Thursday, November 21, 2024

Кёкүтэнзан Б.Энхбат: Аав, ээждээ хэлэлгүй сүмогийн шалгаруулалтад ороод тэнцэж байлаа

Date:

Кёкүтэнзан Б.Энхбат бол монголчууд бидний хувьд хамгийн сайн таньдаг хэрнээ хамгийн бага мэддэг сүмоч. Тэртээ 27 жилийн өмнө Японы мэргэжлийн сүмод анх хөл тавьсан зургаан монгол залуугийн тав нь эх орондоо буцахаар шийдэж Элчин сайдын яам руугаа оргоход тэрээр “Би энд үлдэх ёстой. Сүмо бол миний амьдрал” гэж хэлээд ганцаараа үлдсэн түүхтэй. Ингэж үлдсэнээрээ Б.Энхбат өөрийгөө бус Монголын сүмочдыг “аварсан” юм. Тиймээс Японы мэргэжлийн сүмогийн домогт ах дүү хоёр аварга Таканохана, Ваканохана нарын аав оозэки Таканохана буюу Футагояама ояаката “Хэрвээ тэр үед Кёкүтэнзан буцсан бол Элчин сайдын яаман дээрээс нөгөө хоёр нь буцаж ирэхгүй нь тодорхой. Тэгээд өнөөгийн монголчуудын бүхий л амжилт, рекорд байхгүй байх байсан” хэмээн хэлсэн бизээ. Мөн Оошима дэвжээний тэргүүн бөх оозэки Кёкүдонзан Кёкүтэнзан Б.Энхбатыг зодог тайлж үсээ авахуулах ёслолд хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлэхдээ “Би түүнийг Кёкүранзан гэдэг нэрээр нь дуудах дуртай. Тэр бол яах аргагүй Монголын сүмочдын анхдагч” хэмээн хэлж байжээ. Кёкүтэнзаныг анх Кёкүранзан гэдэг байсан бөгөөд уг нэрийг нь сунжруулан Аараа гэж дууддаг байсан нь эдүгээ түүний хүндэтгэлийн нэр болжээ.   

Ингээд Японы мэргэжлийн сүмогийн Оошима дэвжээний Кёкүтэнзан Такэши буюу Хан Хэнтий нутгийн унаган хүү Батмөнхийн Энхбатыг уншигчидтайгаа уулзуулъя. 

Г.Элбэг харцагатай хамт сүмод бүртгүүлэхээр очиж байлаа

-Анхны зургаан сүмочийг хүмүүс сайн мэднэ. Ер нь шалгаруулалтад хэрхэн тэнцсэн юм бэ?

-Бид анх 1992 оны хоёрдугаар сарын 22-нд Японд ирж байлаа. 1992 оны хоёрдугаар сарын эхээр манай Оошима багш Монголд очоод телевизээр зарласан. Сүмогоор барилдах сонирхолтой хүүхдүүдийг шалгаруулж авна гээд. Зарын дагуу АУИС-ийн зааланд 160 гаруй хүүхэд цуглаад барилдаж шалгуулахад бид зургаа тэнцсэн.

-Тухайн үед та оюутан байсан уу?

-Би “Хөдөлмөр” нийгэмлэгт Б.Намшир багшийн удирдлага дор хичээллэдэг байсан юм. Яахав дээ, тухайн үедээ л “Хөдөлмөр” нийгэмлэгт орсон нэртэй. Чөлөөт бөхийн улсын аваргаас мөнгөн медаль авчихаад л бөх болохоор  шийдчихсэн юм. Би арван жилийн сургуульд байхдаа сагс сайн тоглодог байсан. Тэгсэн гэнэт манайхан намайг барилд гээд л. Тэгээд Хэнтийдээ барилдсан чинь түрүүлчихлээ. Манай багш намайг шууд бөх болгоно гээд аравдугаар анги төгсөнгүүт 1991 оны наймдугаар сарын 01-нд Б.Намшир багш дээр авчирч өгсөн. Ингээд хагас жил хэртэй бэлтгэл сургууль хийсэн дээ. Тэр үед улс орон нэг тогтолцооноос нөгөөд шилжиж байсан, картын барааны үе байлаа. Би ч хаа очиж хотод ирээд зутрах нь гайгүй байсан. Улсын дээд шүүхийн дарга байсан Д.Дэмбэрэлцэрэн гуайн эхнэр нь миний ээжийн дүү байгаа юм. Тиймээс би 11 дүгээр хороололд Д.Дэмбэрэлцэрэн ахынд байдаг байлаа. Нийгэмлэг рүүгээ л явдаг ажилтай. Өдрийн хоёр бэлтгэл хийдэг. Гэхдээ ямар ч ирээдүй байхгүй /инээв/. Яг тэр үед сүмод хүүхдүүд шалгаруулж авна гэсэн зар яваад. Тэгээд бодохгүй юу. За энэ сүмо гэдэг юманд чинь явчих юм бол болох юм биш үү гэж. Би чинь гэрээсээ гараад хагас жил болчихсон хүн бас ч гэж хал үзчихсэн. Ээж аавыгаа бас өөрийгөө бодоод л ер нь шалгуулчихъя гэж шийдсэн. Гэхдээ сүмод шалгуулахдаа би хэнд ч хэлээгүй юм. Шалгалтад нь уначихвал шараа болно гээд. Ингээд одоогийн улсын харцага Г.Элбэг бид хоёр Үндэсний бөхийн холбоон дээр бүртгүүлэхээр очиж байлаа. Тэгсэн чинь Үндэсний бөхийн холбооныхон Элбэгийг “Чи үндэсний бөхөөр явах хүүхэд, сүмод явж хэрэггүй” гээд бүртгээгүй. Бөхийн холбооны нарийн бичгийн дарга нь Үнэнбат гэж манай Хэнтийн ах байсан. Тэр хүн намайг бүртгэж авсан. Ингээд дараа нь АУИС-ийн зааланд бүртгүүлсэн 160 гаруй хүүхдийг цуглуулж бүгдийг нь үндэсний бөхөөр барилдуулсан. Үзэж тарлаа даа. Тэгсэн чинь би дөрөвт үлдчихсэн. Д.Батбаярт унасан юм. Тэр барилдаанд Цэрэнчимэд начны хүү Батжаргал түрүүлж, Д.Батбаяр үзүүрлэсэн. Л.Түмэндэмбэрэл, Ш.Мөнхболд бид гурав айргийн тавд багтсан тул Япон явах болзол хангачихлаа.

