Saturday, December 28, 2024

Гуравдагч талын оролцоогүйгээр, гурван асуудлыг цогцоор нь шийднэ

Date:

Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төслийнхөө эхний хоёрыг нь хөдөлгөхөд бэлэн болжээ. Уг төслүүдэд хөрөнгө оруулалтын болон бүтээн байгуулалтын гэрээ байгуулах асуудлаар чиглэл, эрх авахаар УИХ-д асуудлаа тогтоолын төсөл хэлбэрээр өргөн барив. Мега төслүүдийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замыг холбох бүтээн байгуулалтын төслийг эхлээд танилцуулъя.

Төслийн үр ашиг. Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр зам ашиглалтад орсноор боомтын  хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, одоо байгаа жилийн 85 сая тонн нүүрсний экспорт дунджаар 165 сая тоннд хүрэх дэд бүтцийн хүчин чадалтай болно. Энэ төсөл хэрэгжсэнээр Замын-Үүд-Эрээн хилийн боомт төмөр замаар холбогдсоноос хойш 70 орчим жилийн дараа өмнөд хөрштэй төмөр замаар холбогдох хилийн хоёр дахь боомт ашиглалтад орох бөгөөд Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүн хатавч, Ханги-Мандалын боомтууд холбогдож, эрчим хүчний экспорт, нүүрс гүн боловсруулах үйлдвэрийн ажил эхлэх зэрэг боломж бүрдэж дотоодын нийт бүтээгдэхүүнийг 2028 онд 132.3 их наяд төгрөгт, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 10.0 мянган ам.долларт хүргэх Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлэхэд үндсэн шийдэл болох болно.
Гараандаа гацсан шалтгаанууд. Цаг хугацааны цаглабарын хувьд энэхүү төсөл 2003 оноос эхлэн харилцан санал солилцож, 2008 оноос албан ёсоор яригдаж, өнгөрсөн 16-20 жилийн хугацаанд нийт 60 гаруй удаагийн яриа хэлэлцээ хийгдэж, Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалттай холбоотойгоор Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хоёр зөвлөмж, Улсын Их Хурлын таван тогтоол, Засгийн газрын 45 тогтоол гарч, төмөр зам барих тусгай зөвшөөрлийг таван удаа олгож, дөрвөн удаа цуцалсан байна. Товчхондоо бол эдгээр хэлэлцээр хоёр улсын Засгийн газрын хооронд хийгдэх хэлэлцээрт гуравдагч этгээдийг оруулах, Эрдэнэс Тавантолгойн тусгай зөвшөөрлийг шилжүүлэх, хувь эзэмших, Тавантолгойн орд болон төмөр замын эзэмшил 49:17:17:17 байх зэрэг асуудлыг оруулснаас шалтгаалж, улс төрийн үндсэн гацаа үүсэж байжээ.
Мөн төмөр зам тавигдах нь жижиглэнгээр нүүрсний худалдаа хийдэг зарим компани, Тавантолгойн өрсөлдөгч аж ахуйн нэгжүүдийн эрх ашигт нөлөөлнө гэж үзсэнээр улс төрд томоохон хэмжээний эсрэг блок үүсгэж, улстөрчид болон олон нийтийн нөлөөлөгчдөд эдийн засгийн хувьд нөлөөлсөөр ирсэн нь нууц биш юм гэдгийг өчигдөр Ерөнхий сайд чуулганы танхимд хэлсэн үгэндээ онцоллоо. Энэ нь Оюутолгойн 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдэх, Эрдэнэтийн 49 хувийн санхүүгийн схемийг ил болгох, Хөгжлийн банкны чанаргүй зээлийг зарлах асуудал УИХ-д танилцуулагдахын өмнө болж байсан үйл явдлууд Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтын хэлэлцээрийн үед сценарийн дагуу тавигдаж байгааг Засгийн газрын тэргүүн хэлээ болов уу.   
Алдагдсан боломж. 2014 оны наймдугаар сарын 21-нд хоёр улсын төрийн тэргүүнийг байлцуулан зурагдсан Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын санхүүжилтийн гэрээнд үндэслэн Хятадын Ганцмод хилийн боомт талын бүтээн байгуулалт 2015 оны нэгдүгээр сард ашиглалтад орж, харин манай улсын Гашуунсухайт талын бүтээн байгуулалт гацсанаас шалтгаалж, эдийн засгийн алдагдал, алдагдсан боломжийн өртөг болон бусад хилийн боомт холбогдохгүй байх харилцааны асуудал үүссэн байна.
Гэрээнд баримтлах 11 зарчим. Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан тогтоолын төсөлд дараах заалтууд тусжээ.   
            1/ Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд төрийн дээд, өндөр түвшинд тохирсон иж бүрэн хамтын ажиллагааны хүрээнд аливаа гуравдагч талын оролцоогүйгээр хэрэгжүүлэх;
