Донецк мужийн Горловка хотын ойролцоо Украйны засгийн газар болон Украйны зүүн биеийн иргэдийн салан тусгаарлагч зэвсэгт хүчнийхэн өчигдөр ялтан солилцсон байна. 2017 оноос хойш хоёр тал анх удаа олон тооны ялтан солилцож байгаа нь энэ юм. Украйны “Интерфакс” агентлагийн мэдээлснээр, Донецк муж, Луганск мужийн иргэдийн зэвсэгт хүчнээс Украйны засгийн газарт 80 орчим хүн, Украйны засгийн газраас иргэдийн зэвсэгт хүчинд 120 хүнийг шилжүүлэн өгсөн байна. Энэ нь 13 мянган хүний амь нас сүйдсэний дараа сөргөлдөгч талууд энхийн гэрээг хэрэгжүүлэх, итгэлцлийг бий болгох алхам гэж ажиглагчид үзэж байна.
2017 оны арванхоёрдугаар сарын 27-нд Украйны засгийн газар болон зүүн биеийн иргэдийн зэвсэгт хүчин олон тооны ялтан солилцож, тухайн үед иргэдийн зэвсэгт хүчнээс Украйны засгийн газарт 74 хүн, Украйны засгийн газраас эсрэг талдаа 238 хүнийг шилжүүлэн өгч байжээ. 2014 оны дөрөвдүгээр сард, Украйны зүүн биеийн Донбасс бүсэд Украйны засгийн газрийн арми болон иргэдийн зэвсэгт хүчний хооронд их хэмжээний мөргөлдөөн гарсан юм. Олон улсын хамтын нийгэмлэгийн зуучлалаар мөргөлдөгч хоёр тал 2014 оны есдүгээр сар, 2015 оны хоёрдугаар сард Минскт тус тус гал зогсоох гэрээ байгуулж, гал зогсоох шугам тогтоожээ. Үүний дараа,том хэмжээний зэвсэгт мөргөлдөөн хяналтад орсон юм. Гэвч бага хэмжээний буудалцаан гарсаар байгаа ажээ. Энэ сарын 9-нд, Украйны зүүн биеийн мөргөлдөөнийг зохицуулах зорилготой “‘Норманд загвар”-ын дөрвөн орны дээд хурал Парист Франц, ОХУ, Герман, Украйн дөрвөн орны удирдагч оролцсон юм. Уг ууулзалтаар энэ он дуусахаас өмнө Украйны зүүн бүсэд бүх талаар гал зогсоохыг талууд амалсан байна. Хурлын үеэр, Украйны ерөнхийлөгч Володимыр Зеленский, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар уулзаж, хоёр тал Украйны зүүн бүсээс цэргээ татах, ялтан солилцох шинэ ээлжийн асуудлын тухай хэлэлцсэн ажээ.