-Зургаан хүүхэд шалгаруулж аваагүй юм уу?

-Анх Оошима багш таван хүүхэд авна гэж байсан юм билээ. Тэр шийдвэрээ сүүүлд өөрчилсөн. Н.Цэвэгням нэгийн даваанд билүү хоёрын даваанд ч билүү Д.Батбаярт уначихсан юм. Нэг их өндөр нөхөр байсан. Тэгээд уначихаад заалны буланд бакиалаа өмсөх гээд хөлийн ороолтоо ороогоод сууж байсан юм. Тэрийг багш харангуутаа “Тэр өндөр хүүхдийг ахиж барилдуул” гэлээ. Манай хүн их өндөр, том биетэй, 80 хэдэн кг-ын жинд барилддаг байсан юм. Н.Цэвэгнямыг дуудаж авчраад нэг хүүхэдтэй барилдуултал давчихлаа. Дараа нь надтай барилдуулсан чин би ядарчихсан байсан тул унаад өгсөн. Тэгээд л Н.Цэвэгнямыг сүмод авахаар болсон. Ер нь багш бол харах царайны л түүнийг авах гээд байсан л даа. Зүгээр худлаа барилдуулж, ямаршуу байх нь вэ гэж л харсан юм билээ. Гэтэл бас нэг сонин юм болов оо. Оошима багш Н.Цэвэгнямыг тэнцүүлэнгүүтээ Ц.Батжаргалыг авч явахгүй гээд.

-Шалгаруулалтын барилдаанд түрүүлсэн хүүхдээ юү?

-Тийм. Манай Ц.Батжаргал жижигхэн биетэй, метр 70 см гаруй л өндөртэй хүүхэд байсан л даа. Тийм болохоор тэгсэн байх. Н.Цэвэгням, Д.Батбаяр, Ш.Мөнхболд, Л.Түмэндэмбэрэл бид тавыг авч явна гээд. Тэр шалгаруулалтын барилдааныг Ж.Мөнхбат аварга ирж үзсэн юм. Тэгээд Ц.Батжаргалыг авч явахгүй гэнгүүт Ж.Мөнхбат аварга “Манай монголчууд түрүүлсэн бөхөө гомдоодоггүй юм. Энэ хүүхдийг заавал авч яв” гэсэн. Аваргын тэр үгийг сонсоод багш “За тав, зургаа ялгаагүй” гээд л зургаан хүүхэд авч явах болж билээ. Тэнцсэн хүүхдүүдийг тэр орой нь “Улаанбаатар” зочид буудалд хоол идүүлнэ гээд эцэг эхтэйгээ ир гэлээ. Тэгэхээр нь би нөгөө шалгаруулалтад бүртгэсэн Үнэнбат ахыг төрсөн ахыгаа гэж худлаа хэлж дагуулж очиж байлаа. Тэр оройн хоолон дээр шалгаруулалтад оролцсон бүх хүүхдэд нэг нэг доллар, тэнцсэн хүүхдүүдэд арав арван доллар өгөөд л. За гадаад пасспорт юм хумаа бэлд, маргааш эрүүл мэндийн үзлэгт ор. Долоо хоногийн дараа Япон руу ниснэ. Хувцас хунар их юм хэрэггүй, дангаараа явна шүү гэж байгаа юм. Ингээд амьдрал маань долоо хоногийн дотор бүрэн эргэчихэж байгаа юм.

-Сүмоч болохоор Япон явлаа гэхэд гэрийнхэн тань яаж хүлээж авсан бэ?

