Коронавирусийн цар тахал ид дэгдэж, эдийн засаг царцаад байсан 2021 оны хоёрдугаар сарын 25-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Агаарын тээврийн либералчлал хийнэ” хэмээн мэдэгдсэн. “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх” эн тэргүүний зорилт тавиад байсан тухайн үед Засгийн газрын тэргүүний энэ үг их холын мөрөөдөл мэт байлаа. Түүнээс таван сарын дараа буюу 2021 оны додугаар сарын 04-нд Хөшигийн хөндийд баригдсан “Чингис хаан” олон улсын нисэх буудал үүдээ нээж, анхны нислэгээ хүлээн авч байв. Үүний дараа 2023 онд МИАТ ХК орон нутгийн нислэгүүдээ сэргээж, Чойбалсан, Даланзадгад, Мөрөн, Улиастай, Алтай, Ховд, Улаангом, Өлгий гэсэн найман чиглэлд долоо хоногт 1-3 удаагийн давтамжтай нислэг үйлдэж эхэлсэн.
Олон улсын нислэг 2019 онтой харьцуулахад хоёр дахин нэмэгджээ
Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод агаарын тээврийн либералчлалыг хөгжүүлэх, олон улсын нислэгийн тоог нэмэгдүүлэх, орон нутгийн нислэгийг сэргээх, Чингис хаан нисэх онгоцны буудлыг олон улсын агаарын тээврийн зангилаа төв болгох зорилт тусжээ.
Засгийн газраас 2023-2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, Welcome to Mongolia уриа дэвшүүлэн эрх зүйн орчныг бүрдүүлсэн юм. Агаарын тээврийг либералчилснаар 2022 онд 10 улсын 26 чиглэлд нислэг үйлддэг байсан бол 2023 онд 42 улсын 155 цэгт, 2024 онд 52 улсын 379 чиглэлд нислэг үйлдэх боломж бүрдүүлжээ. 2025 оны зуны улиралд үйлдэх олон улсын нислэг 2019 онтой харьцуулахад 100.9 хувиар, 2024 онтой харьцуулахад 8.9 хувиар өссөн байна. 2025 оны зуны улиралд шинээр Хо Ши Минь, Ордос болон Муан чиглэлүүдийн нислэг нэмэгджээ.
Засгийн газраас агаарын харилцааг өргөжүүлэх, нислэгийн чиглэл, давтамжийг богино хугацаанд эрчимтэй нэмэгдүүлэх бодлого баримтлан ажиллаж, 2021-2024 онд Катар, АНУ, Грек, Лаос, Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улс, Латви, Унгар, Узбекистан, Туркменистан зэрэг улстай агаарын харилцааны тухай хэлэлцээр амжилттай байгуулж, өнөөдрийн байдлаар нийт 46 улсын Засгийн газартай Агаарын харилцааны тухай хэлэлцээртэй, шууд нислэг үйлдэх эрх зүйн зохицуулалт бүрдүүлээд байгаа аж. Мөн өмнө байгуулсан Агаарын харилцааны тухай хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах яриа хэлэлцээг хийж, нислэгийн шинэ цэг, одоо байгаа нислэгийн багтаамж, давтамжийг нэмэгдүүлэх арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлж, 2024 онд Монгол Улс түүхэндээ анх удаа агаарын тээврээр 2.18 сая зорчигч тээвэрлэж, 10.4 мянган тонн ачаа тээвэрлэсэн юм. Энэ онд дээрх амжилт эвдэгдэх магадлал өндөр. Ийн хэлэх болсны учир гэвэл АНУ-аас Японы “Нарита”-гаар дамжин шууд нислэг үйлдэж эхэлсэн, мөн түүхэн аялал жуулчлалын бүс Хэнтий шинэ онгоцны буудалтай болж, байгалийн аялал жуулчлалын бүс Хөвсгөл аймгаас олон улсын нислэг үйлдэх боломж нээгдээд байгаа билээ.
