Monday, October 13, 2025

Улс төрийн нөхцөл байдлын талаар МҮХАҮТ мэдэгдэл гаргажээ

Date:

УИХ, Засгийн газрын түвшинд үүсээд буй ойлгомжгүй нөхцөл байдал, хувь улстөрчдийн эрх мэдлийн төлөөх өрсөлдөөнөөс улбаатай хагарал, тэмцэл хувийн хэвшил, бизнесийнхэнд хүндээр тусаж, эдийн засгийн хямрал болж даамжрах эрсдэлтэй байна гэж үзэж Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимаас мэдэгдэл гаргажээ. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

МЭДЭГДЭЛ
Монгол Улсын Үндсэн Хуульд заасан хувийн хэвшлийн баталгаа, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулах төрийн үүрэг хэрхэн зөрчигдөж байгаа нь өнөөдрийн улс төрийн хүрээнд өрнөж байгаа үзэгдлээс илэрхий харагдаж байна.
Улс төрчдийн төрийн эрх мэдлийн төлөөх зөрчил,тэмцэл нь Монгол төрийг хямралын хэмжээнд хүргэж, улмаар улсын төсвийг бүрдүүлэгч хувийн хэвшил, аж ахуй нэгжүүдийг улс төрчидтэй холбогдуулан ажил хэргийн нэр хүндэд нь халдах, гүтгэн гүжирдэх үйлдлүүд хэрээс хэтэрч, газар авлаа.
УИХ-ын гишүүд, зарим улс төрчдийн эрх мэдэлдээ дулдуйдан төрийн нийтийн хамааралтай өмч, хөрөнгийг хувийн ашиг сонирхолын үүднээс завшиж, улмаар авлига, албан тушаал, эрүүгийн онц хүнд гэмт хэргүүдийг үйлдсэн байж болзошгүй талаарх олон нийт, нийгмийн сүлжээгээр цацагдаж байгаа асуудлуудыг нэн яаралтай хууль, шүүхийн байгууллага шалгаж,буруутай этгээдүүдэд зохих хуулийн хариуцлага хүлээлгэн шударга ёсыг тогтоох шаардлагатай.
Хууль тогтоогч болон гүйцэтгэх засаглал хоорондын зөрчил даамжирснаар парламентаар хэлэлцэн батлах ёстой ирэх оны төсөв, баялаг бүтээгчдийг дэмжих багц хуулиуд, татварын багц хууль, хөрөнгө оруулалтыг дэмжих хууль зэрэг бизнесийн орчинд холбогдох хууль, дүрэм журам, бодлогын баримт бичгүүдийг батлах явц удааширлаа. Мөн бизнес эрхлэгчдийн өмнө тулгарсан 2013-2015 оны их хямрал, 2020-2022 онд туулсан цар тахлын нөлөө, гадаад орчин дахь дайны болон тарифын хямралт байдал зэрэг хүндхэн нөхцөл, сорилтыг 10 гаруй жил даван туулж өнөөг хүрсэн хөдөлмөрийн хамт олны хичээл зүтгэл, үр дүн, бий болгосон баялгийг үнэгүйдүүлж эхэллээ.
Иймд үндэсний баялаг бүтээгч, бизнес эрхлэгчдийнхээ үйл ажиллагааг улс төрийн явуургүй, үнэн бодит эсэх нь тодорхойгүй мэдээллүүдээр харлуулж буй үйлдлүүд нь бизнесийн орчин, цаашлаад эдийн засаг, татвар бүрдүүлэлт, хөрөнгө оруулалтад эрсдэл учруулах бодит нөхцөл болж байгааг ухамсарлаж, бий болсон зөрчилдөөнтэй байдлыг нэн даруй таслан зогсоохыг шаардаж байгаагаа Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим, бизнесийг дэмжих байгууллагууд болон салбар холбоодоос хамтран мэдэгдэж байна.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМ

2025.10.10

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Оюу толгойн зээлийн хүүг бууруулахаар хөрөнгө оруулагч талд хэлэлцэх санал хүргүүлжээ

Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 67 дугаар захирамжаар...

800 айлын орон сууцны эхний ээлжийг энэ сард улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулна

Төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах “20 минутын хот” бодлогын хүрээнд...

УИХ дахь АН-ын бүлэг 36 оффтэйк гэрээний талаар мэдээлэл сонсчээ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит өнөөдрийн /2025.10.13/ хурлаараа...

52 жилийн дараа эзнээ олсон “Эндүүрэл”

Цаг хугацааг ухраагаад 1973 онд очиж хэсэгхэн саатацгаая. Улаанбаатарын...