-Би чинь хөдөө байгаа аав ээждээ ч, Б.Намшир багшдаа ч хэлэлгүй бэлтгэлээ таслаад л сүмогийн шалгаруулалтад очсон хүн шүү дээ. Тэр оройдоо Төв шуудан руу гүйгээд шууд гэр рүүгээ залгуулж аавтайгаа ярилаа. Би сүмод тэнцчихлээ гэсэн чинь аав “Юу солиороод байгаа юм чи. Бэлтгэлээ хийж байгаа юу. Намшир багштайгаа аятайхан байгаа юу” гэх ухааны юм ярихгүй юу. Тэр үед Төв шуудангаар орон нутаг руу гуравхан минут л яриулдаг байсан юм чинь. Би мөнгө байхгүй. Тэгээд цагийн дараа дахин захиалга өгч яриад хэлсэн. Би үнэхээр явах болчихлоо гээд үнэнээ л хэллээ. Та сонин энэ тэр харахгүй юу гэсэн. Тэр үед мэдээлэл авах суваг хомс байлаа. Аавд жаахан тунирхаад “Би дүү нартайгаа уулзчихаад явмаар байна” гэх маягийн юм ярилаа. Тэгээд орой байдаг айлдаа очтол аав ээж тэднийх рүү яриад л. Нээрээ хэлээд байгаа юм уу. Юу болоод байгаа юм л гэнэ. Маргааш нь энд тэндээс, машин, онгоц, галт тэргээр Хэнтий, Багануураас гэх мэтээр манай баахан хамаатнууд хотод ирж нэгнийдээ цугларцгаагаад л, зах гарч надад аятайхан хувцас хунар авч өгч байлаа. Ингээд л Япон руу ниссэн дээ. Анх удаа л гадаад явж байгаа нь тэр. Замдаа Бээжинд нэг хонохдоо тэндэхийн соёлыг гайхаж байсан хүмүүс чинь Японд очоод цэвэрхэн, тохилог гэж жигтэйхэн. Ямар газар хүрээд ирэв ээ л гэж бодсон. 1990-ээд оны эхэн үе гэдэг чинь монголчууд бид Японы талаар ямар ч мэдээлэлгүй байсан л даа.

Ингэж алуулж байснаас нутагтаа очиж сумын заан болъё

-Таньж мэдэхгүй газар, цоо шинэ нөхцөл орчинд дасах хэцүү байсан байх даа?

-Японд ирсэн орой биднийг шууд стейк энэ тэр гээд баахан махаар шахаад л. Би чинь “Хөдөлмөр” нийгэмлэгт жингээ хасч барилдах гээд юм идэж болохгүй сойж байсан хүн гэнэт баахан юм ид гээд шахахаар хэцүү юм билээ. Биднийг ирэхэд манайхан тойргийн барилдаанд явсан байсан. Хоёрдугаар сарын 22-нд ирээд 25-нд Осакад очсон. Тийшээ явахаас өмнө нэг орой бидэнд гал командын сунадаг шланк шиг хар юм нэг нэгийг өгч байна шүү. Тэр нь маваши байсан юм билээ. Бид юуг нь ч ойлгосонгүй толгойнхоо дэргэд тавиад л унтлаа. Тэгсэн хар үүрээр сэрээж байна. Гал түймэр гарчихав уу гэж бодлоо. Тэгсэн чинь биднийг хүүхдүүд бэлтгэл хийдэг дэвжээн дээр авч очлоо. Жаахан жаахан бүдүүн хүүхдүүд байна. Аравтай, арван нэгтэй ч гэж байх шиг. Аймаар бүдүүн юм. 120-130 кг-ын жинтэй гэж байгаа. Ямар эгдүүтэй амьтад вэ гэж бодоод л. Нөгөө шланк шиг ширүүн юмаа өмсгөчихсөн чинь салтаа цавь бараг урах нь. Бэлтгэл хийх гэсэн чинь бид хатуу хөшүүн гэж жигтэйхэн хачин юмнууд. Барилдсан чинь дунд сургуулийн хүүхдүүдийг дийлдэггүй дээ. Эрхбиш 18-тай залуучууд юм байна яах аргагүй бариад авахаараа тонгороод унагачихаж байгаа юм. Зайнаас бол алуулж байгаа юм чинь. Бид чинь аймаар том юм бодож ирсэн хүмүүс чинь шараа боллоо доо. За энэ чинь юунд ороод ирэв ээ л гэж бодсон. Тэгээд сонин болчихоод л Осака руу явлаа. Шинкасэн гэж хурдны галт тэргэнд суугаад ангайгаад л гайхаад явж байгаа юм. Шал өөр ертөнц. Социалист нийгмээс капиталист нийгэмд ороод ирж байгаа юм чинь аргагүй ш тээ. Осакад очоод том ах нартайгаа нийлээд л, алуулж өгсөн дөө. Хар өглөөгүүр босоод л үзэж тарна даа. Анх дэвжээн дээр гарч ч үзлээ. 1992 оны гуравдугаар сарын башёд анх барилдсан. Тэр жилийн нэг онцлог нь сүмод хамгийн олон шинэ шавь нар орсон жил. Өмнө нь сайндаа л 20-30, зарим жил 3-4 хүн л шинээр ордог байсан бол биднийг очсон жил 160 гаруй хүн шинээр орсон. Тэмцээнд орохын өмнө эмчийн үзлэгт орж жингээ үзүүлэх боллоо. Тэгсэн миний жин 75 кг-д хүрдэггүй. Нэг нь надад ус өгсөн. Энд ирсэн хойноо хасагдах вий гэж айгаад л 2-3 литр усыг нэг дор уучихсан. Тэгсэн чинь 160 гаруй хүн оочерлоод нэг хэсэг боллоо. Миний ээлж яагаа ч үгүй. Давсаг чинээд сүйд. Арай гэж л жингээ үзүүлж тэнцсэн.

