Monday, June 9, 2025

Шар хадны эмнэлэг буюу СЭМҮТ-д өрнөж буй асуудал

Date:

Сэтгэцийн эрүүл мэндийн төв сэтгэлгүй дарга нарын гарт хэр удаан тэсэх бол

Сахил хүртээгээд, сайдыг нь ч солиод сэхэл авахааргүй болсон салбарыг эрүүл мэндийнх гэхэд нэг их хол зөрөхгүй байх. Эргэх дөрвөн цагт сайд, эмнэлгийн дарга нар нь л солигдохоос биш шинэчлэл алга. Ер нь, сайд дарга нарын л шинэчлэл явагдсаар байна. Гэхдээ удирдах түвшний хүн ямар мэргэжилтэй, мэргэшсэн үү, үгүй юу гэдэг огт хамаагүй.

Жишээ нь, СЭМҮТ /Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв/-ийг нэрлэж болох юм. Энэхүү эмнэлгийн захирлаар томилогдсон хүн уушгины эмч. Гэхдээ бүр үзлэгийн эмч байсан аж. Гэтэл сонгуулийн үеэр сайдын арын албанд зүтгэснийхээ төлөө буюу сурталчилгааны багт ажилласныхаа шагналд Г.Анхболд СЭМҮТөвийн захиралд тодорхойлогдон, томилогдсон үүх түүхтэй юм байна. Уг нь, энэ хүнээс илүү эрдэм чадалтай нэгэн байгаа биз. Гэхдээ юманд учир суманд занги гэдэг. Ном журмаараа бол тус эмнэлгийг мэргэжлийн тэр дундаа мэргэшсэн эмч удирдах ёстой гэнэ. Гэтэл тус эмнэлгийн удирдагчийн суудал томчуулын бэлгэнд явчихлаа. Томилгоо зохион байгуулахдаа халаасаа ухаж байгаад л хэн гарч ирснийг тусгай өрөөнд, ширээний ард, тамга атгуулаад шомбойлгочихдог юм уу даа гэж бодохоор.

Яагаад гэвэл сэтгэцийн тодотголтой ганц эмнэлгийг хэнд хамаагүй найр тавиад өгөх нь ёс зүй цаашлаад хариуцлага талдаа халтай. Мэргэжлийн бус хүн ямар шийдвэр гаргах нь ойлгомжгүй. Ядаж л дотооддоо хэрхэн хяналт тавьж чадах бол гэдэг нь анхаарал татна. Газрын мухар, хотын захад оршдог уг эмнэлэг нэг их хүний анхаарал татдаггүй. Байдаг үгүйг нь ч сонирхох нэгэн ховор. Тиймээс ч хэл ам хэрүүл шуугианд автаад байдаггүй. Шар хадны галзуугийн эмнэлэг гэж тодорхойлохоос илүүг мэдэх хүн тун бага. Тэгвэл тус газарт бугшсан, сандал суудалтай холбоотой бурууг нийгэмд задлахаас өөр гарц алга.

Ховор хүмүүс буюу “Сайд ирлээ, Дүүриймаа”

Хошин сэтгэлгээгээр нийгмийн гажуудал, сэтгэцийн өвчнийг илэрхийлсэн “Ховор хүмүүс” гэж кино бий. Үйл явдлыг товчилбол, соц нийгмийн үед урагшгүй ажилтайн балгаар нэрлэх нэг ч аварга малчингүй нэгдлийн дарга бусдад шүүмжлүүлсэндээ хорсож, аваргатай болох хүсэл нь толгойн өвчин болж, бараг эмгэг дон шүгэлж буйг өгүүлнэ. Үүнээс улбаатайгаар бужигнуулж эхэлнэ дээ. Дүүриймаа нэртэй сайхан бүсгүйгээр нүүр тахалж, цай цүү, бэлдүүлнэ. Нэг ёсны байгууллагын гангараа, одоогийнхоор бол Пиар нь юм уу даа.

Энэ кинонд гарах үйл явдал СЭМҮТөвд өрнөв. Дүүриймаагаа бэлдэж салбарын сайдаа хүлээн авсан байна. Ёстой ховорхон зочилдог эрхэм учраас нарийн нягт төлөвлөн ёслол хүндэтгэлтэйгээр хүлээн авчээ. Эрхэм хүнийг ирэхээс өмнө тусгайлан нэг өрөөг тохижуулж засварлан, эмнэлгийнхээ аль өнгөтэй өөдтэй гэсэн ширээ сандал, тоноглолуудаар гоёсон байна. Кинонд гардаг шиг сайд ирэх сургаар  “Шинэ халатаа өмсөөрэй, Ширээний бүтээлгээ дэлгээрэй” гээд нүд хуурах өнгөлөн далдлалт хийсэн хэрэг. Мэдээж хэрэг нүүр царай болох Дүүриймаагаа ч бэлдсэн байгаа юм. Гэхдээ эрхэм сайд тоо боддог хэдэн ажилтан, толгойлж суугаа Г.Анхболдын хэдэн хүнтэй уулзаад гарсан нь эмч, сувилагчдад тиймхэн сэтгэгдэл төрүүлжээ. Ажил, эмчилгээний явц, шаардлагатай зүйл юу байна, нийгмийн асуудал зэрэг нь сайдад хамаагүй байсан бололтой. Ийнхүү сайдыг явсны дараа энд тэндээс цуглуулж нүд хуурсан тавилгуудаа зөөж эздийнх нь өрөөнд шилжүүлсэн аж. Өөрөөр хэлбэл, “Шинэ халатаа тайлцгаа, ширээний бүтээлгээ хураацгаагаарай” гэсэн үг юм.

Сайдыг ирэхэд гял цал болгоод буцаагаад байр байрандаа болох нь тэр. Нүд хуурсан энэ мэт үзэгдэл нэгэн эмнэлэгээр зогсохгүй биз. Гэхдээ төр, улсдаа ганц сэтгэцийн эмнэлэгт сэтгэлгүй дарга очсон бололтой. Хүрээллээ бий болгохын төлөө мэргэжлийн бус эмч нарыг урин залж байгаа нь ч дуулдав. Хотын захад орших Шар хадны гэх тодотголтой Сэтгэцийн эрүүл мэндийн эмнэлэг сэтгэлгүй даргын гарт хэр удаан тэсэх бол.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгуульд 121 нэр дэвшигч өрсөлдөнө

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны...

Нөхөн сонгуулийн саналын хуудасны загварыг баталжээ

Сонгуулийн ерөнхий хорооны 2025 оны 6 дугаар сарын 7-ны...

BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулна

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн...

ИТХ-ын нөхөн сонгууль зургадугаар сарын 22-нд болно

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2025 оны нөхөн сонгууль...