Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 07 сарын 24-ний өдрийн 08 тоот тогтоолоор 20 минутын хот Үндэсний хороог байгуулсан. Үндэсний хороо нь хотын хэт төвлөрлийг сааруулах, нийгмийн үйлчилгээг 20 минутын дотор авах хүнд ээлтэй шинэ орчин, нөхцөлийг бүрдүүлэх бодлого, авто замын түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлын эсрэг нэгдсэн бодлого тодорхойлох, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, энэ чиглэлээр төрийн захиргааны бүх шатны байгууллага, нутгийн захиргааны байгууллагын ажлыг уялдуулан зохицуулах, төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, хувийн хэвшлийн байгууллага, иргэдтэй хамтран ажиллах, тэдгээрийн санал, санаачилгыг дэмжих, нийслэл хотын нэгдсэн стандартыг боловсруулахад бодлогын дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй. Энэхүү чиг үүргийн хүрээнд 2024-2025 оны хооронд хийж хэрэгжүүлсэн ажлыг тоймлон хүргэвэл:
20 минутын хот Үзэл баримтлалыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлэн болов:
20 минутын хот Үндэсний хорооны ээлжит хуралдаанаар байгуулагдсан 20 минутын хот Үзэл баримтлалын төсөл боловсруулах чиг үүрэг бүхий Ажлын хэсэг хот байгуулалт, хот төлөвлөлтийн мэргэжилтэн, хувийн хэвшлийн төлөөллийг оролцуулан “20 минутын хот Үзэл баримтлал”-ын баримт бичгийг боловсруулан Үндэсний хорооны V хуралдаанд танилцуулсан юм. Тус үзэл баримтлалыг Үндэсний хорооны хуралдаанаар нийт гишүүдийн олонхын саналаар хэлэлцэхийг дэмжсэн тул Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлэн болоод байна. 20 минутын хот Үзэл баримтлал батлагдсанаар иргэн өөрийн оршин суугаа газраас 20 минутын дотор нийгмийн үйлчилгээг авах боломж бий болох эрх зүйн орчин бүрдэв.
2. Хууль эрх зүйн орчныг сайжруулах хүрээнд:
“Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай” хууль болон бусад дагалдах хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхэд бэлэн болов. Уг хуулиар Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнийг хиймэл оюун ухаанаар зохицуулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлсэн юм.
3. Авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр:
Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, төлөвлөлтийг сайжруулах хүрээнд тусгай замын автобус (BRT)-н төслийг 2024 оны 07 дугаар сараас эхлэн төлөвлөж, ТЭЗҮ боловсруулж ажилласан бөгөөд тус төсөл нь хөнгөн галт тэрэг (LRT, Tram) болж, Нийслэлийн бүтээн байгуулалтын 24 мега төслийн нэг болон хэрэгжихээр төлөвлөгдөж байна. Мөн уулзваруудын дахин инженерчлэлийн ажил (олон түвшний уулзвар, давхар уулзвар зэрэг) санаачлан зураг төслийг боловсруулж, замын хөдөлгөөний хиймэл оюун ухаанд суурилсан хяналтын камер бүхий автомат хяналт, удирдлагын системийг нэвтрүүлсэн.
4. Төвлөрлийг сааруулах чиглэлээр боловсруулсан бодлогын шийдэл:
“Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байна. Мөн Сэлбэ дэд төв, Хүннү хотыг шинээр байгуулах ерөнхий төлөвлөгөөг 20 минутын хот Үндэсний хороо, 20 минутын хот хөгжлийн төв хамтран боловсруулж байна. Түүнчлэн Сэлбэ дэд төвийн 3-5 га талбайд нарны эрчим хүчээр халдаг, цахилгаан бага зарцуулдаг Пассив барилга бүхий байгууламж байх талаар 20 минутын хот Үндэсний хорооноос төлөвлөлтийн концепц дэвшүүлж, Сэлбэ дэд төвийн төлөвлөлтөд тусгуулан ажиллаж байгаа юм.
5. Автомашингүй гудамж, явган алхахад таатай хот байгуулалтыг бий болгох хүрээнд:
Улаанбаатар хотыг хамарсан явган болон дугуйн замын цогц зураг төсөв, ТЭЗҮ-г Үндэсний хорооноос боловсруулан ажилласан ба энэхүү ТЭЗҮ нь явган болон дугуйн замын стандартыг олон улсын түвшинд хүргэх ач холбогдолтой төдийгүй явган болон дугуйн замын стандартыг мөрдүүлж, алхахад таатай, явганаар болон дугуйгаар зорчиход аюулгүй байдлыг хангасан эрүүл амьдралын хэв маягийг дэмжихэд чухал ач холбогдолтой юм.