-Анх дэвжээн дээр гарч барилдахад ямар байв. Давсан уу, унасан уу?

-Жоникүчи зиндаанд анх барилдсан. Анхны барилдаанд учраа маань нэг бүдүүн нөхөр байсан. Яаж барилдах талаар сайн заалгаж байгаад л гарлаа. Тэгсэн нөгөө хүн маань бас сандарсан юм уу, яасан юм гар хүрээгүй байхад халтираад уначихсан.

-Бэлтгэл хатуу чанга байсан биз?

-Алуулж байгаа юм чинь. Юунд хүрээд ирэв л гэж бодож байгаа юм. Мод, төмөр юугаар ч хамаагүй бол нүднэ. Одоо бол өөр болсон л доо. Нэг бөх нас бараад байдал өөрчлөгдсөн. Манай сургуульд Кёкүдозан гэж хожим парламентын гишүүн болсон, озэки байсан. Тэр их нэр хүндтэй байсан болохоор бидний барилдааныг хүн их ирж үзнэ. Тиймээс багш өглөө 05 цагаас орой 10.30 хүртэл бэлтгэл хийлгэнэ. Сүмогийн дэвжээ нь цемент л гэсэн үг. Хөлийн ул энэ тэр байхгүй ээ. Мавашиндаа хамаг бие урагдаад л. Эхэндээ бол хэцүү байсан шүү. Ирээдүй харагдахгүй. Энд хэдхэн монгол оюутан, МИАТ болон Элчингийн хэдэн хүн л байсан. Өөр монгол хүн байхгүй. Бид хүмүүст Монгол гэж хэлэхээр мэдэхгүй. Тэгэхээр нь Монгол гэж Оросын доод талд Хятадын дээд талд байдаг юм гэхээр тийм улс байдаг уу гэнэ. Чингис гэхээр жаахан мэднэ. Монгол хоолоо идмээр санагдана. Консул Амгалан гэж ах байсан. Тэднийд очиж гурилтай хоол хийлгэж иднэ. Монголоос хааяа нэг хүнээр дайж гэрээс илгээмж ирнэ. Юм хум боосон сонинг ар өвөргүй уншаад бүр цээжилчихнэ. Монголоос ирсэн сонин гэж бодохоор л нандин шүү дээ. Ёстой тэр үед “Ардын эрх”-ийг уншиж байсан байх.

Очсоныхоо дараахан дөрөвдүгээр сараас сүмогийн сургуульд явж бүх юмыг анхнаас нь заалгасан. Хүний биеийн анатоми хүртэл үзнэ. Тэр үед бид  хэл мэдэхгүй, ойлгох юм юу ч байхгүй. Хичээл дээр нь гэртээ захиа бичээд л сууж байгаа юм чинь. Бэлтгэл хийчихээд дараа нь хичээлээ хийнэ. Тэгэхээр ядраад унтчих гээд болдоггүй. Унтахаар тархи руу модоор мангарттал цохино.

-Оргож босох тухай бодохоос өөр аргагүй л байж дээ?

-Долдугаар сарын Нагоягийн тэмцээний үеэс эхлээд нөгөө хэд маань оргох тухай ярьж эхэллээ дээ. За даа, их ч юм үзчихлээ. Ингэж алуулж байснаас нутагтаа очиж нэг сайхан сумын заан явцгаая аа гээд л. Надад бол өөр бодол байсан. Гэрээсээ гараад хагас жил болсон. Хотод ээж ааваасаа хол байж сурчихсан. Хөдөөний хүн чинь бас өөр байгаа юм. Нөгөө хэд бол төвийн амьтад. Морь ч унаж үзээгүй нөхөд. Би чинь бас өлсөж цангаж үзсэн болохоор жаахан хатуужилтай. Яаж ч байсан нэг байрны мөнгөтэй болж байгаад харина даа гэсэн бодолтой. Хамгийн багаар бодоход гурван жил гүрийнэ дээ гэж бодоод л. Зарим орой бүгдээрээ гадуур гарч пиво ууна. Жаахан халцгаагаад их юм ярьцгаана даа. Ингэж алуулаад ямар ч ирээдүй алга гээд л. Үнэхээр ч ирээдүй бүрхэг байгаа байхгүй юу. Дандаа л цохиулсан зодуулсан хүмүүс. Бүх юманд зарагдана. Сургуулийн бүх юмыг цэвэрлэнэ. Ах нарын хувцсыг угаана, хоолыг нь хийнэ. Биднийг 3.30 гэж босгож бэлтгэл хийлгэнэ. Бэлтгэлийн дараа бид эхэлж барилдаад дараа нь ах нар барилдана. Усанд орох гэхээр ах нарын дараа орно. Ах нарын дараа  хоол иднэ. Хоол нь байхгүй ээ. Нөгөө муу чангу гэдэг хоолных нь шөл будаа хоёр л үлдэж байгаа юм. Тэрийг заавал дуустал идүүлнэ дээ. Хүний шавхруу идээд явж байхын оронд гэж бодогдож л байгаа юм. Тэгээд бүгдээрээ оргоцгооё гэж ярьцгаалаа. Тэгэхээр нь би хэлсэн. За би оргохгүй ээ гэсэн. Би өөрийн бодолтой, өөрийн зорилготой гэсэн. Тэгсэн нөгөө хэд “За чамайг Наран улсдаа жаргахыг чинь харна аа” гэж байна. Тэрнээс болж жаахан түр тар хийцгээгээд. Тэгсэн Д.Батбаяр нэг миний талд ороод л, нэг нөгөө талд ороод л байна. Би ч хэлдгээ л хэлээд байсан. Өөр зорилготой явж байгаа хүн гээд л. Наашаа явахаас өмнө бидэнтэй гурван жил барилдана гэж гэрээ байгуулсан юм. Сар болгон бидний хэрхэн амьдарч байгаа талаар ар гэрийнхэнд нь видео бичлэг явуулж байна гэдэг ч билүү, тэр гэрээ одоо байдаг. Тухайн үед Бөхийн өргөөнд хандив өргүүлнэ гээд манай багшаас бараг 10 мянган доллар авсан байх шүү. Тэр гэрээг нь сүүлд харахад Үндэсний бөхийн холбоо биднийг тэр нэг байшин бариулахад хандив авах гэсэн барьцааны юманд бараг явуулсан санагдаад байдаг. Би тэр гэрээгээ бас сануулаад л. Нөгөөдүүл тэр гэрээ ямар хамаа байсан юм, харьцгаая л гээд.

