Туулын хурдны замын бүтээн байгуулалт хурдан дээрээ тавигджээ. Ерөнхий сайд ням гарагт Туулын хурдны замын трассын гүүрэн туннельтэй огтолцох цэгтэй танилцаж, уг хурдны замын бүтээн байгуулалтыг идэвхжүүлэх чиглэл өгчээ. Туулын хурдны замын тендерийг энэ сард зарлана. Бүтээн байгуулалт нь дөрөвдүгээр сард эхэлнэ. Хоёр жилийн дотор барьж байгуулна. Энхтайваны өргөн чөлөө, Богд уулын арын замаас өөр Улаанбаатар хотын баруун, зүүн захыг холбосон хэвтээ тэнхлэгийн замгүй Улаанбаатар хотын хувьд Туулын хурдны зам хөдөлгөөний ачааллыг бууруулах том ач холбогдолтой. Хотын түгжрэлийг бууруулах, цаашилбал 20 минутын хотын концепцыг хөрсөнд нь буулгах гол ажлын нэг ийнхүү оны эхэнд гараанаас гарч байна.
Энэхүү Туулын хурдны замтай огтлолцсон босоо тэнхлэгийн замыг мөн барина. Богд уулыг нүхэлж Улаанбаатарын төвийг Хөшигтийн хөндийн олон улсын нисэх буудалтай холбоно. Энэ мэт мега төслүүд Улаанбаатарт хэрэгжинэ. 2025 оныг Засгийн газраас Нийслэл Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарласан учраас зам, гүүрийн бүтээн байгуулалтууд олноор хийгдэх ажээ. Дэд бүтцийг нь хөгжүүлснээр нийслэл хотын түгжрэл, утаа зэрэг тулгамдсан асуудал, бэрхшээлийг арилгана. Дэд бүтцийн бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийх нь хамгийн оновчтой.
Үүнтэй зэрэгцээд удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах, бодлого боловсруулах чиглэлд ч анхаарч байгаа ажээ. Хамтарсан Засгийн газар байгуулагдмагцаа өнгөрсөн оны долдугаар сард “20 минутын хот” Үндэсний хороог байгуулсан. Уг хорооны дарга нь Засгийн газрын гишүүн, сайдын эрх мэдэлтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа. Тус хороо Улаанбаатар-2040 хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг боловсруулах батлуулахад бэлэн болоод буй.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газар 2025 онд бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлан Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад анхаарал хандуулан ажиллана. Нийслэлчүүд бид хамтдаа Улаанбаатар хотынхоо бүтээн байгуулалтыг дэмжиж ажиллахыг уриалж байна. Бид Улаанбаатар хотын тулгамдсан асуудал агаарын бохирдол, эрчим хүч, түгжрэлийг шийдэхэд ажлуудыг хурдацтай хэрэгжүүлнэ. Эрх зүйн орчныг бүрдүүлэхэд мөн тусгайлан хуулиуд батлахаар төлөвлөж байна” гэж мэдэгджээ.
Ташрамд тодруулахад, “20 минутын хот” хөтөлбөрийн үндсэн бодлого агаарын бохирдол, авто замын түгжрэлийг бууруулахад чиглэж буй бөгөөд Улаанбаатар “20 минутын хот” үзэл баримтлалын дагуу иргэд өөрийн оршин суух газраасаа 20 минутын зайд нийгмийн суурь үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх юм. Хөтөлбөрийн төсөл нь агуулгын хувьд таван бодлого, 25 зорилго, 220 зорилт, хүрэх үр дүнг тодорхойлсон байна. Тухайлбал, нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай, нийгэм эдийн засгийн үр өгөөжтэй томоохон 12 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үүнд,
-Толгойтоос Амгалан хүртэл Энхтайваны өргөн чөлөөний дагуу 17.7 км урт их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро” төслийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ. Метроны зорчилт хөдөлгөөн 25-35 метрийн гүнд хийгдэнэ
-Яармагаас Хархорин хүртэл Туул гол дээгүүр 4.2 км урт “Агаарын дүүжин замын тээвэр” төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлнэ.
-“Шинэ тойрог зам”, “Туулын хурдны авто зам” барих төслүүдийг эхлүүлнэ.
Ирэх дөрвөн жилд BRT буюу тусгай замын автобусны хоёр шугамыг хийж гүйцэтгэнэ. Үүний нэг шугам нь Буянт-Ухаа орчмоос Яармагийн замаар яваад гүүрээр гараад 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс буцаж эргээд явдаг байхаар төлөвлөлт хийгдсэн.
-Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдэд төрийн болон нийгмийн бүх үйлчилгээг хүртээмжтэй авах боломжтой нэгдсэн төлөвлөлттэй 20 мянган өрхийн цогцолбор хорооллыг байгуулна.
-Дулааны II, III цахилгааны станцыг өргөтгөн шинэчлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж, эх үүсвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлнэ.
-Цахилгаан эрчим хүчний эх үүсвэр Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг 600 МВт болгон өргөтгөнө.
-Багануур дүүрэгт 50 МВт буюу 200 МВт/цаг батарей хуримтлуурын станц барих бүтээн байгуулалтын ажлыг дуусгана.
-Лаг хатаах, шатаах байгууламжийг ашиглалтад оруулна.
-Хог шатаах 20 МВт хүчин чадал бүхий цахилгаан үйлдвэрлэх эрчим хүчний үйлдвэр барих бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ гэв.