Эхлээд хэдүүлээ нэг албан мэдээг анхааралтай уншицгаая.
…Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 29-нд болж, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Монгол Улсын 2025 оны Улсын төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн дагалдах бусад хуулиудад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Улсын Их Хурал хэлэлцээд тус хуулиудыг хүчингүй болгохоор 2024 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар шийдвэрлэсэн.
Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Төсвийн тухай хуульд энэ тохиолдолд улсын төсвийн тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэрхэн өргөн мэдүүлэх талаар зохицуулалт байдаггүй. Төсвийн тухай хуульд заасан цаглабарын дагуу Засгийн газар есдүгээр сарын 1-ний дотор дараа оны улсын төсөв, холбогдох бусад хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр зохицуулсан. 2025 оны улсын төсөв, холбогдох бусад хуулиудын төслийг 2024 онд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлж хэлэлцүүлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ…
Энэ бол УИХ-аас арваннэгдүгээр сарын 29-нд “2025 оны төсөвт Ерөнхийлөгчийн бүхэлд нь тавьсан хоригийг УИХ хүлээн авч хүчингүй болсонтой холбогдуулан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг 2024 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн дотор УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгах” тогтоолыг гаргасантай холбогдуулан мөн өдөр хуралдсан Засгийн газрын хуралдааны шийдвэрийн тухай мэдээ.
УИХ-аас баталсан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан үндэслэлээ “УИХ төсвийн тухай хуулийг батлахдаа уг хууль нь хүчин төгөлдөр болж, хэрэгжиж эхлээгүй байхад тодотгол хийх тухай тогтоол баталсан нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалтыг зөрчих нөхцөл үүссэн” гэж тайлбарлажээ.
УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваад, баталсан хуулиа засахаар болов. Шаварт унасан шарын эзэн хүчтэй гэгч болсон хэрэг. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах бол тухайн шийдвэрийн төслийг холбогдох Байнгын хороо боловсруулж нэгдсэн хуралдаанд оруулах бөгөөд уг төслийн талаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагаас санал авахыг шаардахгүй гэж УИХ-ын дэгийн тухай хуульд заасан байдаг. Тиймээс 126 гишүүнтэй парламент баталсан хуулиа засах ажилд ханцуй шамлан орох учиртай, уг нь. УИХ харин Засгийн газар руу асуудлыг түлхээд ямар хариу авсныг бичвэрийн эхэнд албан мэдээгээр нь эш татсан.
Монголын парламент яг одоо ийнхүү мухар замд тулчихаад байна. Энэ мухардал руу түлхсэн, чирсэн, тулгасан хэргийн эзэд нь улстөрчид, УИХ-ын гишүүд өөрсдөө. Улсын төсвийг, төсвийн хэлэлцүүлгийг улстөрчдийн тулааны зэвсэг болгосноороо парламентыг муу жишиг, буруу соёл, хандлага руу түлхэж байна. Жоомоо алах гээд байшингаа нураав гэдэг улигт үлгэр дахиад л давтагдлаа.
Мухардсан парламентыг мухар гудамжинд нь орхиод өөр нэг мухар замын тухай өгүүлэхэд манай улс экспортын хоёр дахь төмөр замын гарцтай болох тухай 16 жилийн турш ярьж байгаа. Улстөржилтөөс болж 14 жил гацсан Гашуунсухайтын төмөр замыг хоёр жилийн өмнө барьж ашиглалтад оруулсан. Гэхдээ энэ төмөр зам одоохондоо мухар хэвээр байгаа. Учир нь хил холболтын буюу боомтын төмөр замыг бариагүй. Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр замыг барих талаар өмнөд хөрштэй сүүлийн жилүүдэд олон удаагийн яриа хэлэлцээр хийж, шат шатаар нааштай шийдвэрүүд гарсаар ирсэн. Тус боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг өнгөрсөн дөрөвдүгээр сард байгуулж, уг хэлэлцээр яг сарын өмнө Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр хүчин төгөлдөр болсон. Үүнтэй зэрэгцэн УИХ дээр төсвийн сүүлчийн хэлэлцүүлгийн өмнөхөн Г.Тэмүүлэн, Д.Энхтүвшин, Б.Түвшин, Ж.Баярмаа нарын гишүүд бойкот зарлаж, бослого гаргахаа шахсан нь мухар төмөр зам мухардлаас гарсан мэдээтэй “санамсаргүй” давхацсан юм.
Энэ удаа Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр замын асуудлаар хоёр улсын Засгийн газар дундын ямар нэгэн зуучлагч компани, аж ахуйн нэгжгүйгээр шууд хэлэлцээний ширээний ард сууж асуудалд цэг хатгасан нь зарим хүний дургүйг хүргэжээ. Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, Тавантолгойн ордыг ашиглах Монгол, Хятадын хэлэлцээрийн зуучлагч компанийг удирдаж явсан Д.Энхтүвшин гишүүн ар хударгаар болсон ордны бослогыг толгойлсон нь учрыг нь олж ядах юмгүй учиг билээ. Мухар төмөр зам гацаанаас гарч, харин парламент мухардалд орсны цаана ийм улс төр явжээ. Эцэст нь өөдөө хаясан чулуу нь өөрсдийнх нь толгой дээр буужээ. Гашуунсухайтын мухар зам яах вэ, гацаанаас гарчихсан. Гашуун ба мухар парламентаа одоо яах вэ?