-Тавын эсрэг нэг гэхээр хүчин мөхөсдөж дээ?

-Би “Хөдөлмөр” нийгэмлэгт Асасэкирюү Дашнямын аав Бадарч ах гээд л олон сайхан бөхчүүд, ах нартай хамт хичээллэж байсан. Сүмогоос зугтаагаад очно гэхээр тэднээс ичиж байсан. Бас нөгөө хэдийгээ бодвол хамаагүй хатуужилтай байлаа. “Дөл” зусланд гурван жил дараалан амарч цэрэгжилтийн бэлтгэл хийсэн маань тэгэхэд их хэрэг болсон. Каратэ заалгаж, АКА буу задлах зэргээр цэрэгжилийн бэлтгэл хийж зунд нэг ботинк элбэгхэн ураад харьдаг байсан. Тэр маань одоо бодоход цэрэгт явсантай адил хатуужил суулгасан хэрэг. Тэгээд ч би НАХЯ-ны сургуульд шалгалтгүй орох байсан юм. Гэтэл насаараа л нэг цэрэг, цагдаа явна гэхээр тийм санагдаад биеийн тамираар шалгалт өгөөд “Хөдөлмөр”-т орчихсон юм.

Монгол, Тонгагийн сүмочид оргосон нь

1992 оны зун Японд айхтар халуун болсныг хэлэх үү. Сүмоч болох зорилготой очсон монгол хөвгүүд нутгаа санах нь тэсэхүйеэ бэрх болжээ. Тэдний нэг болох Ш.Мөнхболдын ах нь Японд ирээд дүүтэйгээ уулзахаар дуудуулж. Тэр далимд Ш.Мөнхболд Шибияа дахь Монголын Элчин сайдын яам руу явдаг метрог мэдээд авчээ. Ингээд л оргох төлөвлөгөө бэлэн болсон байна. Багш нь дэвжээний бөхчүүдээ аваад тойргийн барилдаан хийгээд Хоккайдо явж, багшийнх нь эхнэр Тайвань аялж, манай хэдэд сайхан боломж гарчээ. Нутаг буцахаар эргэлт буцалтгүй шийдсэн таван монгол залуу шөнийн 02 цагт дэвжээнээсээ оргон Элчин сайдын яам руугаа очжээ. Ганцаараа үлдсэн Кёкүтэнзан хөнжилдөө ороод баахан уйлсан гэдэг. Маргааш өглөө нь хэрэг мандаж Оошима багш нь тойргийн барилдаанаа орхин яаран ирж, монгол шавь нарынхаа араас Элчин сайдын яаманд нь очиж гэнэ. Манай хэд Элчиндээ ороод бүгчихсэн. Аливаа улсын Элчин сайдын яаманд гаднын ямар ч хүн зөвшөөрөлгүй орж болохгүй болохоор тэд бүр додигор байна гэнэ. Багш нь тэднийг буцаад ир гэж ятгасан ч цонхны цаанаас “Чи биднийг бараг алах шахаа биз дээ” гээд л. Үнэхээр сүмод явсан хүүхдүүд бараг алуулж байна, буцаа гэсэн сураг чимээ Монголд ирчихсэн. Бөөн хэрэг мандаад байжээ. Оошима багш нь “Та нар эргээд ир, та нарыг яах ч үгүй” гээд л. Д.Батбаяр жаахан эргэлзэж байсан ч нөгөө хэд нь үгүй ээ явна аа  л хэмээн зүтгэж. Хоёр гурван өдөр дараалан багш нь очиж тэднийг гүйжээ. Ганц дайчин ганцаардахгүй гэгчээр Кёкүтэнзан эхэндээ багштайгаа цуг Элчин дээр очдог байсан гэдэг. Түүнийг сургууль руугаа явахаар бөөн сурвалжлагчид дагаад олон юм асууна. Япон хэл мэдэхгүй, ганцхан “Мэдэхгүй” л гэдэг үгтэй. “Мэдэхгүй ээ” л гээд байдаг байжээ.

