Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран энэ сарын 10-12-ны өдөр Шведийн Хант Улсад болсон “Сонгуулийн шударга байдал” олон улсын бага хуралд оролцлоо.
Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн (International IDEA)-ийн 30 жилийн ойн хүрээнд тус хүрээлэнгийн гишүүн орнуудын сонгуулийн байгууллагуудын оролцсон олон улсын бага хурлаар сонгуулийн зохион байгуулалтын сорилт, хараат бус байдлыг онцлон хэлэлцлээ. Хуралд оролцогч гишүүн байгууллагууд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ тодорхойлсон “Стокхольмын тунхаглал” баримт бичиг батлав.
Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Кевин Касас Замора, комиссар Ирфан Рахман нар сонгуулийн удирдлагын байгууллагуудын 30 жилийн оролцоо болон тулгарч буй сорилтын талаар илтгэл хэлэлцүүлснээр бага хурал эхэлсэн.
“Хувьсан өөрчлөгдөж буй дэлхийд сонгуулийн байгууллагуудын манлайлал” салбар хэлэлцүүлгийн үеэр сонгуулийн байгууллагын хараат бус байдал, манлайлал, олон нийтийн итгэл хүлээсэн бие даасан байгууллага байхын ач холбогдлыг онцолсон юм. Түүнчлэн сонгуулийн байгууллагын бие даасан байдлыг улс төрийн дарамт шахалт, олон нийтийн эсэргүүцэл болон бусад эрсдлээс хамгаалах талаар Холбооны Бүгд Найрамдах Бразил Улс, Бүгд Найрамдах Филиппин Улс, Бүгд Найрамдах Латви Улс, Бүгд Найрамдах Намиби Улсын сонгуулийн байгууллагын удирдлагууд илтгэл хэлэлцүүллээ.
Улс төрийн намын санхүүжилтийн нээлттэй, ил тод байдлыг хангах, сонгогчдын сонгох эрхийг бүрэн хангах, олон нийтийн итгэл хүлээх зэрэг манлайллын талаарх “Шинэтгэлийн үеийн сонгуулийн байгууллагын манлайлал” салбар хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс, Чилийн Бүгд Найрамдах Улс, Украин, Канадын Бритиш Колумба дахь сонгуулийн байгууллагын удирдлагууд туршлагаа хуваалцав.
Гадаад улсад амьдарч байгаа иргэдийнхээ сонгох эрхийг хангах, сонгуульд оролцогчдын сурталчилгаа, санхүүжилт зэрэг тулгамдсан асуудалд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг сахих, ардчилсан сонгуулийг хамгаалах олон улсын тусламжийн талаар “Сонгуулийн шударга байдал-олон улсын хамтын ажиллагаа” салбар хуралдаанаар хэлэлцсэн юм.
“Сонгуулийн шударга байдал” олон улсын бага хурлын төгсгөлд оролцогчид “Стокхольмын тунхаглал”-ыг хэлэлцэж батлав. Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран тус хуралд оролцох үеэр Монгол Улсад “Сонгууль ажиглах Азийн жишиг төв” байгуулахад хамтран ажиллах Санамж бичгийг Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн (International IDEA)-тэй байгуулсан юм. Түүнчлэн БНЭУ-н Сонгуулийн байгууллагын дарга Шри Гянеш Кумартай уулзаж, хамтын ажиллагааны талаар ярилцлаа.