Тавдугаар сарын 01. “Open Sky” хэлэлцээр хэрэгжиж эхэллээ
Энэ оны тавдугаар сар гарсаар агаарын тээврийн салбарт шинэ хуудас нээсэн үйл явдлууд боллоо. АНУ-ын агаарын тээврийн томоохон компаниудын нэг болох “United Airlines” 2025 оны тавдугаар сарын 1-нээс эхлэн Токиогийн “Нарита” нисэх буудлаар дамжин, АНУ-аас Монгол Улсын Улаанбаатар хот руу шууд нислэг үйлдэж эхэллээ. Энэхүү хуваарьт нислэг долоо хоногт гурван удаа “Boeing 737-800” агаарын хөлгөөр үйлдэгдэх бөгөөд нийт 166 суудалтай (16 бизнес, 150 эдийн засгийн зэрэглэлтэй) юм. Ингэснээр “United Airlines” нь Монгол Улс руу тогтмол нислэг үйлдэж эхэлсэн Америкийн анхны бөгөөд цорын ганц авиа компани болж байна.




Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 2023 оны наймдугаар сард АНУ-д хийсэн албан ёсны ажлын айлчлалын үеэр хоёр улсын Засгийн газар хооронд “Open sky” хэлэлцээр үзэглэсэн. Уг хэлэлцээр ийнхүү ажил хэрэг болов. “Open sky” хэлэлцээр бол цаашдын олон нислэгийн суурь эрх зүй болсон гэрээ юм. Ерөнхий сайдын айлчлалаар тохирсон бусад хамтын ажиллагааны хэрэгжилт, хоёр улсын худалдааны талаар энэ тавдугаар сар болон долдугаар сард хоёр тал дүгнэн ярилцах юм.
Хөвсгөлийн Мөрөнгөөс БНСУ руу шууд нислэг үйлдэнэ
БНСУ-ын Чонжү хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн сум чиглэлийн олон улсын анхны шууд нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхлэхээр болжээ. Энэ бол манай улсын аялал жуулчлалын салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулах нь нислэг. Хөвсгөлийн байгалийн сайханд нүд хужирлах солонгос жуулчид шууд Мөрөнд буух боломжтой болж байна. Тус нислэг Монгол Улсыг зорин ирэх жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, тэднийг богино хугацаанд зорьсон аяллын бүс нутагт нь хүргэх гол зорилготой. Мөн Хөвсгөл аймаг болон бүс нутгийн эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.

Төслийг хувийн хэвшлийнхэн буюу аялал жуулчлалын “Чандмань Трэйвел” ХХК болон Үндэсний агаарын тээвэрлэгч “Хүннү Эйр” ХХК хамтран хэрэгжүүлж байгаа нь аялал жуулчлал, агаарын тээврийн салбарт шинэ хуудас нээж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймагт болсон Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдааны үеэр “Хөвсгөл аймгийн Мөрөн нисэх буудлыг 4С буюу олон улсын зэрэглэлтэй болгоно” гэж мэдэгдсэн. Ийнхүү орон нутгийн нисэх буудлууд олон улсын нислэгтэй болж, аялал жуулчлал эрчтэй хөгжих боломж нээгдэж байна.
Хэнтий аймаг шинэ нисэх буудалтай болов
Хэнтий аймгийн “Өндөрхаан” нисэх буудлыг Улсын комисс албан ёсоор хүлээн авч, ашиглалтад оруулахаар болжээ. Тус буудал нь цагт 50 зорчигч хүлээн авах хүчин чадалтай бөгөөд Монгол Улсад иргэний нисэхийн салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой болон Хэнтий аймгийн түүхэн аялал жуулчлалын бүс болох стратегийн зорилтод чухал дэмжлэг үзүүлэх дэд бүтцийн шинэчлэл болж байна. Шинэ нисэх буудлын нээлт нь тус бүс нутгийн аюулгүй, түргэн шуурхай, ая тухтай тээврийн сүлжээ бий болгох, иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, аялал жуулчлалын хөгжилд түлхэц үзүүлэх чухал ач холбогдолтой юм.