Наймдугаар сарын эхээр ашгүй Ц.Батжаргал, Д.Батбаяр хоёр дэвжээндээ эргэж иржээ. Ямар ч байсан гурвуулаа үлдэх нь тэр. Нөгөө гурав ёстой л өөрсдийнхөө хэлснээр Монголдоо очиж сумын заан болохоор нутаг буцжээ. Оошима багш нь “Цэвэгнямыг л эргүүлж авчрах юм сан. Бусад нь ч хэрэггүй” гэж ярьдаг байж. Элчин сайдын яамаар дамжуулан Монгол руу яриулж эрэл сураг болж байж Налайх руу холбогдож байж Н.Цэвэгнямыг арайхийн олж авчээ. Түүнтэй холбоо бариад “Дахиж барилдах хүсэлтэй бол чамайг очиж авъя” гэж хэлүүлжээ. Монголдоо эргэж ирээд картын бараандаа орчихсон Н.Цэвэгням ч буруу алхам хийснээ ойлгосон биз. Оошима багшийнхаа саналыг хүлээн авчээ. Ингээд Оошима багш нь гурван монгол шавиа дагуулан 1992 оны аравдугаар сард Монголд ирж Н.Цэвэгнямыг авч буцжээ. Манай гурав хагас жил гаруйн дараа эх орондоо ирэхдээ тэр үеийн ганзагын наймаачид шиг л нэлээд нүсэр ачаатай ирж байж. Кёкүтэнзан л гэхэд ээждээ индүү, гэртээ зурагт гэх мэтээр хүн амьтны өгсөн бэлэг сэлт бүгдийг хамаад авч ирж байсан гэдэг. Н.Цэвэгнямыг аваад буцахдаа Цагаан хэрэмээр зугаалж, Бээжингийн нисэх буудал дээр тааралдсан монгол наймаачид сүмогийн өмсгөлтэй залуусыг та нар лам юм уу, сүмо гэж юу байдаг юм хэмээн гайхан шохоорхож байсан гэхээр монголчуудад сүмо гэдэг цоо шинэ, үл таних ертөнц байжээ. Японд очоод дөрвүүлээ бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүлсэн ч Ц.Батжаргал арваннэгдүгээр сард Монгол руугаа буцаж анхны гурав гэгддэг Кёкүтэнзан Б.Энхбат, Кёкүшюзан Д.Батбаяр, Кёкүтэнхо Н.Цэвэгням нар үлджээ. Кёкүтэнхо Н.Цэвэгням Монголоос очсон хойноо дахин оргож Элчин сайдын яаман дээрээ гүйж очсон удаатай гэдэг. Багш нь ятгаж байж түүнийг эргүүлэн авчирч, гурван монгол шавиа дэвжээнийхээ тэргүүн бөх Кёкүдонзаны ивээл дор хичээллүүлэх болжээ. Ийнхүү 1993 оны хавраас монгол хөвгүүд мэргэжлийн сүмогийн дэвжээ дээр барилдаж эхэлсэн түүхтэй. Манай бөхчүүдийг оргож, буцаж дуулиан дэгдээж байх тэр үед Тонга улсаас ирсэн зургаан сүмоч мөн оргож нутаг буцсан гэдэг. Энэ бүхнээс болж Сүмогийн холбооныхон ахиж гадаадын бөх авахгүй хэмээн зарласан гэдэг. Тухайн үед Оошима ояаката Н.Цэвэгнямыг Монголоос эргүүлж авчиръя гэж Сүмогийн холбооныхноос зөвшөөрөл хүсэхэд эхэндээ “Тэр хүнийг чинь авахгүй ээ” гэжээ. Оошима гуай уйгагүй гуйсны эцэст Сүмогийн холбооны дарга “Кёкүтэнзан гэж хүн үлдсэн юм байна. Монголчууд бас тийм ч итгэлгүй хүмүүс биш юм байна. Нэг нь ч гэсэн үлдэж байна гэдэг чинь бас учиртай” гээд Н.Цэвэгнямыг Монголоос авчрахыг зөвшөөрчээ. Мөн л энэ үед өнөө Тонгагийн сүмочид эх орондоо оргож очоод удалгүй эргэн сүмодоо оръё гэхэд нь “Та нар бүгд оргоод явсан. Дахин авахгүй” гээд буцаасан гэдэг.  Их аварга Хакүхо “Энэ хүн байхгүй бол би байхгүй байсан. Монголын сүмочид ч байхгүй байсан” хэмээн Кёкүтэнзаны тухай олонтаа хэлсэн байдаг. Дээр өгүүлсэн бүхэн их аваргын үгийн нотолгоо билээ.

Намайг лавлах 104 гэдэг байсан

-Сүмогийн холбооны хориг хэзээ цуцлагдсан юм бэ. Та гурвын дараа Асашёорюү, Асасэкирюү нар сүмод хөл тавьсан байх аа?