             2/ Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтын эдийн засгийн үр ашгийг хангах зорилгоор төмөр замын бүтээн байгуулалт, нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээг байгуулах, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гурван асуудлыг харилцан уялдаатай цогц байдлаар хамтад нь шийдвэрлэх;
             3/ Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтын хүрээнд уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа, эзэмшиж байгаа ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг бусад этгээдэд шилжүүлэхгүй байх;
             4/ Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр замын тээврийн багтаамж, эдийн засгийн үр өгөөжийг хангах зорилгоор нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээний үнийг тогтоохдоо “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн урт хугацаатай байгуулсан гэрээний нөхцөл, үнийн аргачлалыг жишиг болгож, гэрээний хугацааг хэлэлцээ хийж эхэлсэн хугацаатай уялдуулан 16 хүртэл жилээр тогтоох;
             5/ Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр замын тээврийн хүчин чадал, эдийн засгийн үр өгөөжийг хангах зорилгоор нүүрс худалдах, худалдан авах гэрээний дагуу нийлүүлэх нүүрсний хэмжээг 2025-2029 онд нийт 27 сая тонн, 2030 оноос эхлэн жилд 20 сая тонноос бууруулахгүй байх;
             6/ Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг байгуулахад өргөн, нарийн царигийн аливаа маргаан дахин үүсэхгүйг бататгах буюу Монголын тал өргөн, Хятадын нарийн царигаар баригдаж, зөвхөн хил холболтын зорилгоор цариг зөрөх;
             7/ Хилийн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтад “Нэг зураг төсөлтэй, нэг гүйцэтгэгчтэй, бүтээн байгуулалтыг зэрэг эхлүүлж, зэрэг дуусгах” зарчим баримтлах;
             8/ Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам барих, түүнийг холбох бүтээн байгуулалтын төслийн ажлыг Хятадын талын сонгон шалгаруулсан аж ахуйн нэгжээр төмөр зам, түүнийг холбох барилга байгууламжийг гүйцэтгүүлэн хамтран ажиллах, бүтээн байгуулалтад үндэсний компаниудаа оролцуулах боломжийг хангах;
             9/ Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хил доторх Ганцмод боомт хүртэл баригдсан төмөр замын бүтээн байгуулалттай холбогдуулж өнгөрсөн хугацаанд Хятадын талд гарсан аливаа алдагдал, хохирол болон төмөр замын хил холболтод шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг ирээдүйд нэхэмжлүүлэхгүй байх;
             10/ Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлснээр Монгол, Хятадын хилийн Шивээхүрэн-Сэхэ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч зэрэг боомтыг төмөр замаар холбох ажлыг үе шаттай эхлүүлэх тохиролцоонд хүрэх;
             11/ Сэргээгдэх эрчим хүчний экспорт, эрчим хүчний нүүрс экспортлох, нүүрсийг гүн боловсруулах аж үйлдвэржилт, говийг усжуулах, шар шороон шуурга, цөлжилттэй тэмцэх, хил холболт болон дэд бүтцийн бүтээн байгуулалт, орон сууцжуулалтын асуудал зэрэг нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг харилцан ашигтай, хувилбарт шийдэл бүхий холбогдох гэрээг 16 жилийн хугацаатай байгуулж хамтран ажиллах зэрэг болно.
 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Утааны асуудлаарх ерөнхий хяналтын сонсгол 2025 оны хоёрдугаар сарын 03,04-нд болно

Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж...

Эв нэгдэл, тусгаар тогтнолын утга учрыг дээдэлсэн уриалга гаргалаа

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн ХМОНХА-ны тэргүүлэгч...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар мега төслүүдийн эхэнд эрэмбэлэгдсэн төслүүдээ өргөн барьж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганд үг хэллээ....