Хэзээ зохиосон: 1969 он
Төрөл: Рок симфони
Пол Маккартни голлон зохиосон гайхамшигт рок дууль симфонийг бид сонсч байна. Энэ дууль “Битлз” хамтлаг тарахын өмнө зохиогдсон гэдгээрээ онцлогтой. Угтан ирж буй хагацлаас зайлж чадаагүйгээс хойш энэ л дууг бидэндээ үлдээсэн ч юм бил үү? Ай даа, дуу өөрөө тийм дэндүү эмзэг уяруун билээ.
Полын дуулсан гунигтай мөрүүд санаанд орж ирээд болохгүй нь. “Урт холын зам намайг уйтгарт автуулсаар…Энэ зам намайг хүрэх газарт минь хүргэнэ гэхэд би эргэлзнэм. Алсад хөтөлсөн нугачаа ихтэй аяны мухарт байгаа танай гэрийн үүд надад харагдах найдвар бий болов уу?” Зүрхийг минь өмлөөд авчих шиг л боллоо. Гэвч сонсогчид энэ дуунд их дуртай. Дэндүү холын хэцүү бэрх замаар, зорьсон газартаа хүрэх итгэл муутайхан бэдрэх аянчин нь би өөрөө л юм шиг санагддаг. Учир нь зүрхний хөвч доргиох энэ шидэт аялгуу, улам бүр урагш тэмүүлэх нууцхан эрч хүчийг өгдөгт л би дуртай. Уяран хайлах сэтгэлийн жаргалыг та дөрөв минь бидэнд хайрласан нь юутай гайхамшиг. Уянгын дуунд дуртай уншигчид, сонсогчид маань энэ дууг хайлан уяран сонссоор хэчнээн ч тийм усан бороотой намрыг үдэв дээ, андууд минь.
Дууны аялгуу гайхамшигт Рэй Чарьлзийг өөрийн эрхгүй санагдуулдаг. Эрхэм түүний сэтгэл гэгэлзүүлсэн хөнгөн эгшгийг нь юу ч гэхэв дээ. Зүрхэнд хүрсэн уярлын дөлгөөн хөтөчийг санан дурсах даанч сайхан. Түүний дуунууд чихэнд алсаас цахилан наашилсаар энүүхэн дэргэд минь эгшиглэнэ. Оюу ногоон номин эрдэнийн чулуу гав ганцаархнаа биш ижилхэн хосоороо нүд гялбуулан туяарах нь хэчнээн тансаг харагдана вэ?
“Битлз”-ийн “Let It Be” цомгоос бид энэ дууг сонсч танил болсон. Пол энэ дуугаа Шотландад түр амарч байхдаа 1968 онд зохиожээ. Энэ үед “Битлз”-ийн эвийн гагнаас цав суусан хүнд өдрүүд үргэлжилж байлаа. Ийм цагаар хамтлагийн гишүүн бүр дор бүрнээ сэтгэл зовж байсныг Пол түрүүлэн энэ дуугаараа илэрхийлсэн гэж судлаачид үздэг. Анх гаргасан дуугаа Пол өөрийнхөөрөө өөрчлөн найруулахыг хүсч байв. Түүний хүсэл биелэгдэлгүй хэсэг хугацаа өнгөрсний дараа 2003 онд шинэ найруулгаар дуулагдсан “The Long And Winding Road” сонсогчидтойгоо мэндчилэх нь тэр ээ.
Хамгийн сонирхолтой нь дуунд дуулагддаг нугачаатай холын зам хаана байдаг гэж санана? Энэ зам Шотландын дорно эргээр 31 миль үргэлжилдэг юм. Уншигчид минь тийшээ очвол далайн эрэг дагуу энэ замыг даган алхалж нэг үзээрэй. Лав л хоёр зуу гаруй километр гэсэн үг. Аргагүй л урт холын зам.
Пол Маккартни 1990 онд Бразилийн Рио дэ Жанейро хотын аугаа “Маракана” цэнгэлдэх хүрээлэнд 184 мянган үзэгчдийн өмнө концерт тоглож дэлхийн дээд амжилт тогтоосон. Энд “The Long And Winding Road” дуугаа дуулжээ. Лондон хотын “Альберт-Холл” театрт 2012 оны гуравдугаар сарын 29-нд болсон хүндэтгэлийн концерт дээр ч энэ дуугаа дахин уянгалуулсан.
Соёлын гавьяат зүтгэлтэн Ө.Рагчаасүрэн
The Long And Winding Road
Lennon, McCartney
The long and winding road
that leads to your door
will never disappear
I’ve seen that road before
It always leads me here
Lead me to your door
The wild and windy night
that the rain washed away
Has left a pool of tears
crying for the day
Why leave me standing here
let me know the way,
Many times I’ve been alone
and many times I’ve cried
Any way you’ll never know
the many ways I’ve tried,
But still they lead me back
to the long winding road
You left me standing here
a long long time ago
Don’t leave me waiting here
lead me to your door,
But still they lead me back
to the long winding road
You left me standing here
a long long time ago
Don’t leave me waiting here
lead me to your door
Yeah, yeah, yeah, yeah
1968 он