-Долоон жилийн дараа 1999 онд Д.Дагвадорж аварга орж ирж байсан. Уг нь бидний яг дараа сүмод орсон монгол хүн бол Хакүба М.Өнөржаргал байгаа юм. Түүний хамаатны эгч нь Японд ажилладаг байсан юм. Тэр эгч нь Өнөрөөг Монголд юу ч хийхгүй дэмий байгаад байхаар нь энд авчраад сүмод оруулчихъя гэж бодсон гэсэн. Тэгээд нэг дэвжээнд хандсан юм билээ. Тухайн үед нэг дэвжээнд гадаадын бөх хоёроос илүүг авахгүй гэсэн дүрэм гарсан байсан. Гэтэл Өнөрөөгийн санал тавьсан дэвжээ нь гадаадын хоёр бөхтэй тул мань хүнийг авах боломжгүй гээд хүлээлгээд байдаг. Тэгээд жил гаруйн дараа сүмод албан ёсоор орсон нь Дагвадорж аваргын дараахан болж таарсан юм. Дагваа аварга орж ирээд л манайхан сүмод шавж өгсөн дөө.

-Та сүмод хөл тавьсан монгол дүү нараа бүгдийг нь халамжилж, тусалж дэмждэг байсан гэдэг. Ер нь Японд очсон монголчуудад хамгийн их тусалдаг хүнийг таныг гэдэг юм билээ? 

-Яахав дээ. Тэр үед Н.Цэвэгням, Д.Батбаяр хоёр дээшээ гараад жүрёо, макүүчид барилдаж байсан. Сүмод дээд зиндааны бөхчүүдтэй доод зиндааныхан хамаагүй ярьж, харьцаж болдоггүй. Би макүүшита гээд дунд зиндаанд барилддаг байлаа. Дээр нь ч биш доор нь ч биш байгаад байдаг. Тиймээс дүү нар шинээр ороод ирэхээр бүхнийг нь зааж өгнө. Бүгд л намайг ах аа гэнэ. Надтай ярихад амар байхгүй юу. Би цааргалах юу байхав. Адилхан сүмогийн замаар явах гэж байгаа дүү нарт өөрийнхөө л мэддэг бүхнийг зааж өгч байлаа. Дагвадорж аваргын дараахан одоогийн хоёр их аварга Хакүхо, Харүмафүжи болон Шоотэнро, Мооконами гэх мэт арав гаруй залуус сүмод орж ирсэн. Тэгсэн чинь тэд сүмогийн сургуульд сурах гэтэл япон хэл мэдэхгүй. Тэдэнд намайг багшил гэж сүмогийн холбооноос үүрэг өглөө. Би сүмогийн сургуульд тэдэнд гурван сар юм заасан. Тэр үеэс тэдэнтэй бүр дотно болсон. Намайг багш аа л гэдэг юм. Миний багш гэж хаашаа харсан юм байхав. Дүү нар бүх юмаа асууна. Монгол руу яаж ярьвал хямд вэ, ачаа явуулбал яаж явуулах вэ гээд л. Бүх л юманд нь оролцоно доо. Бие нь өвдөөд эмнэлэгт хандахаа мэдэхгүй надад л хэлнэ. Би нэг хэсэг 104 гэсэн нэртэй байлаа шүү дээ.

-Тэр нь юу гэсэн үг юм?

-Лавлах гэсэн үг. Би тэр сургуулийн тийм багш байна аа гээд л аймаар том нөхөр над руу ярина. Та яагаад ярьж байгаа юм бэ гэхээр манай сургуулийн монгол сүмочийн визийн хугацаа хэтрэх гээд, яаж сунгадаг юм бэ гэх жишээтэй. Өөрсдөө шийдчихгүй надаас асуугаад байгаа юм чинь. Их юм зохицуулдаг байсан. Одоо дүү нар маань бүгд холбоотой. Үс авалт, найр наадам бүхэндээ урина. Бүгдтэй нь ойр дотно. Хааяа нийлээд гольф тоглоно. Хамгийн сүүлд Анандтай гольф тоглосон.

-Сүмод хамгийн сүүлд ямар монгол бөх хөл тавив?

-Японд ажиллаж амьдардаг хүний хүүхэд гээд нэг монгол залуу бий. Японд сургууль төгсөөд сүмод орсон. Тэр залуу их сайжирч байгаа. Макүүшитагийн нэгт очсон. Хамгийн хурдан сайжирч байгаа нь тэр л байна. Монголоор сайн ярьдаг мөртлөө  ойлгодоггүй гэдэг юм.

-Дараагийн их аварга хэн бол?

-Одоогоор хамгийн сайн барилдах бөх бол Ичиножёо, Тэрүнофүжи хоёр байна. Доогуур зиндаанд бас сайн бөхчүүд байгаа. Харин одоо болих дөхөж байгаа нь Хүчитбаатар, Дашням хоёр л байх шив /инээв/.

-Та дайчин барилдааны шагналыг таван удаа авч байсан. Ер нь бэртэл аваагүй бол шуугиулах л байсан байх даа?

-Их олон бэртсэн дээ. Хөл хугарсан, чих цуурсан  гээд л. Чих их амархан цуурдаг юм билээ. Нэг удаа олон газраас бөхчүүд ирж барилдсан юм. Нэг бөхтэй үзэж тарж байсан чинь нөгөө нөхрийн нүүр нь улайгаад л нүд ам нь хачин болоод ухраад байна шүү. Би аймаар сүртэй түлхэж гаргачихаад харсан хүмүүс хүүе хүүе л гэнэ. Тэгсэн нүүр нэл цус. Чих цуураад арьсан дээрээ тогтож байсан ч мэдэгддэгүй юм билээ. Чихнийхээ ард найман оёдол тавиулсан. Ер нь зөндөө гэмтсэн. Бэлтгэл яг сайхан болоод ирэхээрээ л гэмтчихээд байсан.

Нагоя башед яг дээшээ гарах шахаад. Макүүшитагийн 13 дээр эрэмбэлэгдээд байсан юм. Бэлтгэл ханаад ирэхээр бие хаа өөр болоод л нэг юм мэдрэгддэг юм. Бяр амтагдаад л, таргалаад 100 кг жаахан гараад ер нь гайгүй болчихоод байсан. За энэ миний ганц боломж доо гэж бодоод байж байсан чинь Чикишима гэж нэг бөхтэй барилдаад бэртсэн. Тэр 180 кг жинтэй бөх л дөө. Тэр манай сургууль дээр ирээд бэлтгэл хийсэн юм. Би тэрнийг давчихгүй юу. Би макүүшита тэр макүүчи зиндааных. Тэгээд доод зиндааны бөхөд унасандаа шаралхаад надтай ахиад барилдахаар нь хоёр гурав давчихсан. Нөгөөх чинь бүр шаралхаад ичээд, аргагүй ш тээ баахан хүн харж байгаа юм чинь. Тэгээд нэг удаа би тонгороотохсон чинь унахдаа араас зүүгдэж хөл дээр унаад. Байхгүй ээ, энэ муу хөл өвдгөөрөө эргэчихсэн, махийгаад, үеэрээ салаад ирсэн. Тэгээд эргэж хэвэнд нь оруулж боогоод, өвдөгний мэдээ алдуулдаг юм тавиулаад, малын шприц шиг бүдүүн шприцний талаар нь тийм их шингэн авахуулсан. Тэгээд гүрийгээд барилдсан. Тэгэхэд долоо барилдахад гурав давсан. Хөлгүй байхдаа гурав ялсан юм чинь эрүүл байсан бол би гайгүй үзэх байсан юм.

-Одоо та дэвжээндээ ямар нэг алба хашиж байгаа юу?

-Би бизнес хийгээд л явж байна. Эхнэр маань Германд байдаг. Тэндээ нэг компанитай.

-Та зодог тайлсныхаа дараа Германд очиж сүмочид бэлдсэн гэлүү?

-Германд бараг хоёр жил хэртэй сүмогийн дасгалжуулагч хийсэн. 16 жил барилдсан мэргэжлийн сүмоч Европт байхгүй. Та жаахан юм заагаад өгөөч гээд надад хүсэлт тавьсан юм. Би яахав очоод харъя гэж бодсон. Бөхчүүдийг нь харлаа. Тэгсэн хачин юмнууд байна. Мавашигаа ч өмсаж чадахгүй, дэвж шавж байгаа нь ч шал буруу. Хөөрхий нэг юм сурах гээд хичээгээд байгаа нь мэдэгдээд байгаа юм. Тэрийг нь харангуутаа өрөвдөөд за би бүх юмыг эхнээс нь зааж өгье гээд нэг баг бэлдсэн. Хажуугаар нь Голландад очиж бас сүмо заасан. Голландууд 14 жил сүмогоор хичээллээд Европын аваргад сураггүй байсан юм билээ. Би нэг гайгүй авьяастай бөхөд нь хагас жил юм заасан. Тэр сүмоч Европын аварга болсон. Германы эрчүүд их сул дорой. Өглөө ирээд бэлтгэл хий гэхээр миний нүдэнд хөлс орчихлоо ч гэж байх шиг, яагаад бэлтгэлээ хийхгүй байгаа юм гэхээр өчигдөр эмээгийн төрсөн өдөр болоод, би жаахан уучихсан гээд хөдлөхгүй. Тийм амьтдад сүмо зааж цаг гарздах дэмий санагдаад, тэгээд ч Японд байх шаардлагатай болсон тул хүрээд ирсэн.

-Монголдоо ирж байна уу?

-Ойрд очиж амжаагүй. Жилд таван удаа очдог байсан. Тэгсэн Монголд олон очихоор хуучраад хүмүүс тоохоо больдог юм билээ. Эхлээд очиход сүйд болоод байсан сүүлдээ “Өө ах ирсэн юм уу” гээд л болоо. Одоо энд нэг дүү маань төрөөд аав ээж хоёр маань ирчихээд байгаа. Нутаг явах төлөвлөгөө байхгүй л байна.

Ярилцсан сэтгүүлч Г.Сонинбаяр. 2015 он “Ардын эрх” сонин

/Зохиогчийн албан ёсны зөвшөөрөлтэйгөөр дахин нийтлэв/

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...