Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ард түмэндээ хандаж мэдээлэл хийлээ. Ерөнхий сайдын мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
-Өнөөдөр бид 2025 оны долоодугаар сарын 09-ний өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, хяналт шалгалтын ажлыг эхлүүлж, нүүрсний хулгайтай тэмцсэн ажлынхаа үр дүнг та бүхэнд танилцуулж байна.
Эдийн засгаа сэргээхийн тулд нүүрсний хулгайтай тэмцэхээс бид ажлаа эхлүүлсэн. Эдийн засгаа сэргээнэ гэдэг бол нүүрсний хулгайтай тэмцэнэ гэсэн үг, нүүрсний хулгайтай тэмцэнэ гэдэг бол эдийн засгаа сэргээнэ гэсэн үг.
Намайг Ерөнхий сайдаар томилогдоход төсөв 3.3 их наяд төгрөгөөр тасрах эрсдэл үүссэн, эдийн засгийн өсөлт 2.4 хувь болж унасан. Энэ бол нүүрсний үнэ буурснаас, нүүрснээс шалтгаалсан байсан. Ингээд ажлаа аваад анх удаа түүхэндээ улсын төсвийг 2.2 их наядаар хэмнэсэн төсвийн тодотгол хийсэн.
Өнөөдөр эдийн засаг есдүгээр сарын байдлаар сэргэсэн. Наймдугаар сарын дүнгээр эдийн засгийн өсөлт 5.7 хувьд хүрсэн. “Эрдэнэс Тавантолгой”-д онцгой дэглэм тогтоосны үр дүнд наймдугаар сарын байдлаар борлуулалтын орлого нь 1.6 дахин өссөн, биржийн тээвэр 1.5 дахин өссөн. Экспорт 1.2 дахин өссөн. Үр ашиг нь гурав дахин өссөн. Орлого 1.3 дахин өссөн. Олборлолт 1.1 дахин өссөн. Энэ бүхэн бол тэнд бугшсан байсан хулгайтай тэмцсэний үр дүн юм байгаа юм. Энэ бүхний үр дүнд эдийн засаг 5.7 хувиар өсөөд, валютын нөөц 5.7 тэрбум доллар болж нэмэгдээд ийм эерэг үзүүлэлтүүд гарч байгаа нь тэнд бугшсан байсан нүүрсний хулгайтай тэмцсэний үр дүн. Тэнд явуулсан хяналт шалгалтуудын үр дүнд нүүрсний хулгайн маш олон арга хэлбэрүүд ил тод болсон.
Бүгд нотолгоотой, баримттай. АТГ-т шилжүүлсэн. Нүүрс баяжуулах үйлдвэр. Нэг их наяд төгрөгөөр барьж байгуулсан үйлдвэрийг 18 км-ийн цаана яагаад байгуулсан бэ. Энэ хооронд 1.5 сая төгрөгөөр тээвэр хийдэг байсан. Онцгой дэглэм тогтоосноор 400 мянган төгрөг болж буурсан. Долоодугаар сарын 19-ний өдөр бид “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхай дээр очиж ажиллахад олон арван хулгайн тухай яригдаж байсан. Бүгдийг нь таслан зогсоож, АТГ-т шилжүүлсэн. Ийм хол зайд барьчихаад Бортээг гэдэг уурхайн аман дээр болохоор баяжуулах үйлдвэр барьчихсан. Тэр нь ашиглалтгүй. Энэ тээвэр зөөвөр нь бүгд асар өндөр өртөгтэй. 280 тэрбум төгрөгөөр конвер барихаар, тэр конвер нь хэзээ барьж дуустал нөгөө нэг их наядын үйлдвэр маань үр ашиггүй. 10 сая тонн угаах хүчин чадалтай энэ нүүрсний үйлдвэр ашиглалтад орсон бол ёстой нөгөөх 44 их наядын хулгайгаас илүү орлого Монгол Улсад ирээдүйд, урт хугацанд орох болоцоотой ийм үйлдвэр бараг ажиллахгүй сул зогсож байгаа юм. Ийм үрэлгэн задгай байдал байсан. Одоо тэрнийгээ ашиглалтад оруулахын тулд 280 тэрбум төгрөгөөр тийшээ конверын шугам барьж байгаа.
Ийм учраас бидний зүгээс нүүрсний хулгайг бүрмөсөн таслан зогсоохын тулд, эдийн засгаа сэргээхийн тулд тэнд байгаа орд газруудын үр ашгийг сайжруулах шаардлага гарсан. Тийм учраас Монгол Улсын төсөвтэй хамт эдийн засгийн эргэлтэд ороогүй байгаа цорын ганц орд болох Тавантолгойн таван ордын Бор тээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан. Энэ Бор тээгийн ордыг ашиглах тухай тогтоолын төслийг өргөн баримагц гурван сарын өмнө нэр дэвшихгүй гэж байсан УИХ-ын дарга маань яаран сандарч, нэр дэвших мэдэгдэл хийж эхэлсэн. Та бүхэн санаж байгаа. Залуучууд гудамжинд жагсаж, нүүрсний хулгайтай тэмцэхийг шаардаж байсан. УИХ, Засгийн газар тухайн үед нээлттэй сонсгол зохион байгуулж, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр тухайн үед нээлттэй сонсгол зохион байгуулж байсан. Би яг үүнтэй адилхан УИХ-ын даргыг нүүрсний хулгайн эсрэг тэмцэлд хамтран ажиллана гэж итгэж байсан. Нүүрсний хулгайд холбогдсон гэдэгт нь итгэхийг хүсээгүй. Харамсалтай нь УИХ-ын дарга энэ асуудлуудад нэр холбогдсон байсан. Өнөөдөр эвлэлдэн нэгдэх тухай ярьж байна. Эв нэгдэл шударга ёсон дээр тулгуурлах ёстой.
Тийм учраас Монгол Улсын Ерөнхий сайд би Монгол Улсын Үндсэн хуульд заасан онцгой бүрэн эрхийнхээ дагуу УИХ-ын гишүүн Баттөмөрийн Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж байгаагаа ард түмэндээ хандан мэдэгдэж байна. Нүүрсний хулгайтай хийх тэмцлээ илүү эрч хүчтэй, эрс шийдэмгий үргэлжлүүлэхийн тулд Баттөмөрийн Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо.


