны эндүүрэгдсэн түүх ийм. Үзэл суртлын улаан шугамыг даван эгшиглэсэн энэ дуу 52 жилийн дараа үгийг нь зохиосон яруу найрагчаараа нэрлүүлэх боломжтой болж байна.

Монгол Улсын Төрийн шагналт яруу найрагч Нямбуугийн Нямдоржийн шүлэг, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Бадамгаравын Наранбаатарын хөгжим “Эндүүрэл”… Радио, телевизийн цэнхэр долгионоор, уран бүтээлийн тоглолт, концертын тайзнаа хагас зуун жилийн дараа анх удаа ингэж зарлах болно.

Сэтгүүлч Г.Сонинбаяр

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Оюу толгойн зээлийн хүүг бууруулахаар хөрөнгө оруулагч талд хэлэлцэх санал хүргүүлжээ

Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 67 дугаар захирамжаар...

800 айлын орон сууцны эхний ээлжийг энэ сард улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулна

Төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах “20 минутын хот” бодлогын хүрээнд...

УИХ дахь АН-ын бүлэг 36 оффтэйк гэрээний талаар мэдээлэл сонсчээ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит өнөөдрийн /2025.10.13/ хурлаараа...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын...